Хүүхэд харах үйлчилгээний шаадлагыг хангаж байгаа эсэхийг хянах ажлын хэсгийг байгуулав

🕔 2016/03/22 09:13

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал захирамж гаргаж хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн иргэдийн үйл ажиллагаа явуулах байр нь Монгол Улсын хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаадлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулав.

Ажлын хэсэгт аймгийн ХГБХХ, МХГ, ОБГ, ЭМГ болон тухайн ажлын байрны харьяа нутаг дэвсгэрийн багийн Засаг дарга, Нийгмийн ажилтнууд болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй эцэг эхийн төлөөлөл багтсан байна. Уг ажлын хэсгийн гишүүд Дархан суманд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргасан иргэдэд мэдээлэл хийж улмаар хэрхэн дүрэм журмыг биелүүлж стандарт шаардлагыг мөрдөж ажиллах тухай зөвлөгөө өглөө. Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Хүн ам, Нийгмийн Хамгааллын яамнаас тус аймагт хүүхэд харах үйлчилгээнд нийт 272 хүүхдийг хамруулна гэсэн квотыг өгсөн. Харин одоогийн байдлаар аймгийн хэмжээнд энэ үйлчилгээг эрхлэхээр нийт 46 иргэн хүсэлт гаргаж сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан тэд нийт 215 хүүхдэд уг үйлчилгээг үзүүлэх юм.

Аймгийн хүн амын дийлэнх хувь нь оршин суудаг Дархан сумын тухайд гэхэд 2-5 насны 7600 гаруй хүүхэд байдгийн 6400 гаруй нь одоогоор сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа бол үлдсэн 1200 орчим 2-5 насны хүүхэд гэртээ үлдэж байгаа. Харин хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж улмаар хүсэлт гаргасан иргэд ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан нөхцөлд нийт 215 хүүхэд энэ үйлчилгээг хүртэх боломж бүрдэх гэнэ.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох