Улаанбаатарыг хэрсэн цахилгаан “тор”-ны аюул

🕔 2020/08/11 14:21
Цуваа гэрлийн шонгийн монтажны таг онгойсон, алга болсон үед үерийн ус хальж орвол эрсдэл үүснэ. Мөн гэр хорооллын айлууд цахилгаанаа нэгнээсээ дамжуулж авдаг. Ингэхдээ шаардлага хангахгүй буюу хоёр өөр утсыг дур мэдэн холбох зөрчил цөөнгүй гардаг байна. Үүнээс үүдэн бороо орсны дараа цахилгааны утасны залгаас дээр гишгэсэн хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай тохиолдол 2017 онд  гарсан. Иймд бид ил задгай, зориулалтын бусаар ашиглаж буй цахилгааны утас, тогны аюулын талаар сурвалжиллаа.  
Хүн ам хэт бөөгнөрсөн Улаанбаатар хотын гэр хорооллын зарим гудамж сумын төвөөс ч хөгжил муутай харагдана. Сүхбаатар дүүргийн IX хороо буюу Ногоон нуур орчимд гэр хороолол, орон сууц зэрэгцэнэ. Хотын төвтэй харьцуулахад гэр хорооллын гэрлийн шонд ил өлгөсөн кабелийн утас үзэгдэхгүй ч гэрлийн модон шонгийн нас өвгөрсөн нь илт. Холтос нь наранд хатаж, салхинд хийсч зүлгэсэн юм шиг их бие нь үнсэн саарал болсон “өвгөн” шонгуудын хэд хэд нь “таяг” тулж, хэзээ мөдгүй элгээрээ хэвтэх дөхжээ. Эрчим хүчний тухай хуульд “Тухайн эзэмшигч өөрийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангана” гэж заасан тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний байцаагч Б.Найрамдал, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун нар хэлж байлаа. 
Тиймээс хэрэглэгч буюу аж ахуйн нэгж, иргэн, улсын байгууллагууд мэргэжлийн байгууллагаар цахилгаан, эрчим хүчний сүлжээнд гарсан гэмтэлээ засуулж, төлбөрөө төлөх хэрэгтэй. Үүнийг шийдвэрлэх мэргэжлийн байгууллага бол УБЦТС компани болон бусад цахилгаан эрчим хүчээр хангах, түгээх аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн хяналтын газар болно. 
Цахилгаан, эрчим хүчтэй холбоотой гэмтлээ хэрхэн засварлаж, аюулгүй байдлаа хэрхэн хангадаг талаар Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн Д.Бат-Эрдэнээс тодруулахад “Цахилгааны утас ямар нэг байдлаар гэмтвэл “Зүүн түгээх төв”-ийн мэргэжилтнийг дууддаг. Бороо орох бүрт гэрлийн утасныхаа аюулгүй байдлыг шалгадаг. Тэгэхгүй бол гэрлийн утас маань хоёр хэсэг залгаатай. Манайх арван хэдэн жилийн өмнө л гэрлийн утсаа бүрэн солиулж байсан. Гэрлийн шонгоос авсан цахилгааны утас хашаан доогуур орсон. Газрын хөрснөөс нэг метрийн гүнд байдаг” гэлээ. Харин иргэн Н.Базараа “Ямар гэмтэл гарахаас шалтгаалж өөрөө эсвэл мэргэжлийн байгууллага дуудаж засуулдаг. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө цахилгааны утсаа солиулсан.
Манай гэрлийн утас агаараар гүйдэг. Мэргэжлийн байгууллагаас ирж хяналт, шалгалт хийдэггүй. Тэгээд ч дуудлага өгөхөөр маргааш орой нь ирдэг” гэв. Тэгвэл, УБЦТС компанид техникийн үйлчилгээ авах өргөдөл, гомдол хэр их ирдэг талаар  УБЦТС ТӨХК-ийн  мэргэжилтнээс тодруулахад “УБЦТС ТӨХК нь орон сууцны хэрэглэгчдэд бол байрны ерөнхий щит, гэр хороололд хэрэглэгчийн тоолуур хүртэлх шугам сүлжээг хариуцан ажилладаг. ОСНААУГ нь дундын эзэмшлийн болон айл доторх үйлчилгээг хариуцан гүйцэтгэдэг. Гэр хороололлын хэрэглэгчид тоолуураас гарсан оруулгын утас болон гэр доторх монтажны утсыг хэрэглэгч өөрөө хариуцаж, мэргэжлийн байгууллагуудаар засвар үйлчилгээгээ хийлгэдэг” гэлээ.  

УЛААНБААТАРЫН АЮУЛ БА ХЭРЭГЖДЭГГҮЙ ХУУЛЬ

Сүхбаатар дүүргийн X дугаар хороо “Жоби” барилгын материалын дэлгүүрийн орчим, VII хороо буюу XI хорооллын хавьцаа, VIII хороо буюу “Ардын эрх” сонины буудал гээд Их тойруугийн зам дагуу гэрлийн шонд өлгөсөн кабелийн утас аюултай чиг, үзэмжгүй чиг орооцолдоно. Ялангуяа газар доогуурх цахилгааны сүлжээгээр хүчдэл гүйдэг, гэрлийн шонгийн монтажны таг унаж, утаснууд ил харагдах нь эрсдэлтэй. Гэрлийн шонгийн зарим утас хүний гар хүрэхээр унжсан нь ч харагдана. Мөн орон сууцны нэг давхарт үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн рекламны самбар, гадна камер, гэрэлтүүлэг, цахилгаан, кабелийн өнгө өнгийн, нарийн бүдүүн утаснууд эмх замбараагүй орооцолдоно. Зарим нь илүүдсэн утсаараа цонхныхоо төмөр хаалтыг ороосон байв.
Цахилгааны утас шалбарах төдийд цонхны төмөр хаалт цахилгаан дамжуулагч болж хувирна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Ж.Хүдэрчулуун “2017 онд Сүхбаатар дүүргийн XI хороонд бага насны хүүхэд тогонд цохиулж нас барсан.  Тодруулбал, эмийн сангийн хаяг бүхий самбарын цахилгаан монтажны утас хаалгаа ороосон байснаас хүүхэд барьж, 220 вольтын хүчдэлд цохиулж, амиа алдсан. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгжийн цахилгааны монтажийг засуулах үүрэг өгсөн. Манайхан цагдаа нартай хамтарч цахилгааны утасны шалбархайг бууруулсан. Гэтэл Монголын хууль гурав хоногтоо гэдэг шиг эргээд хуучин хэвэндээ орчихлоо. Одоог хүртэл аж ахуйн нэгж, байгууллагын рекламын самбарны цахилгаан утас ил байдаг зөрчил арилаагүй байна.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс сэрэмжлүүлэг өгч, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөдөг. Дүүрэг хариуцсан гал түймрийн байцаагчид мөн ялгаагүй үүнийг шалгадаг. Цахилгааны ил монтажийг буюу холбоо, кабелийн утаснуудыг цэгцлэх хэрэгтэй. Тухайлбал, Галын аюулгүй байдлын тухай болон Эрчим хүчний тухай хуульд “Хаяг реклам, гадна камерын утас хүний нүдэнд харагдахгүй, орооцолдохгүй, цэвэрхэн байх ёстой”-г заасан байдаг. Эдгээр утас шалбарсан, эсвэл хоорондоо холбогдсон бол аянга дамжуулна. Тиймээс цахилгааны утасны хамгаалалтын бүрээс битүү байх ёстой” гэдгийг хэллээ. Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний улсын байцаагч Б.Найрамдал “Гэрэлтүүлгийн дээр өлгөж, ороосон утаснууд бүгд холбооных буюу кабелийн утас.
Үүнийг хүмүүс цахилгааны утас гэж андуурдаг. Шилэн кабелийн утсыг гэрэлтүүлгийн дээгүүр татдаг. Энэ нь хотын газар доогуур шугам сүлжээний сувагчлал байдаггүйтэй холбоотой. Мөн шилэн кабель хариуцагч аж  ахуйн нэгжүүд ашиглахгүй кабелиудаа авдаггүй. Том хотууд доогуураа сувагчлалтай учраас хүний нүдэнд харагддаггүй. Эдгээр утас ил харагдах ёсгүй. Холбооны утас хүчдэл дамжуулдаг цахилгааны утастай харьцуулахад эрсдэл бага. Гэхдээ гэрэлтүүлгийн шонд даац өгч, хазайлгадаг. Энэ жил нийслэлийн гэрэлтүүлгийн журам шинээр батлагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо л гэрэлтүүлгийн стандарттай болж байна” гэв.

НҮДЭНД ХАРАГДАХГҮЙ АЮУЛ

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар шорооны ажил хийж байхдаа улсын болоод бусад хэрэглэгчийн шугам, каблийг гэмтээх нь ихэсжээ. Улмаар хүний амь эрсдэх тохиолдол ч цөөнгүй гарсан байна. Иргэд хашааных нь аль хэсгээр, хэр гүнд цахилгааны утас гүйж байгааг тэр бүр мэддэггүй. Тухайлбал, газар ухаж байхад нь цахилгааны утас таарч, лоом нь цахилгаан дамжуулснаар тогонд цохиулж нас барсан гашуун түүх бий. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар 04 буюу 3х80-ын кабелийг 70 сантиметрийн гүнд, технологийн горимын дагуу батлагдсан зураг төслөөр хийдэг аж. Стандартын дагуу доор нь зөөлөн элс дэвсэж, механик гэмтлээс хамгаалах зорилгоор дээгүүр нь тоосго дэвсдэг байна. Гэвч газар хөлдөж, гэсэхээс шалтгаалан хуучны барилгуудын кабель дээшилдэг аж. Үүнийг мэргэжлийн байгууллагаар чагнуулж, нийслэлийн мэдээллийн санд заавал оруулах хэрэгтэй гэнэ. Энэ тухай хамгаалах дүрэмд “Газар шорооны ажил хийхдээ газар доогуур инжинерийн шугам сүлжээ явж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар чагнуулах” хэмээн заажээ.

ГАЛ ТҮЙМРИЙН ШАЛТГААНЫ 50 ХУВЬ ЦАХИЛГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГААГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ

Улаанбаатар хотын хэмжээнд гарсан нийт гал түймрийн шалтгааны 50-55 хувь нь цахилгааны аюулгүй байдлаа бүрэн хангаагүйгээс үүсдэг байна. Тухайлбал, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн сургагч багш, ахлах дэслэгч Б.Солонго “Сүхбаатар дүүрэгт 2019 оны хоёрдугаар сарын 18-наас арванхоёрдугаар сарын 11-ний хооронд 378 гал гарсан. Үүнээс гэр хорооллын 18, 19, 20 дугаар хорооны 70-80 хувь нь цахилгааны утаснаас үүдэлтэй гал алдсан. Харин 11-17 дугаар хороонд гарсан гал түймрийн 20 хувь нь цахилгаантай холбоотой” хэмээв.
Гал түймрийн улсын байцаагч Ж.Хүдэрчулуун “Гэр хорооллын айлуудын цахилгааны аюулгүй байдал маш муу. Мөн эмзэг бүлгийн айл өрхүүд цахилгааны утсаа солих мөнгөгүйгээс галд өртөх нь элбэг. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн XVI хорооны хэсгийн ахлагчтай хамтран, хэд хэдэн айлын цахилгааны аюулгүй байдлыг шалгахад цахилгааны утасаа ойр ойрхон холбочихсон, солиулах мөнгөгүй өрх олон байсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн судалгаагаар 50-60 сая төгрөгөөр эмзэг бүлгийн 300 орчим айлын цахилгааны утсыг солих боломжтой гэж тооцоолсон” гэв. 

ЭНЭ САЛБАРТ АЖЛЫН БАЙР ХОМС БАЙНА

Цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөний дагуу хянаж, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийнхэн болон УБЦТС компани шалгалт хийдэг аж. Хэдийгээр төрийн байгууллагууд элбэж дэлбэн ажиллаж буй ч бүх хэрэглэгчдийг хянахад албан хаагчид хүрэлцдэггүй гэнэ. “Сүхбаатар дүүргийн хэмжээнд 20 мянга гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс 15 мянга гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Есөн дүүргийн хэмжээнд нэг гал түймрийн байцаагч жилд 480 аж ахуй нэгжид хяналт, шалгалт хийдэг. Өөрөөр хэлбэл, галын хоёр байцаагч бүх байгууллагад шалгалт хийхэд таван жилийн хугацаа шаардлагатай. Бид удирдамжийн дагуу болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Гамшгаас хамгаалах тухай хуульд “Тухайн аж ахуйн нэгж байгууллага жилийн төсвийнхөө  1-1.5 хувийг гамшигаас хамгаалахад зарцуулах ёстой” гэж заасан. Тиймээс сүүлийн үед энэ тал дээр голлон хяналт тавьж байгаа” хэмээн дэд хурандаа Ж.Хүдэрчулуун ярьж байлаа. 
Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний улсын байцаагч Б.Найрамдал “Манайд эрчим хүчний хяналтын чиглэлээр ажилладаг улсын гурван байцаагч байдаг. Улаанбаатар хотыг цахилгаан эрчим хүчээр хангах, түгээх борлуулах үйлчилгээ явуулдаг УБЦТС болон тусгай зөвшөөрөлтэй 11 байгууллага бий. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтаа нэг жилийн өмнө төлөвлөдөг. Энэ жил барьж буй барилга байгууламжийн талбай, шатахуун түгээх станцуудын агуулахад хяналт, шалгалт хийсэн. Үүгээр шатахуун түгээх станцын хүлээн авагч болон газардуулгын байгууламжийн найдвартай ажиллагааг хянадаг” гэв.
Улаанбаатар хотыг хэрсэн цахилгаан “тор”-ны аюулыг бууруулахын тулд улсын өмчийн “өвгөн” шонгуудаа засаж, эмзэг бүлгийн өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж, аж ахуйн нэгж хууль дүрмээ сахиж, гэрэлтүүлгийн компаниуд үүрэг, хариуцлагаа хүлээж, энэ талаар хяналт тавих боловсон хүчин бэлтгэж, төр засаг, Эрчим хүчний яам нэгдсэн нэг системээр цахилгаан эрчим хүчээр хангах, хянах, засвар, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлэх хэрэгцээ зайлшгүй байна. 

скачать dle 12.0

Санал болгох