Хариуцлагагүй эздэд хариуцлага тооцох хэрэгтэй байна

🕔 2020/07/31 09:28
Монголд анх удаа амьтан асрах газрыг байгуулжээ. Энэ газарт гэмтэж бэртсэн, эзэндээ хаягдсан нохой, муурыг асран тэнхрүүлж, үрчлэн авах хүсэлтэй хүмүүстэй холбоо тогтоодог байна. Тэнд байгаа нохой бүр өөрийн гэсэн түүхтэй. Ад үзэгдэж, орох байх газаргүй, удаан хугацаанд тэнүүчилсэн нохдыг асран хамгаалсаар одоо 60 орчим нохойтой болжээ.

Амьтанд хайртай залуус долоо хоног бүр цугларч нохдын байгаа газрыг цэвэрлэх, үйл ажиллагаанд туслахаар сайн дурын ажил зохион байгуулдаг. Дэлхийн хөгжингүй орнуудад 100 мянгаас дээш  хүн амтай хот сууринд амьтан асрах газар зайлшгүй шаардлагатай гэсэн байдаг. Харин Монгол Улсад өнөөг хүртэл дээрх үйл ажиллагаатай төстэй байгууллага байгаагүй буюу анхдагч нь болж байгаа юм.
  
Түүний нэрийг Итгэл гэдэг. Тэр бол энэ асрах газрын хамгийн гайхалтай түүхтэй амьтан. Зам дээр машинд дайруулаад хүнд байдалд байсан түүнийг асрах газрын ажилчид одоо болтол асарч байна. Итгэл одоо байнга живхтэй байдаг. Энэ нь түүний бэртэлтэй холбоотой. Асрах газрын ажилчид түүний живхийг өдөрт хоёр удаа сольж, хооллож ундалдаг. Тэнд байсан амьтан бүр өөрийн гэсэн түүхтэй, гайхалтай ухаалаг. Хүмүүс асрах газар хандан амьтдын тухай мэдээлэл өгч тэднийг аваачиж өгөхийг хүсдэг. Гэхдээ одоогоор тэдэнд байнга нохой нэмж авах боломж хомс. Одоо байгаа нохдоо сайн эзэнд үрчлүүлж өгсний дараа дахин өөр амьтдыг хүлээж авдаг байна. Гудамжны гэх тодотголтой амьтад ингэж их олширсон нь хариуцлагагүй үржүүлэгчдээс шалгаалаад байгааг ч мөн тайлбарлаж байлаа. Монгол Улсад амьтдад зориулсан хуулийн орчин дутмаг, эздэд нь зориулсан хариуцлагын тогтолцоо байхгүй. Хашаандаа тэжээдэг охин нохойгоо гөлөглөхөөр гөлөгнүүдийг нь хайрцаглаад төөрүүлж хаях нь элбэг. Мэдээж хариуцлагагүй үржлийг зогсоохгүй  бол мянга мянгаар нь устгаад ч амжилт олохгүй. Хариуцлагагүй үржүүлэгчид цэгцрэхгүй бол золбин нохдын тоо хэзээ ч буурахгүй гэдгийг сайн дурын ажилтнууд хэлж байлаа. Хашаандаа болон гэртээ тэжээж байгаа нохойныхоо үржлийн асуудал дээр анхаарал тавьдаггүй хариуцлагагүй эздээс болж гудамжны нохдын тоо өссөөр байна. Гудамжны гэх тодотголтой нохдын үржлийн асуудал нийслэлийн нэгэн шүдний өвчин болсоор олон жилийг ардаа орхижээ. 
 
Сүүлийн зургаан жилийн туршид жил бүр нохой устгалд зориулж нэг тэрбум гаруй хөрөнгө зарцуулдаг ч амжилт олсонгүй, нохдын тоо буурсангүй өдийг хүржээ. Монгол Улсад нохойны үржил хаах талаар ойлголт муу. Тэгвэл үржил хаах мэс засал нь яагаад чухал вэ. Энэ чиглэлээр судалгаа явуулдааг олон улсын байгууллагаас нэг эм нохой таван жилд 500-600 болж үржих боломжтой гэжээ. Тэгэхээр 150 нохойд үржил хаах мэс ажилбар буюу “спэй” хийлгэснээр  75 мянган золбин нохойтой болохоос сэргийлнэ гэсэн үг. Нэг нохойд спэй хийлгэх үнийн дүн 80-130 мянган төгрөг байдаг. Харин нэг нохойг буудахад 12 мянган төгрөг улсаас төсөвлөдөг. Нэг жилд 100 мянган нохой буудах төсвөөр 12 мянган нохойд үржил хаах мэс ажилбар хийлгэчихвэл таван жилийн дотор нийслэл маань золбин нохойгүй болох боломжтой байна. Олон оронд “Спэй” хийсний дүнд золбин нохойноосоо салж чаджээ. Тухайлбал, Турк улс золбин нохойгоо барьж аваад “Спэй” хийж, вакцинжуулаад чихэн дээр нь тэмдэглэгээ хийгээд тавиад байж. Хэсэг хугацааны дараа Станбул хот золбин нохойгүй болсон. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хот тохижилтын газраас 2020 онд эзэнгүй нохой, муур устгалын ажилд 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 500 орчим сая төгрөг нь гэр хорооллын нохой, муурыг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, вакцин туулганд хамруулах, үржлийг хязгаарлахад зарцуулахаар төсөвлөжээ. Иймээс иргэд та бүхэн оршин суугаа газрынхаа хэсгийн ахлагчид хандан өөрийн тэжээвар амьтнаа үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээнд хамруулаарай. Нохдын үржлийг хааж золбин нохдын тоог багасгах нь амьтдад хайртай хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэх төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар  зүй­лийн хоёр дахь хэсэгт заа­сан Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах ор­чинг бүрдүүлж байгаа нэн тэргүүний асуудал юм. 
 
 
 
А.Минжинсор
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0

Санал болгох