Долоон цагийн хугацаанд 110 раунд үргэлжилсэн тэмцээн

🕔 2020/07/28 10:18
Дэлхийн боксын спортын түүхэнд хамгийн олон цаг үргэлжилсэн тэмцээн 1893 оны дөрөвдүгээр сарын 6-нд Америкийн Луизиана мужид болжээ. Рингэнд Жек Берк, Энди Боуэн гарсан аж. Тэд хөнгөн жингийнх бөгөөд уг тулаан 2500 долларын шагналтай байлаа. Өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээний өрсөлдөгч хоёр 26, 28 настай. Эхний 25 раундад Берк илүүрхэж байсан ч сүүлийнхэд Боуэн чангарсан талаар уг тэмцээний талаарх тэмдэглэлд дурджээ. Тэдний “зодоон” 7.19 цаг үргэлжилж, гурван минут тутамд нэг удаа хонх “цохиж” байсан гэхээр нийт 110 раунд тулалдсан байна. Тэмцээн эхлээд гурван цаг өнгөрөхөд үзэгчдийн зарим нь залхаж, танхимд хурхирч байсан гэдэг.
Ана мана үзэлцсээр 110 раунд тэссэн хоёрын хэн хожих нь тодорхойгүй учраас 111 дэхийг эхлүүлэхээр хонх цохив. Рингэнд хэн нь ч гарч ирсэнгүй. Жек Берк ч, Энди Боуэн ч сандлаасаа өндийж чадахгүй байсан учраас шүүгч нарын зөвшилцсөнөөр ялалтыг хоёуланд нь олгохоор шийдвэрлэснээр тулааныг өндөрлүүлсэн байна. Эл түүхэн тулааныг шүүсэн дөрвөн шүүгчийн гурав нь тэмцээний зургаа дахь цагийн дараа түр амрахаар явж, Жон Даффи хэмээх ганц “дайчин” нь үлдсэн бөгөөд тэрбээр ялалтыг хоёуланд нь олгох ёстой гэсэн байр суурьтай байж, голлох дүгнэлтийг гаргасан гэдэг.
Өрсөлдөгчдийн бие махбодоос гадна сэтгэл нь хүртэл туйлдаж, цөхөрсөн талаар шүүгч нар тэмдэглэсэн байдаг. Эмчийн үзлэгээр Беркийн хоёр гар, хуруунуудын олон яс, үе хугарсныг оношилж, зургаан долоо хоногийг эмнэлэгт өнгөрүүлсэн аж. Харин өрсөлдөгч Энди Боуэн нь харьцангуй бэртэл багатай байсан бөгөөд удалгүй дараагийн тулаанаа тухайн үеийн алдартан Кид Лавинтай хийж, толгойдоо хүнд бэртсэний улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч аврагдаж чадаагүй аж.

скачать dle 12.0

Санал болгох