Э.Дөлгөөн: Хүний хайрыг татаж, хүндлүүлж үнэлүүлэх хүчирхэг зүйл дотоод мөн чанарт л оршдог

🕔 2020/07/22 11:20
“Хосын жор” номын зохиолч, веб контент бүтээгч Э. Дөлгөөнтэй ярилцлаа.

-Саяхан реппер Гинжин, Mrs.М нарын “Бороо” дууны клипэнд тоглолоо. Анх удаа клипэнд оролцож үзсэн үү?
-Миний хувьд анх удаа клипэнд тоглож үзлээ. Клипэнд тоглох ёстой сонирхолтой юм билээ. Дээрээс хиймэл бороо оруулаад бид шалба норсон. Дүрсүүдийг мэргэжлийн түвшинд аваад дараа нь маш гоё эвлүүлж янзалсан байсан.
-Таны бичсэн “Хосын жор” ном уншигчдын хүртээл болж, одоо бестселлерийн жагсаалтад ороод буй. Ном бичихэд хэр хугацаа зарцуулсан бэ?
-Түвшөө бид хоёр 2018 онд хуримаа хийхээр эх орондоо ирж байсан. Тэгэхэд “Хосын жор” номоо аль хэдийнэ эхлүүлсэн. Номоо бичихдээ гацалтад орсон үе ч бий. Амархан урсчихдаггүй юм билээ. Хосын харилцааны талаарх өөр ном сонин уншиж, судлах зэргээр ажилласан. Гэхдээ ганц хосын жор гэж хайрцаглахгүйгээр монголчуудын хосын харилцааг ярьдаг өөр нэвтрүүлгүүд бий юү гээд хайтал юу ч илрээгүй, олдоогүй. Ингээд судалж, шинжилж явсаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард номынхоо нээлтийг хийж, худалдаанд гаргасан.
-Номын судалгааны явцад чухам юу ажиглагдав?
-Хосоо гадаад өнгө үзэмжээр хэр зэрэг сонгодгийг мэдэх зорилгоор инстаграм хуудсандаа судалгааны асуулт оруулдаг байсан. Хүмүүс яг цагаа тулахаар хэнийг сонгохыг харахад сонирхолтой хариу гарсан шүү. Солонгос стильтэй болон булчинлаг нүцгэн эрэгтэйг харьцуулж тавьтал эмэгтэйчүүдийн ихэнх нь булчинлаг залууг сонгож байна лээ. Үүнээс бүсгүйчүүдийн нүд гадаад өнгө үзэмжийг хардаг юм болов уу гэж бодогдсон. /инээв/ Дараа нь галбирлаг хагас нүцгэн эмэгтэй, даруухан нүдэнд дулаахан царайтай охины зургийг санал болгосон юм. Ингэхэд эрчүүдийн дийлэнх нь даруу царайтайг нь сонгосон л доо. Эрчүүдийг ажилсаг сайн ханьтай болчихвол алзахгүй гэж эцэг эх нь багаас захидагтай холбоотой ч юм шиг. Магадгүй өөрт хань болох гэдэг үүднээс хардаг байх. Энэ зөвхөн миний л гаргалгаа.
-“Хосын жор” контентоор нийт 57 хостой ярилцжээ. Тэдгээр хүмүүсийн харилцаа, хандлага, хосын туршлагыг номондоо шингээв үү?
-“Хосын жор” контентын ярилцлагуудыг эмхтгээд ном бүтээсэн гэж зарим хүмүүс ойлгоод байгаа. Гэхдээ яг түүгээд хийвэл замбараагүй, зүгээр л реферат шиг болох болов уу гэж бодсон. Ер нь хосуудтай ганц хоёрхон цаг ярилцаад л мэдэмхийрч амьдралыг нь дүгнэж бичиж болохгүй шүү дээ. Тиймээс энэ бүгдийг нэгтгээд яг хосын харилцааг бат бэх байлгаж, бие биеэ уучлаад урт удаан хайрлаад буй шалтгаанд анализ хийгээд дүгнэн бичихийг зорьсон. Мөн бид өөрсдийн хосын жороо хуваалцсан ярилцлага өгч байгаагүй. Иймээс амьдралынхаа талаар номондоо оруулсан нь дээр санагдсан юм. Өмнө нь бид хоёулаа амьдралтай үр хүүхэдтэй байсан ч бүтэлгүйтсэн. Салж нийлсэн ийм хүмүүсээс юуг нь үлгэр дуурайл авдаг юм гэж бодож магад. Гэтэл алдсан хүн чинь дахин алдахгүйн тулд хичээдэг.
-Монголчуудын гэр бүлийн харилцаанд гаргадаг нийтлэг хандлагыг анзаарахад эмэгтэй хүн л гэрийн бүх ажлаа зохицуулах ёстой гэдэг. Гэтэл тэд адилхан л өдөржин ажиллаж хөдөлмөрлөөд орж ирдэг. Энэ тэгш бус байдал хосын харилцаанд ан цав үүсгэх гол асуудал гэж харагддаг...?
-Энэ нөхөр бид хоёрын эмзэглэж явдаг нэг сэдэв. Монголд ирснээс хойш улам анзаарагдаж байгаа. Яг адилхан хоёулаа ажиллаж ирсэн мөртлөө эмэгтэйчүүд нь их ачааллыг үүрдэг. Өглөө хүүхдийнхээ хоол ундыг өгөөд хувцас хунарыг бэлдээд явдаг, ажлаа тарж ирлээ гэрийнхээ хоолыг хийнэ, хүүхдүүдийн хичээл номыг хийлгэнэ орой унтуулна гэх мэт. Эхнэр дандаа илүү ачааллыг үүрч явдаг. Энэ асуудал бараг энгийн үзэгдэл болсон. Угаас эмэгтэй хүн энэ бүгдийг амжуулах л ёстой, чадахгүй бол айлын эхнэр байгаад яадаг юм гэсэн ойлголттой. Хөвгүүд нь багаасаа ахуй амьдралаа олигтойхон авч явахаар хүнтэй суух сонирхолтой. Анзаарвал бүр хүүхэд байхаас аав нар яг тэр үлгэр жишээг харуулдаг. Хичээлээ тараад ирэхээр аав гэртээ удирдлага бариад сууна, ээж бүгдийг хийнэ. Тэгээд ээж стресстэй байнга үглэж, уурладаг бухимддаг. Энэ дундаас аав ээж хоёр аз жаргалгүй харагддаг. Гэртээ яг тийм амьдралыг харж өсөөд, өөр айлын аав ээж нь тэгш харилцаатай байхыг хараад нүд нээгддэг. Хүн чинь нүдээр үзэж, харснаараа л сэтгэж амьдарна шүү дээ. Хэрэв нэгэнт л тэгж хүндлүүлээд өссөн нөхөр байгаа гэж бодъё. Тийм хүн гэр бүлээсээ яг тэрийг зүйлийг хүсээд уурладаг. Одоо энэ хэрүүл бараг айл гэр болгонд гарч байж магадгүй. Гол нь цаг үеэ мэдрээд бие биеэ нөхөх нь хосын харилцааны утга учир шүү дээ.
Positive Mongolians” төслийн хосууд хуримаа хийнэ – Өглөө.мн
-Ер нь гэрлэлтэд тохиромжтой нас гэж байдаг болов уу?
-Бид одоо “Big Big fam­ily” цуврал нэвтрүүлгийнхээ хүрээнд судлаач мэргэжилтнээс эхлээд олон салбарын хүмүүстэй ярилцаж, хүүхдийн хүмүүжлийг тодруулж байгаа. Хүүхдийн хөгжлийг судалдаг Г.Төмөрзаяа багш хүн 25 нас хүртлээ боловсорч, тэр хүртлээ хүүхдээрээ байдаг талаар хэлсэн. Хэдий түүнээс өмнө гэр бүл зохиож, хүүхэдтэй болсон ч хариуцлага дутуу дулимаг явдаг гэнэ. Эхлээд өөрийгөө олсон хүн хосын харилцаандаа хариуцлагатай, сонголт хийхдээ буурь суурьтай болно шүү дээ. Ерөнхийдөө 25 нас хүрээд гэрлэлтийн талаар бодоосой гэж залууст зөвлөмөөр байдаг. Хамгийн гол нь насаараа ханилах ханиа сонгохдоо өөрөө өөрийгөө л олсон байх нь чухал санагддаг юм.
-Эмэгтэй хүн өөрийгөө ямар ч цаг үед хаяж болохгүй гэдэг. Өөрийгөө хаяж болохгүй гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
-Анзаарахад дийлэнх эмэгтэйчүүд зөвхөн гадаад өнгө үзэмжээ хараад, тордоод л өөрийгөө хаяж болохгүй гэдэг. Ямар ч хүний хайрыг татах, хүндлүүлж, үнэлүүлэх хүчирхэг зүйл дотоод мөн чанарт оршино. Дотоод мөн чанарыг яаж ч гутаан доромжилж доош нь хийх гээд чадахгүй. Гэртээ хүүхдээ хараад суулаа, гадаад өнгө үзэмжээр нь царай алдчихлаа гэдэг. Яг үнэндээ тэр үед дотоод хувь хүн талаас зогсолтод орж, өөрийгөө хөгжүүлж чадаагүйгээс сэтгэл гутралд автаад янз бүрийн авир гаргадаг. Улмаар дэргэд нь хүн тогтохын аргагүй болох үе ч бий. Хувь хүн талаас хөгжүүлэх лекц сургалт семинарт суух, ном унших, кино үзэх, дуу хөгжим сонсох гэх мэт ямар бололцоо байна. Таныг дотроос нь юу уянгалуулж, хөглөж чадах вэ түүнийгээ л алдаж болохгүй. Хүнд төгс хувилбар гэж байхгүй учраас сэтгэл санааны хувьд хүчгүй бол өөрийгөө бага багаар голоод л явдаг. Энийг зогсоох ганц арга бол дотоод хувь хүнээ тасралтгүй хөгжүүлэх алхам. Дасгал хөдөлгөөн хийгээд байгальд алхаж, гүйсний дараа хүний сэтгэлгээ, энерги сайхан цоглог болдог. Харанхуйд удаан байхаар хүн маш гутранги болдог гэнэ. Наранд Д витамин авахаас гадна баяр хөөртэй байлгах энерги нэмэгддэг. Европын орнуудад өвөл маш хурдан харанхуй болдог учраас сэтгэл гурталд өртсөнөөс үүдэн амиа хорлолт ихэсдэг юм билээ. Миний амьдарч байсан Шведэд өвлийн улиралд өдрийн хоёр цагаас хойш харанхуй болчихдог. Товчоор хэлбэл, нар хүмүүст аз жаргалыг өгдөг. Тэгэхээр нартайд сайн алхах хэрэгтэй. Найз нөхдөөсөө цаг харамлаж огт болохгүй. Хачин сонин, хов жив ярьсан ч хамаагүй, хүний амьдралд байнгын ярих хэрэгцээ гардаг. Тэр ярих хэрэгцээг гэр бүлийн хүн зуун хувь нөхөж чаддаггүй. Мөн эцэг эхдээ ярих, ярихгүй юм байна. Тэгвэл үлдсэн ярих хэрэгцээг хаана гаргах вэ. Өөрийгөө уудалж, чөлөөлөх тэр бололцоог найз нөхөд гаргадаг. Цагийг үр дүнгүй өнгөрөөж байгаа мэт боловч яг үнэндээ энэ нь биднийг эмчилж, бөөгнөрсөн бухимдлыг гаргаж, сэтгэлийг онгойлгох тустай. Зөвхөн гадаад гоо сайхан гэлтгүй дотроо хүчирхэг болж чадвал нөхөр тань байнга хамт баймаар, өөртэй чинь ярилцаад л суумаар тийм сайхан харилцаа үүснэ. Тэгэхээр олон талаас өөрийгөө эмчлээд хүчирхэг сэтгэл зүйтэй болсон хүнд гадаад гоо үзэмж бол амархан.
Positive Mongolians” төслийн хосууд хуримаа хийнэ
-Гэр бүлийн харилцаанд гадны хүн хэт оролцох нь бий. Нэг талаас бусдын заавар зөвлөгөө амьдралд хэрэгтэй байдаг шүү дээ?
-Хүний амьдралд ээж аав нь ч оролцдог гэдэг. Энд товчхон маш сонирхолтой хариулт хэлье. Шведийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авахаар очиход тэр надад ерөөсөө юу ч зааварлаж, захиагүй. “Хүн ярих хэрэгцээтэй учраас найз нартаа, ээж аавдаа, нөхөртөө ч юмуу сэтгэлээ хөнгөлөөд гаргах л ёстой. Хүн ярих явцдаа бүх зүйлсээ цэгцэнд оруулдаг“ гэнэ. Миний толгойд замбараагүй бодлууд байгаа. Би хэн нэгэнд ярьж байх явцдаа сэтгэл доторх хэцүү зүйлсээ цэгцлээд явдаг байна. Хүн өөрийгөө хамгийн сайн мэднэ шүү дээ. Яг тэрэн шиг өөрийгөө яг яах ёстойгоо ч бас хамгийн сайн мэднэ. Тэр бүх мэдрэмж, ойлголт надад л бий.
Тэгэхээр би өөрөө бүгдийн хариу юм байна. Яах ёстойгоо хамгийн их мэдэх хүн нь би хэрнээ зүгээр тархин дотор нь бүх зүйл холилдсон учраас төөрөлддөг. Сэтгэлд замбараагүй холилдсон олон зовлонг яг яахаа мэдэхгүй учраас хүнд тусламж хэрэг болдог. Харин сэтгэл зүйчид энэ бүх замбараагүй зүйлийг эмх цэгцэнд оруулж, зангилааг нь гаргаж өгдөг юм билээ. Тэгээд хамгийн сүүлд яриад дуусахдаа юунд асуудал байгааг ухамсарладаг гэнэ. Өөрөө өөрийнхөө учрыг өөрөө олчихдог. Тэгээд бүх юмаа яриад ойлгосны дараа сэтгэл зүйч “Чи дотоод сэтгэлээ хэн нэгэнд уудлаад гаргаад ярих л ёстой. Дараа нь хов болох вий гэж битгий ай. Угаас ховыг хэзээ ч зогсоож чадахгүй, чамайг бодох бусдын бодлыг ч өөрчлөх боломжгүй. Нэгэнт чамайг буруу ойлгосон хүн буруу ойлгодгоороо л ойлгоно. Чи тэрийг зогсоож чадахгүй. Хамгийн гол нь чи өөрөө сэтгэл зүйн хувьд асуудалгүй, эрүүл саруул л байх ёстой. Зүгээр л хэнтэй юугаа ярих ёстойгоо категиорлоод ярь. Харин зөрүүлээд чамайг зуун хувь таньж мэдэхгүй тэр хүмүүсээс ирэх зөвлөгөөг битгий сонс” гэж хэлсэн. Өөрийнхөө бүх юмыг гаргаж хаячихаад зөрүүлээд нөгөө найз нар нь зөвлөгөө өгөхөөр сонсохгүй байна гэдэг нэг талаараа хүнийг ашигласан юм шиг байгаа биз. Тэгэхээр ярих хэрэгцээтэй ч, хэнд юуг ярихаа л шийдэх хэрэгтэй.
-Эрчүүд тэр болгон сэтгэлээ дэлгээд яриад байдаггүй. Гэтэл хосын харилцаанд хоорондоо ярилцаж ойлголцох шаардлага зайлшгүй чухал. Таны хувьд нөхөртэйгөө хэр ярилцдаг вэ ?
-Эрэгтэй хүн эхнэртэйгээ биш өөр хүнтэй ярилцахыг хүсээд байвал эмэгтэйчүүд бидэнд асуудал байна гэсэн үг. Яагаад өөртэй чинь ярихгүй өөр хүнтэй ярих сонирхолтой байна. Тэгвэл эмэгтэйчүүд бид сайн сонсогч биш, ярих завшааныг олгохгүйгээс болдог юм биш биз. Харин сайн сонсдог байвал нөхөр өөр хүнтэй ярилцах гэж хичээхгүй шүү дээ. Тиймээс хаа нэг тохиодог ярих хэрэгцээг нь маш сайн мэдэрч хангаж өгөх хэрэгтэй юм байна. Тэгснээр хань байх, хос байхын утга учир тодорно.

П.САЙНЖАРГАЛ

скачать dle 12.0

Санал болгох