Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!

🕔 2020/07/21 15:15
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнгөрсөн баасан гарагт танилцуулсан. 2020 он дөнгөж эхлээд дэлхийн бүх улс орнууд хүнд сорилттой тулгарсан. Коронавирусийн улмаас улам хэцүү байдалд орж байгаа эдийн засгийн үзүүлэлтүүд таамаглаж төсөөлж байснаас ч илүү сөрөг үзүүлэлттэй гарч байна.
Өнгөрсөн хагас жилийн хугацаанд улс орнууд коронавирусийн тархалттай тэмцэхийн хажуугаар эдийн засгаа эрсдэл багатай авч үлдэхийг хичээж байгаа ч дэлхийг тэрчигт нь өөрчлөөд байгаа цар тахлын байдал хааш эргэх нь тодорхойгүй хэвээр л байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн тоон үзүүлэлтүүд тун таагүй байдлаар гарчээ.
Төсвийн алдагдал өнгөрсөн оныхоос 10 дахин нэмэгдэв 
Манай улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 4.4 их наяд төгрөг болсон байна. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн дөрвөн жилийнхтэй харьцуулахад хамгийн өндөр алдагдлыг энэ жил бид хүлээж байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд зарлага зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж, төсвийн алдагдал 192 тэрбум төгрөг байсан бол энэ жил үүнээс даруй 10 дахин өндөр алдагдлыг хүлээгээд байна.
Түүнчлэн татварын нийт орлого 2020 оны эхний хагас жилд 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 703.3 тэрбум төгрөг буюу 15.8 хувиар буураад байна. Түүнчлэн төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 869.4 сая америк долларын алдагдалтай гарч, алдагдал нь өмнөх оны мөн үеэс 378.0 (76.9%) сая америк доллараар өсчээ. Үйлчилгээний худалдааны орлого 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 259.8 сая америк доллар, зарлага 828.8 сая америк доллар болж, орлого өмнөх оны мөн үеэс 107.8 сая америк доллароор, зарлага 512.8 сая америк доллароор тус тус буурчээ. 
Мөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар хувиар өссөн байна. Инфляци 2020 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 2.8 хувийн өсөлтийн 0.5 нэгж буюу 17.9 хувь нь мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Олон улсын байгууллагуудын дэмжлэг хэнд очих вэ? 
Цар тахлын үед манай улсад олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээл тусламж багагүй ирж байна. Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Монгол Улсад 100 сая ам.долларын зээл олгохоор болсон. Цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулна гэж байгаа ч  хэдэн хувь нь юунд зарцуулагдах талаар тодорхой бус байна. 
Мөн Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засагт, ялангуяа хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 26.4 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. “COVID-19-өөс үүдэн иргэд ажлын байраа алдаж, орлого нь багасаж байгаагийн зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь иргэдийг улам "туйлдуулж" байна.  
Ямартай ч дээрх тоон үзүүлэлтийг харахад Монгол улс маш том хямралтай нүүр тулах нь ойлгомжтой боллоо.  


скачать dle 12.0

Санал болгох