Ц.Ганчимэг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил өргөн хүрээтэй байдаг

🕔 2020/07/21 09:56
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэгтэй ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхаа талаар товч танилцуулахгүй юу? 
-"Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцид Монгол Улс 2008 онд нэгдэн орсон байдаг. Үүний дараагаар 2016 онд УИХ-аар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн 40 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, салбар дундын зохицуулалт хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг хангах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага бий болгохыг заасан.  Энэ хүрээнд 2018 оны наймдугаар сарын 15-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд байгуулагдсан. Манайх “Сэргээн засалт сургалтын үндэсний төв”-д ажиллаж байсан албан хаагчдаас сонгон авч 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төлөө ажиллаж үйл ажиллагаа явуулна гэдэг утгаараа хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүнийг авч ажиллуулж байна. Яагаад гэвэл тэд өөрсдийнхөө асуудлыг илүү мэддэг. Манай дэд дарга хөгжлийн бэрхшээлтэй Д.Ганболд гэж хүн бий. Үндсэндээ манай байгууллага өөрийн орон тоогоо бүрдүүлэхдээ өмнө нь сэргээн засалтын төвд ажиллаж байсан хүмүүсээ илүү чадавхижуулж, мэргэшүүлж авах мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг элсүүлэн ажиллахад чиглэн үндсэн бүтэц бүрэлдхүүнээ бүрдүүлэн ажиллаж байна. Манай байгууллагын харьяанд Сэргээн засалт сургалтын үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв мөн хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Манай байгууллагын эрхэм зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хөгжлийг хангах мөн салбар дундын зохицуулалтыг хийх юм.
 
-Хөгжлийн бэрхшээл­тэй хүний хөгжил гэхээр? 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэхийн тулд нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Нийгмийн оролцоо гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгэмд бие даан амьдрах буюу хөдөлмөр эрхлэх мөн спорт, урлагийн салбарт мэргэшин ажиллахад хамаарна.
 
Жирийн иргэдийн хувьд урлаг, спортоороо манлайлах, чадвар эзэмших нь хөгжил гэдэг ойлголтод хамаардаг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөгжил гэдэгт бүх зүйл хамаарна. Иймд нийгэмд оролцох оролцоо нь хөгжилтэйгөө салшгүй уялдаа холбоотой. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөр эрхлэх нь тэр хүн хамт олны дунд ороод хөгжиж байгаа нэг хэлбэр.
 
Нөгөө талаар бие даан амьдарч байгаа нь хөгжилд хамаарна. Ингээд аваад үзэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил гэдэг өргөн хүрээтэй. Товчхон хэлэхэд нийгэмд идэвхтэй оролцуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах үндэс болно.
 
-Яам болон Засгийн газартайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ? 
-Манайх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Төрийн захиргааныхаа байгууллагын чиг үүргийн хүрээнд хийх ажлаа зохион байгуулдаг. Яам манай бодлогыг хариуцан ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд бид 2016-2020 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг яамтайгаа хамтран хэрэгжүүлж ажилласан. Харин энэ цаг үед шинэ засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт ямар зүйлүүдийг тусгавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжилд чухал нөлөөлөхүйц байж чадах вэ гэсэн өнцгөөс харж бид саналаа хүргүүлж яам бодлогын түвшинд үүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Иймд Засгийн газар болон яамтайгаа байнгын харилцан уялдаатай ажилладаг.
 
-Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ямар төслүүд хэрэгжүүлж байсан бэ? 
-Анх агентлаг байгуулах үед яаман дээр “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх нь” гэсэн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэн байсан. Энэ төслийн хүрээнд аливаа үйл ажиллагаа, сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг тодорхой хэмжээгээр оролцуулан ажиллах, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг чадавхижуулахад түлхүү анхаарал хандуулж ажиллахыг зорьсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ярихдаа тэдний оролцоогүйгээр ярих боломжгүй байдаг. Яг өөрсдийг нь оролцуулан санаа бодлыг нь асууж, сонсох шаардлагатай. Зарим төсөл томоохон ажлууд дээр хамтран ажиллах үе ч байдаг. Үүний үр дүн нь ч хамаагүй сайн гардаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ нь залуучуудыг түлхүү сургаж бидэнтэй хамтран ажилладаг.
 
-Хөгжлийн бэрхшээл­тэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ? 
-Манай байгууллагын хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүд орон даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хөндөхөд чиглэдэг. Гэтэл манайх 35 хүний бүрэлдэхүүнтэй, хичээж ажиллаад ч энэ бодлогоо хэрэгжүүлж бодит ажил болгоход хаанаа ч хүрэхгүй. Иймд бид тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтайгаа хамтран үйл ажиллагаагаа явуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлаар тус тусдаа мэргэшсэн байгууллагууд байдаг. Жишээлбэл, “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”, “Бие даан амьдрах төв” гэж бий. Судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандсан үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй төрийн бус байгууллагын нэр байдаг. Эндээс бид анх 80 байгууллагыг урьж хамтарч ажилласан. Одоо бидэнтэй хамтран идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 40 байгууллага байна.
 
-ЖАЙКА-тай хамтарсан энэ төсөл дахин хэрэгжих үү? 
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Элчин сайдын яаманд санал тавиад санамж бичгийн хүрээнд гарын үсэг зурж дахин хамтран ажиллахаар болсон. Одоо удахгүй төслийн хоёр дахь үе шат үргэлжилнэ.
 
-Энэ удаагийн ЖАЙКА-тай хамтарсан төсөл нь өмнөхөөсөө юугаараа онцлог вэ? 
-Өмнө хэрэгжсэн төсөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхижуулахад анхаарч ажилласан бол одоо хэрэгжих төслийн гол онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах буюу хөдөлмөр эрхлэлтийн тал дээр түлхүү анхаарч ажиллах болно. Иймээс бид энэ удаагийн төслөөрөө нийгмийн оролцоог нэмэгдүүлж энэ хүмүүсээ хөгжүүлэхийн тулд эхлээд хөдөлмөр эрхлэлтийн тал дээр түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
 
-Монгол Улсад хө­дөл­мөр эрхлэх насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэр их байдаг вэ? 
-Өнгөрсөн оны статистик тоогоор 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 30 гаруй хувь буюу 39 мянга нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн мэдээлэл бий.
 
-Энэ иргэд ажиллах байрны хүртээмж хэр их байдаг вэ. Ажлын байр нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна? 
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хөдөлмөрийн эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс тодорхой хөтөлбөрүүдийг баталж өгсөн. Үүнд ТББ болон аж ахуйн нэгжид ажил олгогчийг дэмжих зээл олгож байгаа. Жишээлбэл, ТББ-д ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг таван сая төгрөгөөр тооцож 20 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөлтгүй зээл олгож байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд мөн адил нэг хүнийг таван сая төгрөгөөр тооцож 20 хүртэл сая төгрөгийн хүүгүй эргэн төлөлттэй зээл олгодог. Мөн орон нутгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газруудаар дамжин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 50 хувийн эргэн төлөлттэй дөрвөн жилийн хугацаатай зээл олгож байна.
 
Төрийн бодлогууд тодорхой хэмжээгээр хэрэгжээд явж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандсан хууль, төрийн захиргааны байгууллага бий боллоо. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” гэсэн Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотод Хөдөлмөр эрхлэлтийн төв бий болно.
 
Харин орон нутгуудад орон нутгийн түвшинд хүрч ажиллаж чадахгүй байгаа зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна. Энэ төвүүд нь энэ ондоо багтаж баригдаад 2021 онд ашиглалтад орох төлөвтэй байна.
 
-Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжиж ажлын байраар хангадаг байгууллага хэр их байдаг юм бол? 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг Хөдөлмөрийн хуулийн 111-т 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах ёстой гэж заасан байдаг. Хэрэв тухайн байгууллага хуулийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгууль ноогдуулдаг. Энэ мөнгө эргээд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ороод зээл, төсөл хэлбэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд очдог. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд, албан байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах санал их ирж байна. Иймээс энэ иргэдээ ажилд зуучлах “Хөдөлмөрийн бирж”-ийг байгуулсан. Энэ жилийн зургаан сарын байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд зуучлагдсан байдлыг харахад АПУ компани хоёр, Mобиком корпораци тав, “Энхийн шүүдэр” эмийн үйлдвэрт нэг нийт зургаан байгууллагад 27 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд зуучилсан байна.
 
Ө.Насантогтох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох