“Зураг, зодоон хоёрыг холоос хар гэдэг”
Энэ удаагийн “Хүмүүс” буланд залуу уран бүтээлч Д.Түвшинхүүг урилаа.
-Уран зурагтай танилцсан түүхээс тань яриагаа эхэлье?
-Аав минь зураач, сийлбэрч хүн. Өссөн орчин маань урлагтай ойрхон болохоор хүүхэд байхаасаа л зурах дуртай байсан. Төрөхөөс авахуулаад өсөх насандаа зурагтай нөхөрлөсөн учраас ирээдүйн мэргэжлээ ч энэ сонирхлоороо сонгохоор шийдсэн. Тиймээс 2014 онд МУБИС-ийн Уран зургийн ангид элсэн орж байлаа. Одоо хоёр сургалтын төвд уран зургийн багшаар ажиллаж байна.
-Үзэсгэлэн гаргах санаа хэзээ төрөв. Яагаад “Өнө Мөнхөд” гэж нэрлэсэн юм?
-Өнгөрсөн онд гаргахаар шийдэж, зургуудаа бэлтгэж эхэлсэн. 47 бүтээл үзэсгэлэнд тавигдсан. Бүгд байгаль дэлхийг дүрсэлсэн онцлогтой. Биднийг бий болохоос өмнө оршин байсан байгаль дэлхийг өвөг дээдэс маань хүндэлж, хамгаалж ирсэн, ирээдүйд ч мөнхөд хайрлах ёстой гэсэн санааг илэрхийлж энэ нэрийг өгсөн юм.
-Үзэсгэлэнгийн “Хувьсал” зураг их сонирхол татсан. Ямар нэгэн гүн утга санааг илэрхийлсэн үү?
-Тийм шүү. “Хувьсал” бүтээл их утга учиртай. Зурагт дүрсэлсэн аав, хүү хоёроор хүн болгонд удам угсаанаас үлдсэн удамшил гэдэг зүйл байдаг гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон юм. Хүний удам угсаа өөрчлөгддөг ч удамшил гэдэг зүйл заавал байдаг. Жишээлбэл, манай аав зурдаг, би ч мөн ялгаагүй зурдаг. Тиймээс удам угсаагаа хүндэтгэж явах хэрэгтэй.
-Зургуудыг чинь ажиглахад байгальтай ойр байдаг юм шиг санагдсан. Ер нь таны зургуудын бусдаас ялгарах шинж?
-Байгальд олон баялаг өнгө бий. Зураг зурахаар этюдэд явна. Этюд гэдэг нь байгалийн орчин нөхцөлд очиж бүтээл туурвихыг хэлнэ. Миний зургууд дандаа өнгөлөг байдаг. Учир нь амьдралын аз жаргалтай хэсгийг буулгахыг хичээдэг. Ихэнх зураач зурж эхлэхдээ бодит байдлыг буулгадаг. Дараа нь аль урсгал руу орохоо шийднэ. Бодит орчинг зураад сурчихвал түүнийг яаж ч задалж болно. Одоогоор би зөвхөн өөрийгөө олох эрэлд явж байгаа учраас бодит байдлыг зурдаг.
-Зураг бүхэн өөрийн өгүүлэмж, хэлтэй байдаг. Уран зургийг хэрхэн унших вэ?
- “Зураг, зодоон хоёрыг холоос хар” гэдэг. Зургийг нэг хараад ойлгохгүй. Үзэсгэлэнг гурав дөрөв тойрч үзэх хэрэгтэй. Ер нь зураачийн илэрхийлэх гэж буй санааг энгийн хүмүүс 100 хувь ойлгож чадахгүй. Учир нь хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой, зураачид хүртэл нэг зүйлийг өөр өөрийнхөөрөө зурдаг.
“Хувьсал”
-Манайхан уран зургийг ойлгож, үнэлэх тал дээр хэр байдаг вэ?
-Одоохондоо уран зургийг ойлгож, үнэлэх болоогүй байна. Гэхдээ өдрөөс өдөрт уран зураг сонирхогчдын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Эцэг эхчүүд ч хүүхдээ энэ төрлөөр сургах нь элбэг болж. Би үзэсгэлэнгээ зарах зорилготой гаргаагүй. Залуу уран бүтээлчийн хувьд бүтээлүүдээ хүмүүст танилцуулъя л гэж бодсон.
-Эцэг эхчүүд хүүхдээ уран зургаар хичээллүүлэх хандлагатай болсон гэлээ. Үүний хажуугаар дэмждэггүй эцэг эхчүүд ч бас байдаг байх тийм үү?
-Тийм шүү. Би “Maam’s Art House” болон “Union” боловсролын төвд багшилдаг. Хүүхэд идэвхтэй сурах хүсэл эрмэлзэлтэй байлаа ч эцэг эх нь дэмждэггүй тохиолдол байна. Харин хүүхэд нь идэвхгүй ч гэр бүл нь явуулахыг шаарддаг ч жишээ бий. Зургийн дугуйланд явах боломжгүй хүүхэд өөрөө хичээвэл сайн зураач болох боломжтой. Хамгийн гол нь зурахад мэдрэмж чухал.
Мэдрэмж байгалиас өгөгдөнө эсвэл өөрөө бий болгож болно. Зураад л байх тусам сайжирдаг. Тиймээс тасралтгүй хичээ. Үргэлж жижигхэн дэвтэр авч явж бай. Түүн дээрээ сараачиж, санаа оноо юу байна тэр болгоноо буулгаж байх хэрэгтэй. Бас хүнд таалагдах гэж биш өөртөө таалагдах хэрэгтэй. Нэг мод зурлаа гэж бодъё. Шүүмжилсэн хүн болгоны хэлсэн санаагаар зурагаа засаад байвал бусдын л зураг болно. Тиймээс өөрийнхөөрөө л зурах хэрэгтэй. Хүүхдийг урлагаар хүмүүжүүлэх нь олон давуу талтай. Хүүхэд зургаар хичээллэвэл хамгийн эхэнд сууж сурна.
Цаашлаад өнгөний мэдрэмж нэмэгдэж, сэтгэлгээг хөгжүүлнэ. Байшинг сууриас нь барьдаг шиг сууж сурах бол суралцах явцад хамгийн хэрэгтэй чадвар юм. Гурван настай хүүхдүүд юунд ч баригдахгүй өөрийнхөөрөө гайхалтай зурдаг. Дуртай будгаа авна, дуртай өнгөөрөө зурна. Баригдаагүй сэтгэлгээгээр бүтсэн тэр бүтээлүүдээс зургийн санаа олох тохиолдол ч бий.
-Үлгэр дуурайлал авдаг зураач бий юу?
-Олон бий. Морины С.Базарваань уран бүтээлчээс үлгэр дуурайлал авдаг. Оюутан байхдаа энэ хүнтэй танилцаж олон зүйлийг сурсан. Ер нь манай зураачид чадварлаг. Гадаадад үзэсгэлэнгээ гаргахад өндрөөр үнэлэгддэг. Хүмүүсийн олж хараагүй дэлхийд үнэлэгдэхээр чадварлаг зураачид бий. “Монголд “Мона Лиза” шиг агуу бүтээлүүд бий. Харин алдартай болгох маркетинг байхгүй” гэдэг маш үнэн үг.
-Аль ч нийгэмд залуу, ахмад үе хоорондын зөрчилдөөн ажиглагддаг. Танай салбарт энэ үзэгдэл хэр анзаарагддаг вэ?
-Тийм зүйл олон бий. Ахмад зураачид залуу үеэ дэмжих нь зүйн хэрэг. Гэвч “Чи болоогүй, өөр зүйл хий” гэсэн урам хугалсан үгс сонсож л байлаа. Бидний өссөн орчин ондоо, урлаг хөгжиж өөр өөрийн өнгө аястай болж байна. Арай шинэлэг зүйлс гарч ирэхэд ахмад үеийнхэн маань хүлээж авах нь сул санагддаг. Гэвч бид тэднээс суралцах зүйл дуусашгүй их байгаа гэдгийг үргэлж санах учиртай.
-Рембрандт гэсэн зураачдын амьдралыг харж байхад таны ярианаас дүгнэсэн ч, зураачдад мөнгө чухал биш юм шиг санагдлаа?
-Ер нь мөнгө олохын тулд зурдаг зураач ховор байх. Тэгж амьдарч байвал зүгээр л халтуурчин болно. Хэдийгээр хүн мөнгө олох хэрэгтэй ч, энэ бол урлаг гэдгийг санах ёстой. Бүтээлээрээ нэг санааг гаргах, нэг юм таниулчих юмсан гэж боддог.
А.Маралмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин