Нэр дэвшигч Б.Баярмагнай генерал “урвагч” гэдэг үгэнд хариулт өглөө

🕔 2020/06/17 12:42

БЗД-ийн 9-р хорооны иргэд өчигдөр бие даан нэр дэвшигч Б.Баярмагнайтай уулзлаа. Сонгуулийн өдрүүдэд түүнийг харлуулах гэсэн хүмүүсийн зүгээс, магадгүй өрсөлдөгчдийнх нь талаас “урвагч” гэдэг ганц үгийг байнга хэрэглэх болсон юм. Тэдэнд Б.Баярмагнай генералын эсрэг ашиглах өөр сөрөг мэдээлэл юу ч үгүй учраас ганц үгийн сонголттойгоор дайралт хийхийг оролдож буй нь энэ аж. Энэ хэрээр түүнийг 23-р тойрогт хүчтэй өрсөлдөгчийн нэг болохыг илүү тодотгож байна.

Хэдийгээр өмнө нь яагаад ингэж хэлүүлэх болсон талаар тайлбар өгч байсан боловч иргэдийн анхаарал сонгуулийн сурталчилгааны үед илүү төвлөрдөг учраас урьд нь анзааралгүй өнгөрөөсөн байж болох юм. Өчигдөр гэхэд нэр дэвшигчийн уулзалтанд ирсэн нэгэн сонгогчийн зүгээс энэ талаар тайлбар өгөхийг хүссэн юм.

Иргэн:
-Нодлингоос хойш таныг эх орноосоо урвасан гэж баахан цоллож байна. Та үүн дээр яг тодорхой хариулт өгөөч, таныг баллаж байгаа ганц асуудал чинь энэ байна. Цахим орчинд “эх орноосоо урвагч. Армийн генерал ингэж урваж болохгүй” гээд л байна. Тантай уулзаж байгаагийнх, юу болсон талаар тодорхой асуумаар санагдлаа.

Нэр дэвшигч: Б.Баярмагнай:

-2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр Монголын Үндэсний Фронт байгуулагдсаныг албан ёсоор зарласан. Би фронтынхондоо “Би удирдаж байгаа тохиолдолд зөвхөн миний командаар бүх юм хөдлөнө. Бүх хүн миний үгийг биелүүлнэ. Хагас цэрэгжилтийн байдалтай байна” гэж хэлсэн. Энэ өдөр бид зорилгоо тодорхойлсон. Ингэхдээ тэмцлийн хэлбэр нь тайван жагсаал, хамгийн дээд хэлбэр нь суулт байна гэж санал нэгдсэн юм. Ингээд арваннэгдүгээр сарын 7-ны өдөр анхны жагсаалаа зохион байгуулахаар бичгээ өгсөн. Бидний хариуг бичгээр хожуу өгсөн учраас 8-нд жагсахаар боллоо гэдгээ зарлаж амжаагүй юм. Тэгээд жагсаал эхэлсэн, замын хөдөлгөөнийг саатуулж эхэлсэн. Би маш түргэн арга хэмжээ авч маргааш цуглая гэж хэлээд жагсаал цуглааныг тараасан. Тэр өдөр бидний дотор аль хэдийнэ хуйвалдагч нар бий болчихсон, төр засгийн гар хөл болоод очоод уулзчихсан байсан. Дээрээс нь хүчирхийлэл үйлдэх, хутга мэстэй хүмүүсийг бэлдсэн байж. Би мэдээгүй явсан. Энэ дотор эх орончид гэдэг нэрийн цаана хүчирхийлэгч нар нуугдсан явсныг би мэдээгүй явсан.


8-ны өдөр жагсаал цуглаан болдгоороо болж, Төрийн ордон руу шаардлагаа хүргүүлэхээр орсны дараа ардуур ард иргэдийг турхирч байсан, би мэдээгүй. Гараад иртэл индэр дээр Ц.Мөнхбаяр ярьж байгаа боловч ард нь байгаа нөхөд Төрийн ордон руу бүгд дайр, хашааг нь давж ор гэж турхирч, команд өгөөд зогсож байсан. Ийм юм зохион байгуулах тухай огт яриагүй байхад Удирдах зөвлөлийн хэсэг бүлэг нөхөд тусдаа хуралдчихсан, дээрээс нь хэрэв давах юм бол дараагийн үйл ажиллагааг хийх гээд архи уулгасан согтуу улсуудыг цаана нь бэлдчихсэн байдалтай байсан. Цагдаагийн өчнөөн автобус баривчилгаа хийх гээд ирийтэл зогсчихсон, дээрээс нь удирдагчийг нь барих тушаалыг дотор байгаа хүмүүст өгчихсөн ийм нөхцөлд би яах ёстой вэ?

Хүчирхийлэгчдийн талд ороод олон зуун иргэдийг эд эрхтнээр нь гэмтээж, олон хүний амь насыг эрсдүүлэх байсан уу, эрх баригчдын талд ороод энэ жагсаалыг утга учиргүй болгох байсан уу, эсвэл ард түмний талд ороод өөр дээрээ “урвагч”, “өөдгүй хүн” гэдэг нэрийг авч үлдээд нэг ч гэсэн Монгол иргэний амь насыг хохироолгүйгээр үлдэх байсан уу гэсэн гурван шийдвэрээс би ард түмэнтэйгээ үлдсэн юм. Би ард түмнээ аварч үлдсэн. Би тэр жагсаалыг индэр дээр гарч байгаад хүчээр тараасан. Тараачихаад буугаад хэвлэлд ярилцлага өгч байх үед дээд талд санасандаа хүрээгүй хүмүүс 15-ны өдөр Б.Баярмагнайг сонсолгүй, командгүйгээр шууд дайрна гэж команд өгсөн. Тэгэхээр нь би тактик хэрэглэж, үнэхээр ард түмэн намайг дагаж байж уу, хүчирхийлэгч 3-4 хүнийг дагаж байв уу гэдгийг харахын тулд фронтоосоо түр хөндийрлөө гэж мэдэгдэл хийгээд, өөрийн хүмүүстээ битгий очоорой гэж команд өгсөн. 15-ны өдөр хүчирхийлэгчдийг дагаж яваа 50-хан хүн очсон. Тэр хүмүүс булайгаа чирээд явсан. Өшөө хорсолдоо автаад хэвлэлийн бага хурал зарлаж, намайг хөөж байна гэж мэдэгдсэн, энэ нь хууль бус байсан.

Хэсэг хугацааны дараа бид үүсгэн байгуулагчдынхаа 80 хувьтай уулзалт хийгээд тэд явах замаараа, бид явах замаараа явъя гэсэн шийдвэрт хүрсэн. Тийм учраас өнөөдөр би үүсгэн байгуулагч нь хэвээрээ, фронтын тэргүүн ч хэвээрээ байгаа. Би Их хурлын гишүүн боллоо ч фронтоо дахин босгож ирэх чадвартай, тэр үед жинхэнэ хэн нь хэн бэ гэдгийг таничихсан байх учраас зөв, итгэлтэй, өөрийн, ард түмний дуу хоолой болох хүмүүсээр эгнээгээ зузаатгаж чадна гэлээ.
скачать dle 12.0

Санал болгох