Б.Баярмагнай: Монгол Улсад гадны дайснаас илүү дотоодын дайснууд нь аюул учруулж байна

🕔 2020/05/28 13:58


Монгол улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнээс олон эх орончид, шилдэг цэрэг, дайчид төрөн гарсаныг бид мэднээ. Тэдний нэг бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнайтай уулзан, түүний ажиллаж хөдөлмөрлөж байсан салбар болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцлаа. Тэрбээр Монгол улсын зэвсэгт хүчинд жирийн байлдагчаас хошууч генерал, цэргийн сургуулийн сонсогчоос ЗХЖШ-ын дэд дарга хүртлээ 25 жил тасралтгүй шат дараалсан албан тушаалыг хашиж 2015 онд цэргийн жинхэнэ албанаасаа залуугаараа тэтгэвэр тогтоолгон гарчээ. Тэрээр цэргийн албаа орхиод л шууд улс төр рүү орж 2016 оны УИХ-ын сонгуульд Дундговь аймгаас бие даан нэр дэвшиж байсан билээ. Түүнийг яагаад цэргийн албаа гэнэт орхисон,  улстөр рүү ямар учраас орсон гээд олон зүйлийг сонирхон ярилцлаа.
Эр цэргийн алба бол монгол эрх хүн бүрийн зайлшгүй хаах ёстой алба.  Та энэ албыг 25 жил тасралтгүй хаажээ. Та яагаад энэ албаа гэнэт орхих болсон юм бэ?
-Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалахад энэ биеэ зориулна хэмээн тангараг өргөөд зэвсэгт хүчиндээ 25 жил алба хаажээ. Хэдийгээр генерал цолтой хүн 62 нас хүртлээ цэргийн жинхэнэ алба хаах боломжтой ч надад цэргийн албаа орхих хэд хэдэн шалтгаан байсан юм. Нэгдүгээрт улс төрийн нөлөө, шахалт дарамт. Зэвсэгт хүчинд алба хаасан сүүлийн 10 жилд нь удирдах албан тушаалд ажилласан. Батлан хамгаалахын сайд солигдох бүрт цэргийн дээд удирдлагын хувьд маш их дарамт шахалт ирдэг. Ээлжит халаа сэлгээний золиос нь дээд офицерууд буюу генералууд байдаг. Олон сайхан генералууд ажлаа өгөөд аргагүйн эрхэнд оч гэсэн газарт нь үг дуугүй очиж ажиллан тэтгэвэрийн насыг хүлээдэг. Энгийн байгууллагыг бодвол цэргийнхэн шууд ажилгүй болохгүй, ямар нэгэн албан тушаал өгдөг. Миний хувьд ч үүнийг тойроогүй дайрсан. Миний ажлыг авахдаа 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Өнөөдөр сонин дээр намайг НҮБ-ын секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учир ЗХЖШ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ гэсэн мэдээ тавиулж хүмүүсийг төөрөгдүүлээд маргааш нь буюу 10 сарын 27-ны өдөр албан тушаалаас маань чөлөөлсөн юм. Хүмүүс намайг НҮБ-д үүрэг гүйцэтгэхээр явлаа гэж л ойлгосон. Би өнөөдрийг хүртэл энэ талаар нэг ч тайлбар хийгээгүй явж ирсэн юм. Хоёрдугаарт манай хууль тогтоох дээд байгууллага УИХ-д маань Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэж дуугардаг гишүүд байхгүй болсон. Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнээ боддог сэтгэлтэй гишүүд цөөрсөн зэргээс манай салбар үлгэн салган амьтай голтой явж ирлээ. Зэвсэгт хүчин хүчгүй байх нь хэнд хэрэгтэй юм бэ? Лав л манай улсад биш. Үүнээс болоод би цэргийн албаа орхиод улс төрд орж тангараг өргөсөн цэрэг хүн л эх орноо гэсэн чин сэтгэлээс хандах юм байна гээд хатуу шийдэн тэтгэвэрт гарч, өөрийгөө чөлөөлж аваад улстөрд орж ирсэн.
-Өнөөгийн түвшинд батлан хамгаалах салбарын хөгжил ямар байна. Одоо цаашид нь яаж хөгжүүлэх ёстой юм. УИХ-р батлан хамгаалах салбартай холбоотой хууль тогтоомж гээд баталдаг шүү дээ. Эрх зүйн орчин нь ямар байна?
Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчин хангалттай ч хууль эрх зүйн шинэчлэл маш удаашралтай явагддаг. 1993 онд баталсан Батлан хамгаалах тухай хуулийг 2016 онд л шинэчиллээ. 1998 онд баталсан Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг 2015 оны сүүлд Батлан хамгаалах бодлогын үндэс нэртэйгээр шинэчиллээ шүү дээ. Батлан хамгаалах салбарын төсөв туйлын хангалтгүй байдаг. Батлан хамгаалах салбарт олгож байгаа төсвийн 60-70 хувь нь цалин, 25-30 хувь нь урсгал засвар,  хоол, хүнс, хувцас, бензин, түлш, сургалт гээд таардаг. Бид 5-хан хувиар яаж энэ зэвсэгт хүчнээ шинэчилж чадах юм бэ. Зэвсэглэл техникээ яаж шинэчилэх юм бэ. Монгол улсын зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцоогүй бол, гадаад харилцаа, хамтын ажиллагаа ингэж тэлээгүй бол энэ салбар өдий зэрэгтэй байх байсан  уу гэдгийг төсөөлөөд бодоход ч хэцүү. Дээр нь мэргэжлийн бус сайд нар ирнэ. Бид тулгамдсан асуудлаа шийдүүлж чадахгүй байсаар дараагийн сайдын нүүр үзнэ.
 -Энхийг дэмжих ажиллагаанаас л санхүүжиж, арай гэж тогтдог тухай Б.Бат-Эрдэнэ аварга сайд байхдаа нэг удаа ярилцлагад маань дурдаж байсан удаатай. Үнэхээр одоо ч энэ дэмжлэгээр л яваа байх нь ээ...?
 Дан ганц энхийг дэмжих ажиллагааны санхүүжилтээр явна гэж байхгүй. Батлан хамгаалах салбарт хуваарилсан улсын төсвөөс гадуур энхийг дэмжих ажиллагааны үр дүнгээр олон асуудал шийдэгддэг гэж ойлговол болно. 1990-ээд онд УИХ дээр бидэнд зэвсэгт хүчин, арми хэрэггүй гэж орилдог үе байсан. Хүнд үеэ туулсан зэвсэгт хүчин маань 1999 онд  манай улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай санамж бичигт гарын үсэг зурснаар шинэ дүр төрхтэй болж ирсэн. 2002 оноос энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээр батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж, Монгол улс, зэвсэгт хүчний нэр хүнд гадаад, дотоодод илт өсөж, монгол цэргийн ур чадвар дэлхийд танигдан, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудал ч аажмаар шийдэгдэж ирсэн. НҮБ-аас нөхөн төлбөрөөр орж ирсэн мөнгийг зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэж байна. Гадаад харилцааны үр дүнд гадны тусламжаар зэвсэг, техник, тоног төхөөрөмжөө шинэчилж байна. Уг нь 2005 онд Монгол улсын ерөнхийлөгчөөр батлуулсан Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр гээд байсан. Баталж өгсөн хөтөлбөрөө хэрэгжүүлэх төсвийг нь суулгаж өгөөгүйгээс хэрэгжилтийг нь хангах гэж бид үйлээ үзсэн юм шүү дээ. Цаашид төсөв, санхүүг нь шийдэхгүйгээр хөгжүүлэх  тухай ярихад хэцүү.   
 -Монгол улсын Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч нь байдаг. Таван ерөнхийлөгчийн хэн нь батлан хамгаалах салбартаа илүү анхаарал хандуулж байв?
 Би ерөнхийлөгч нарын ажлыг дүгнэдэг хүн биш болохоор тэр нь сайн энэ нь муу гэж хэлэх нь зохимжгүй биз. Ерөнхийлөгч бүр л зэвсэгт хүчнийхээ тухайд түүхэн үүрэг гүйцэтгэсэн байх. Зэвсэгт хүчнийг цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай болгоход П.Очирбат, Н.Багбанди ерөнхийлөгч нар, Энхийг дэмжих ажиллагаанд анх оролцоход Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч нар нөлөөлсөн гээд яривал сайн тал олон бий. Гэхдээ сайны хажуугаар анхаарал дутсан зүйл ч бас байна. Тухайлбал ерөнхийлөгч цэргийн бодлогын орон зөвлөхтэй байсан одоо алга. Зэвсэгт хүчний өмнө тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэхэд анхаарахгүй байна. Дээр нь сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчнийг улс төржүүлэх асуудал мэр сэр гарах боллоо. Зэвсэгт хүчин улс төрөөс бүрэн ангид байх ёстой юм.
 -Энэ хүчний байгууллагуудаар сүүлийн жилүүдэд их оролдох боллоо. Тахар гэж байгуулаад татан буулгаад, Дотоодын цэрэгийг татан буулгаад эргээд сэргээгээд, дарга нарыг нь байнга солиод. Энэ талаар таны бодол?  
 Шуудхан хэлэхэд манайд төрийн тууштай бодлого алга. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүргийн байгууллага гээд 10-аад байгууллага байна. Тэдний статусыг тогтоосон хуульгүй. Дээр нь ихэнх байгууллага нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар эрх зүйн байдлаа тодорхойлж байсан. Саяханаас бие даасан эрх зүйн байдлын хуультай болж байна. Сүүлийн жилүүдэд эдгээр байгууллагаар тоглож байгаа нь үнэн. 2012 оны засаг маань Дотоодын цэрэг хэрэггүй гээд туг, тамгыг нь хураан авч, бие бүрэлдэхүүнийг цагдаагийн байгууллага руу шилжүүлэв. Хил хамгаалах байгууллагыг 3 хуваан, шалган нэвтрүүлэх чиглэлийг Иргэний харъяатын газар руу, хилийн тагнуулын чиглэлийг Тагнуулын ерөнхий газар руу шилжүүллээ. Тахар хэмээх нэртэй шинэ байгууллагыг гарган ирж цагдаагийн тусгайгийн үүргийг булаан цалин хангамжаар нь далимдуулан бусад хүчний байгууллагаас бүрэлдэхүүн элсүүлж амжсан. Цэргийн тагнуул, хилийн тагнуул, ТЕГ гэсэн тэс өөр үүрэгтэй 3 байгууллагыг хүчээр нэгтгэн зэвсэгт хүчин, хилийн цэргийнхээ нүдийг таглан, чихийг нь сохлож орхисон. Гэтэл 2016 оны засаг Хилийн цэргийн шалган нэвтрүүлэхийг буцаан ХХЕГ-т нь нэгтгэж, Тахарын газрыг татан буулгав. Дотоодын цэргийн тухай хууль батлан 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс эргээд байгууллаа. Энэ хугацаанд хичнээн байгууллага, хувь хүн хохирч, татвар төлөгчдийн мөнгийг хичнээн хэмжээгээр үргүй зарлагадлаа. Төрийн ордныг хамгаалж байгаа төрийн тусгай хамгаалалтын газар маань цэргийн байгууллага биш мөртлөө өөрийн гэсэн батлагдсан дүрэмт хувцасгүйн балагаар цэргийн дүрэмт хувцас өмсөж, айлчлан ирэх зочдод Ардчилсан Солонгос мэт харагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялгаагүй цэргийн байгууллага биш атлаа цэргийн дүрэмт хувцас, цэргийн цол хэргэмийг хэрэглэж байгаа нь бас л гажууд үзэгдэл. Төр засаг үүнд анхаараад эдгээр байгууллагыг гүйцэтгэх үүрэгт нь зохицсон шинэ дүрэмт хувцастай болмоор юм даа. Цэргийн байгууллага гэдэг чинь цэргийн тангараг өргөдөг, цэргийн цол, хэргэм, дүрэмт хувцас хэрэглэдэг, цэргийн нийтлэг дүрмэнд захирагддаг, цэргийн зэвсэглэл, техник ашигладаг байгууллага шүү дээ. Дээр нь үндсэн чиг үүрэг нь гадны халдлагаас хамгаалахад чиглэгдсэн. Үүнийг мэддэг хүн энэ УИХ-д байдаг байгаа даа гэдэгт ч эргэлзэхэд хүрэх юм.
-Саяхан УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Тусгаар тогтнолын ордонд 300 офицер дуудаж уулзан зэвсэгт тэмцэл, бослогод уриалж байна гэээд сүртэй мэдэгдсэн. Ерөнхий сайдад ийм эрх байдаг юм уу?
 Ерөнхий сайд хүнд улс орны асуудалд оролцох эрх хангалттай байдаг байх. Гэхдээ улс төрийн зорилгоор, улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахаар цэргийн жинхэнэ албыг хааж буй офицеруудыг дуудаж уулзах эрх байхгүй. Цэргийн алба бол цэргийн жинхэнэ алба, цэргийн бэлтгэл албанаас бүрддэг. Цэргийн жинхэнэ алба хаагч улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хуулиар хориглосон байдаг. Харин бэлтгэл офицеруудын тухайд бол өөр асуудал. Тэд энгийн иргэдийн нэг адил гэж ойлгож болно. Дээр нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу сайд ирээд танк, зэвсэг өгсөн байна. Яах гэж байгаа юм энэ зэвсгээр гэж хэлсэн нь бас л хариуцлагагүй мэдэгдэл байв. Төрийн өндөр албан тушаалтан хүний амнаас гарсан гэдэг утгаараа Монгол улс ОХУ-ын дипломат харилцаанд сэв суулгах, Монгол улс ОХУ-ын батлан хамгаалах салбарын олон жилийн Цэрэг техникийн хамтын ажиллагаанд саад учирах, улс оронд үүсээд буй өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг улам хурцатгах гээд олон сөрөг тал гарч мэдэхээр мэдэгдэл байсан. УИХ-ын гишүүн хүн Монгол улсын батлан хамгаалах салбар өнөөдөр Цэрэг техникийн хамтын ажиллагаа, Цэргийн хамтын ажиллагааны талаар ямар ч ойлголтгүй, Монгол улсынхаа зэвсэгт хүчнийхээ зэвсэглэл, техникийн өнөөгийн байдал, шинэчлэлтийн талаар ямар ч мэдлэггүй байгаа нь харамсалтай.
 -Та иргэн хүнийхээ хувьд өнөөдөр монголын улстөрд үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй гэдэг. Улс төрийн эрх мэдлийн энэ тэмцлийн хохирогч нь монголын ард түмэн л болж байна. 60 тэрбумын схем л гэнэ. Бүх намд л албан тушаалын схем байдаг шүү дээ. Тэр схемээрээ ээлжлэн төр барихдаа яам, агенлагт салбарынх нь жирийн төрийн албан хаагчаас нь биш өөрийнхөө намынхаа схемд орсон харь гаригийн хүнээ авчирч хэлтсийн даргаас дээшхи бүх албан тушаалд томилж ирсэн биз дээ. Шударгаар салбараас  нь дэвшүүлэн томилсон нь хүруу дарам цөөхөн шүү дээ. Ард түмний өмнө ингэж жүжиг тоглоод яах вэ дээ. ЖДҮ л гэнэ. Тэр нь Эрдэнэт, Оюу толгой, Бонд, Асем, Төмөр зам гээд өчнөөн том луйврын дэргэд юу ч биш шүү дээ. Улс орноо ийм байдалд оруулсан АН, МАН хоёулаа тарах хэрэгтэй. Ард иргэдээс үүрэг хүлээн сонгогдчихоод ажлаа хийхгүй байгаа УИХ нь ч, Засаг нь ч тарах хэрэгтэй. Төрийн цэвэрлэгээ ч гэх шиг. Хэн нь хэнийгээ зайлуулах гээд байгаа юм. Ард иргэдээ хог ухуулан амьдруулахад хүргэсэн төрийн эрх мэдэлтэнгүүдийг бүгдийг нь цэвэрлэхийг л ард түмэн хүсэж байгаа.
 -Та дотоодын дайсантай тэмцэнэ гэдэг үг хэлсэн тухайд?
 Би тэгэж хэлсэн. Би өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаална гэж тангараг өргөж харийн дайснаас эх орноо хамгаалж ирсэн. Гэтэл харийнхан бидэн рүү зэвсэг барьсан цэргүүд биш, зальжин инээсэн луйварчидаа илгээн зоосонд дуртай дотоодын дайснуудаар халхавч барин нэвтэрч элэг зүрхнээсээ хайрлан хамгаалж байсан эх орны минь газар нутгийг тал талаас нь онгичин уудалж хамаг үнэтэй байгалийн баялагийг маань ховх сорон авах хомхой сэтгэл агуулан улсыг маань зэвсгийн хүчээр биш дааж давшгүй өрөнд оруулан мөнгөний хүчээр эзлэн авахыг санаархаж байгааг би анзаарав гэж хэлсэн юм. Монгол эх орны байгалийн баялгийн лицензийг гадныхан эзэмшиж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг манай төр гадаадын олон компани, иргэдэд уул уурхайн лиценз эзэмшүүлэн илт зөрчиж байгаа юм. Нөгөө талаар манай иргэд харийхны гар хөл болон тэдэнтэй хамт эх орноо тонон дээрэмдэж байна. Байгалийн баялгийг цөөхөн хэдэн хүн эзэмшиж байгаа нь дэндүүд шударга бус байна. Ашиг нь улс оронд бус тэдэнд л очиж байна.
-Та 2016 онд нутгаасаа УИХ-д бие дааж нэр дэвшиж байсан. 2020 онд даагаа нэхэх үү...?
 2016 онд би ажлаа өгөөд л шууд сонгуульд орж байсан болохоор улс төрийн ямар ч туршлага байгаагүй. Өнгөрсөн хугацаанд би их зүйл ойлгож мэдлээ. Туршлага ч хуримтлууллаа. Олон ч хүнтэй уулзаж зөвлөгөө авлаа. Өөрийн гэсэн дэмжигч нартай ч боллоо. Одоо би 2020 оны сонгуульд өрсөлдөхөд бүх талаар бэлэн байна. Би энэ улс төрчидөөс олон зүйлээр ялгарч чадна. Би эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангараг өргөн 25 жил тасралтгүй зүтгэн өөрийгөө эх орондоо үнэнч гэдгээ батлан харуулсан. Би эх орон, төр засгийнхаа өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээн энхийг дэмжих ажиллагааны үндэс суурийг тавьж, Иракийн эрх чөлөө ажиллагаа, НҮБ-ын Сьерра Улс дахь энхийг сахиулах ажиллагааны анхны ээлжийн цэргийн багийг удирдан өөрийгөө таниулсан. Зэвсэгт хүчний нүүр царай болсон мэргэжлийн цэргийн 2 ч ангийг шинээр босгож чадвараа үзүүлсэн. Өнөөгийн монголын төрд эх орныхоо эрх ашгийг дээдэлдэг, шударга, эх оронч, үнэнч хүн үгүйлэгдэж байна. Тэнд миниa орон зай байгаа гэдэгт би итгэлтэй байна.
 Танд баярлалаа. Таны цаашдын ажилдд амжилт хүсье.
 Монгол улсын төлөө зүтгэе!
Эх сурвалж:Улстөрч.мнскачать dle 12.0

Санал болгох