Милая түргэн хоолны газарт торгууль ногдуулжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жуков 55 тоотод байрлах Милая фүүдс ХХК-ийн Милая түргэн хоолны газрын үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар түргэн хоолны газрын хана, тааз, цонхны будаг, шохой хууларсан, шалны булан тохой цэвэрлэгдээгүй, түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах хөлдөөгчинд мөс тогтсон, хадгалж буй бүтээгдэхүүнийг зориулалтын уутанд хийж, хаягжуулаагүй, ажиллагсад ээмэг, бөгж, бугуйн зүүлт хэрэглэсэн, гарын хумс ургуулж будсан, хөдөлмөр хамгааллын хувцасны ариун цэвэр хангагдаагүй /ноосон өмдтэй, гадуур гуталтай, малгай өмсөөгүй, хормогч өнгө үзэмжээ алдсан, хиртэй, нэг удаагийн бээлий өмсдөггүй/, гадны хувцастай хоол үйлдвэрлэлийн байранд нэвтэрдэг, эмх цэгц, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, үйлчилгээ эрхлэгч нь бэлэн бүтээгдэхүүнээс дээж авч, бүртгэл хөтлөөгүй зэрэг зөрчил илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллажээ.
Мөн иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их дарь эхийн 2 дугаар хэсэг 5Г тоотод байрлах Оюу цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус цайны газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, технологи урсгал зөрчигдсөн, цайны газрын ажиллагсад, үйлчлүүлэгчдийн гар угаах, ариутгах нөхцөлийг бүрдүүлээгүй, түүхий эд, бүтээгдэхүүн, сав баглаа боодлын хадгалалт, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуй зөрчигдсөн, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, бэлэн бүтээгдэхүүнээс дээж авч, бүртгэл хөтлөөгүй, бэлэн болсон ширхгийн хоолыг ил задгай тасалгааны нөхцөлд хадгалдаг зэрэг зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажилласан байна.