Хууль, шүүхийнхэнтэй хуйвалдсан О.Лхагвацэдэн бусдын хөрөнгийг булаахаар улайрч явна

🕔 2020/05/15 11:40

Барилга, Хот Байгуулалтын Яамны Нийтийн Аж Ахуйн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын Дарга О.Лхагвацэдэн гэх эмэгтэй салаад найман жил болсон нөхрийнхөө ах, дүү нарын компани, үл хөдлөх хөрөнгө, аав, ээжийнх нь амьдран суудаг хашаа, байшинг нь хүртэл өөрийн болгохоор ханцуй шамлан орсон талаар эх сурвалж баримт дэлгэн ярьж байна. Тэрбээр энэ бүх санаархлаа хэрэгжүүлэхдээ төрсөн эгч болон үеэл эгчийнхээ нөхрийг ашиглаж байгаа гэнэ. Учир нь, түүний төрсөн эгч нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны эхнэр бол үеэл эгч нь гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн зөвлөх Б.Баатарын эхнэр юм байна. Хүргэн ахынхаа нэр нөлөөгөөр яамны газрын даргын албан тушаал хаших болсон түүний хөрөнгө жилээс жилд хэдэн тэрбумаар нэмэгддэг гэдгийг ХОМ-ээс нь харж болох гэнэ. Мөн Ч.Улаан сайд О.Лхагвацэдэнтэй хамтран хоёр яамны тендерийг өөрсдөдөө ашигтайгаар “зохицуулдаг” болоод удаж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. О.Лхагвацэдэн нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх, лагийг дахин боловсруулах, үнэргүйжүүлэх 300 сая ам.долларын төслийг гардан гүйцэтгэдэг. Мөн Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр таван аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд 17.5 сая евро, есөн аймгийн цэвэрлэх байгууламжид 40 сая ам.доллар, лагийг үнэргүйжүүлэхэд 35 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэх томоохон төслүүдийг атгалцаж буй гол хүн. Ингэснээр сүүлийн нэг жилийн хугацаанд түүний хөрөнгө, орлого санаанд оромгүйгээр нэмэгдсэн байдаг. 
 
 
Тэрбээр зөвхөн улсын тендер, элдэв төслөөс халааслаад зогсохгүй хавь ойрынхоо байж болох бүх хүнээс мөнгө босгож, үл хөдлөх хөрөнгийг нь шүүх, прокурор дахь танил талаараа дамжуулан дээрэмддэг гэнэ. Ямар сайндаа л аль найман жилийн өмнө салсан нөхрийнхөө ар гэрийнхний хөрөнгийг өөрийн нэр дээр болгохын тулд шүүхдэлцэж явах вэ. Харин энэ бүхнээс цэвэрхэн мултлах ажлыг нь өмгөөлөгч мэргэжилтэй үеэл эгч н.Сараа нь нөхөр, гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн зөвлөх Б.Баатарынхаа хамт хийж, дүүгийнхээ арыг танил тал, шавь нарынхаа тусламжтайгаар даадаг гэж байгаа.  
 
Тухайлбал, өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан, гавьяат хуульч Б.Баатар нь өөрийн гарын шавь, өмгөөлөгчөөр ажиллаж байсан Э.Энэбишийг шүүгч болоход нь нөлөөлсөн бөгөөд одоо Дүүргийн ерөнхий шүүгч болох хүсэлтийг нь холбогдох газарт нь өгүүлээд байгаа гэнэ. Ийнхүү богино хугацаанд албан тушаал ахиулж байгаагийнхаа хариуд О.Лхагвацэдэнтэй холбоотой шүүх хурлын шүүгчээр Э.Энэбишийг нэг биш удаа тааруулан ажиллуулсан гэдгийг эх сурвалж мэдээлж байлаа. О.Лхагвацэдэнгийн анхны нөхөртэй холбоотой асуудлаарх шүүх хурлын шүүгчээр мөн л томилогдсон мэдээлэл бий.
 
О.ЛХАГВАЦЭДЭНД НӨХӨР НЬ БАЙГАА БҮХНЭЭ ӨГЧЭЭ 
Б.Баттогтох, О.Лхагвацэдэн нар гэр бүл болоод 20 гаруй жил болсон бөгөөд гурван сайхан охинтой болсон ч амьдралын эрхээр хоёр тийшээ болжээ. Гэхдээ Б.Баттогтох өөртөө байсан, эхнэртэйгээ хамтдаа бүтээсэн бүхнээ буюу салон, сүлжээ дэлгүүр гээд юу л байна, түүнийгээ эхнэрийнхээ нэр дээр шилжүүлээд салсан байна. Гэтэл өдгөө О.Лхагвацэдэн нөхрийнхөө ах, дүүгийн компанийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, аав, ээжийнх нь хашаа, байшинг хүртэл авахаар шүүхэд нэхэмжлэл гарган явж байгаа. Үнэхээр тэрбээр ямар ч хөрөнгөгүй болоод ингэж байна уу гэвэл үгүй. Өнгөрсөн хугацаанд охидынхоо дунд сургуулийн төлбөрийг, бусад хэрэглээний зардлыг салсан нөхрөөсөө байнга авч ирсэн. Мөн тэрбээр залуу нөхөртэй бөгөөд хүүхдээ 40 саяын төлбөртэй сургуулиас 140 сая төгрөгийн төлбөртэй сургууль руу шилжүүлжээ. Ингээд зогсохгүй “Грийн Вилла” хотхонд 400 ам метр хэмжээтэй байранд залуухан нөхөртэйгээ амьдардаг төдийгүй шинэ жилийг гэр бүлээрээ гадаадад тэмдэглэдэг уламжлалтай. Энэ нь түүнийг ямар хэмжээний бэл бэнчинтэй гэдгийг илтгэнэ. Мөн түүнд долоон тэрбум төгрөгийн үнэд хүрэх газар хүртэл бий гэнэ. Гэсэн атал салаад найман жил орчим болж байгаа ч эдийн засгийн бүх талын туслалцаа авсаар ирсэн нөхрийнхөө ар гэрийнхний эзэмшлийн хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг авахаар шүүхэд гомдол гарган, нэхэмжилж яваагийнх нь ард гавьяат хуульч ах нь байдаг болохоор тэр зоригтой хөдөлдөг биз. О.Лхагвацэдэнгийн хуучин нөхөр Б.Баттогтох “Одоо надад түүнд өгөх үл хөдлөх болон өөр эд хөрөнгө үлдээгүй. Гэтэл миний ах дүүгийн хашаа, байшинг хүртэл авахаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргасан байна лээ. Хүнийхээ хувьд, бас хүссэн бүхнийг нь өгсөн хүний хувьд гайхаад л сууж байна. 
 
 
 
Монголд байгаа ах, дүү нарын маань хувийн бизнес, үл хөдлөх хөрөнгүүдийг авна гээд хамтарч олон юм хийсэн хуульч, өмгөөлөгч ах эгч хоёртойгоо нийлээд явж байна. Бид хоёрыг, салах үеэр Лхагвацэдэнгийн үеэл эгч, өмгөөлөгч Сараа нь над руу хэд хэдэн удаа ярьж “Өмгөөлөгч, хуульчдын дүүгээс салахаар юутай хоцордогийг хараарай” гэж дарамталж байсан. Надтай ямар ч хамааралгуй компанийн эд хөрөнгийг булаах юм байх даа гэж гайхаад байж байна” хэмээсэн юм.  
 
О.ЛХАГВАЦЭДЭН НАР ЭРХ МЭДЛЭЭРЭЭ ДАЛАЙЛГАН ДЭЭРЭМ ХИЙЖ БАЙНА 
О.Лхагвацэдэн нь хуучин нөхрийнхөө авга дүүгийн компанийг авахаар санаархаж буй. Уг нь тус компанийг анх 2007 оны есдүгээр сард түүний нөхөр Б.Баттогтох, ах Б.Батзоригтойгоо хамтран байгуулжээ. Ингэхдээ Б.Баттогтох нь 51, Б.Батзориг 49 хувийн хувьцаа эзэмшиж, компаниа байгуулан, худалдаа, үйлчилгээний зориулалттай бизнесийн үйл ажиллагаа явуулж байв. Харин үүнээс долоон жилийн дараа буюу 2014 онд Б. Баттогтох ах Б. Батзоригт компанийн 51 хувийн хувьцаагаа 297 мянган ам.доллароор худалдаж, компанийн эрхээ бүрэн шилжүүлсэн байна. Түүнээс хойш жилийн дараа Б.Батзориг эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж, ээж Я.Галяд бүрэн эрхээ шилжүүлжээ. Ингээд Я.Галя хоёр жил орчим хугацаанд тус компанийн захирлаар ажиллаж байгаад хамгийн том ач буюу Б.Батзоригийн хүү Б.Төгөлдөрт компанийн эрхийг 2017 онд шилжүүлсэн. Одоо харин компанийнхаа талбайг түрээсийн зориулалтаар ашиглаж буй. “АРЕХ” группийн захирал Б.Төгөлдөрөөс ахынх нь салсан эхнэр яагаад компани болоод компанийнх нь нэр дээрх эд хөрөнгийг авах гээд байгаа талаар тодрууллаа.
 
Тэрбээр “Манай ах Б.Баттогтох түүний эхнэр О.Лхагвацэдэн нар нь гэр бүлээ цуцлахаар болсон. Ингээд тэд хуулийн дагуу өмч, хөрөнгөө хуваан авахаар болж, О.Лхагвацэдэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн. Энэ нэхэмжлэлдээ миний нэр дээр 2017 онд албан ёсоор шилжчихсэн компанийн хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг авна гэж мэдүүлсэн байна лээ. Уг нь нэхэмжлэл гаргахаас өмнө энэ компани тухайн гэр бүлд хамааралгүй болчихсон юм шүү дээ.
 
Гэтэл нэхэмжлэлийг нь шүүх хүлээж аваад, намайг хариуцагчаар татан шалгаж байна. Надад хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Хууль ёсны дагуу компанийн эрхийг авсан байтал шүүхэд дуудагдах боллоо. Энэ нь миний ажилд маш их хүндрэл учруулж байгаа. Мөн компанитай ямар ч хамааралгүй, миний өөрийн эзэмшлийн хөрөнгийг хүртэл нэхэмжилсэн. Ингээд шүүхээс үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах бүх эрхийг хаачихсан байдалтай байна. О.Лхагвацэдэн нь эрх бүхий албан тушаалтны нэрийг барьж, хууль хүчний байгууллагад нөлөөлдөг гэсэн. Тухайн албан тушаалтан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан. Түүний эхнэр нь О.Лхагвацэдэнгийн төрсөн эгч юм билээ. Тэд эрх мэдлээ далайлган дээрэм хийх гэж байна” гэлээ.
Дээр дурдсанчлан О.Лхагвацэдэн хүүхдүүдээ өндөр үнэтэй сургуульд сургаж, хэр баргийн хүн амьдраад байдаггүй өндөр үнэтэй хотхонд 400 ам метр талбайтай байранд залуухан нөхөртэйгээ амьдардаг. Гэсэн атлаа хоёр тийшээ болохдоо бүх хөрөнгөө хуваагаад салсан нөхрийнхөө ах, дүү хамаатан садны хөрөнгийг авахаар үхэн хатан зүтгэж байгаагийн учрыг ойлгохгүй байгаагаа эх сурвалж онцолсон юм.

Эх сурвалж: http://www.sonin.mn/news/politics-fb-bot/111202
скачать dle 12.0

Санал болгох