“Ур чадвар-2019” гагнуурчны мэргэжлээр суралцагчдын бүсийн уралдаан боллоо
Дархан-Уул аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ төвийн бүсийн арга зүйн төвтэй хамтран мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын гагнуурчны мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд ур чадварын уралдаан зохион байгууллаа.
Тус уралдаан нь гагнуурчны мэргэжлийн нэр хүнд, ажил үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, сургалтын чанар, стандартыг дээшлүүлэх, олон улсын жишигт ойртуулах, туршлага солилцох, урамшуулах дэмжих, шилдэг оролцогчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулагддаг аж.
Мэргэжлийн сургуулиудын гагнуурчин мэргэжлийн “Ур чадвар-2019” уралдаанд Дархан-Уул аймаг дахь МСҮТ, Дархан-Өргөө политехникийн коллеж, Төв аймаг дахь МСҮТ, Баянчандмань сум дахь МСҮТ, Заамар сум дахь МСҮТ, Сэлэнгэ амйгийн МСҮТ, Мандал сум дахь Зүүнхараа политехникийн коллежийн гагнуурын мэргэжлийн ангийн 7 суралцагч өрсөлдлөө.
Уралдаан нь мэргэжлийн түвшинд зохион байгуулагдсан бөгөөд Цахилгаан нуман гагнуур, Хагас автомат гагнуур, хийн гагнуур гэсэн 3 ажилбараар дүгнэж шилдэгүүдийг тодруулсан аж.
Ур чадвар-2019 бүсийн уралдаанд 7 мэргэжлийн сургуулиас 7 оюутан ур чадвараараа өрсөлдсөнөөс Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн гагнуур 2а ангийн сурагч Д. Эрдэнэбат 1-р байр, Дархан Өргөө ПК-ийн гагнуур 2а ангийн суралцагч А. Амгаланбаяр 2-р байр Төв аймгийн Зуунмод сум дахь МСҮТ-ийн гагнуур 1а ангийн сурагч Э. Баянзүрх 3-р байр эзэлж шилдэгүүдээр тодорчээ.
Бүсийн ур чадварын уралдаанд түрүүлсэн оюутан “Монгол-Ур чадвар” улсын уралдаанд оролцох эрхтэй авдаг аж.Энэ удаагийн улсын уралдааны эрхийг Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн гагнуур 2а ангийн сурагч Д. Эрдэнэбат авсан аж.Улсын уралдаан амжилт гаргаж тэргүүлсэн тохиолдолд тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болох аж.
Дашрамд 2015 оны ур чадварын дэлхийн тэмцээнд хавтанцарын төрөлд Дархан дахь МСҮТ-ийн оюутан оролцож амжилт гаргаж байсан билээ.