“Бэлэн бай” сургалтын уралдааны шилдгүүд тодорчээ

🕔 2019/04/01 02:45
Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадвар олгох зорилгоор “Бэлэн бай” сургалтын үндэсний болон орон нутгийн түвшинд бэлтгэгдсэн сургагч багш нарыг идэвхжүүлэх зорилгоор “Болзолт уралдаан”-ыг улсын хэмжээнд зохион байгуулсан ажээ.
 “Болзолт уралдаан”-ы хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Урьдчилан сэргийлэх тасгийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд нийт 2300 орчим сургалт зохион байгуулж, 300 гаруй мянган иргэнийг хамруулсан байна.
Сургалтыг үр дүнтэй, чанартай, олон хүнд гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл олгосон зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэн шилдэг алба хаагчдыг шалгаруулсан байна.
Тус шалгуур үзүүлэлтийн нийлбэр дүнгээр орон нутгийн алба хаагчдын эхний байруудад Архангай аймгийн ОБГ-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Чимэдлхам, Дархан-Уул аймгийн ОБГ-ын мэргэжилтэн, ахмад С.Саран, Завхан аймгийн ОБГ-ын мэргэжилтэн, ахмад С.Ганзориг нар тус тус шалгарч, “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
“Бэлэн бай” сургалтын багцыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах ангиллын сургалтын хөтөлбөр”-ийн дагуу боловсруулан, ард иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгоход сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байгаа аж.
скачать dle 12.0

Санал болгох