“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд тоглоом суурилуулах шав тавилаа
Дархан-Уул аймгийн 2018 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор”-т зургаан ширхэг тоглоом шинээр нийлүүлэх хөрөнгө батлагдсан аж. Тус ажлыг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүднээс аймаг орон нутгийн удирдалгууд болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд тоглоом суурилуулах ажлын шав тавьлаа.
Энэ дагуу 2018 оны зургаа дугаар сард “Ти Эс Жи” ХХК тендерт шалгаран гэрээг байгуулж 10 дугаар сард Агаарын дугуй, Мөргөлддөг машин, Усан онгоц, Кофены аяга, Гинжит савлуур, Морин тойруулга гэсэн зургаан ширхэг тоглоомыг нийлүүлсэн ажээ.
Харин 2019 оны 02 дугаар сарын 11-нд Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн 8.6 га газарт “Хүүхэд, залуучуудын соёл амралтын цогцолбор”-ын зориулалтаар хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны менежмент хийх хуулийн этгээдийн эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендер зарлагдаж 2019 оны 03 дугаар сарын 04-нд “Минж проперти”ХХК, “Бурхантын ирээдүй”ХХК хамтран хэрэгжүүлэхээр шалгарчээ.
Уг ажлыг Эх, үрсийн баярын өмнө дуусгахаар талууд гэрээ байгуулсан аж.Батлагдсан төсөл /эскиз/ зургийн дагуу цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөж буй хэсгийн тоглоомуудтай, олон нийтийн үйл ажиллагаа явагдах идэвхтэй амралтын хэсэг байхаар төлөвлөж цаашид уг ажил үргэлжлэн үе шаттайгаар хөгжүүлэх, шинэчлэх ажлыг хийх ажээ.