Хэвлэл мэдээллийн салбарынхан цусаа хандивлав
Монгол Улсад Сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 106 жилийн ой энэ өдөр тохиож байна.Энэ хүрээнд МСНЭ-ийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлөөс тодорхой ажлыг санаачлан хийж, хэрэгжүүллээ.
Тодруулбал салбарын үйл ажиллагааг явуулахад зориулагдсан өөрсдийн байртай болж түүнийг засч тохижуулах ажлыг хийж энэ өдөр нээлтээ хийсэн аж.Дотоод нөөц боломжоо ашиглах, төсөл бичиж засварын болон тохижилт, тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэж чаджээ.Аймгийн Эмэгтэйчүүдийн ордонд байрлах тус байр нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын хөгжих боломжийг нээж “Сэтгүүлч хөгжлийн төв” нэртэйгээр үйл ажиллагаа явуулах ажээ.
МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл нь Үндэсний сэтгүүл зүйн ойн өдөр, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан тодорхой ажлуудыг тогтмол зохион байгуулж хэвшсэн.
Энэ тэмдэглэлт өдрийг угтан “Өглөөний цай” үйл ажиллагааг сүүлийн 4 жилийн турш зохион байгуулж хамтдаа нэгэн өглөөг халуун дулаан яриагаар эхлүүлж салбарынхаа алдаа, оноог ярилцдаг аж.
Үүний дараагаар мөн сүүлийн 5 жил тасралтгүй зохион байгуулж хэвшсэн ажил нь сайн дураараа цусаа хандивлах аянд нэгддэг ажээ.
Нэг хүн 350 мл цус өгсөнөөр гурван хүний эрдэнэт амийг амардаг бол сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд Үндэсний Сэтгүүл зүйн ойн өдрөөр ийнхүү цусаа хандивладаг аж.Одоогийн байдлаар хэвлэл мэдээллийн найман ажилтан тогтмол цусаа өгч донор болсон байна.Нэгдсэн эмнэлэгийн Б.Батсүрэн эрхлэгчтэй Цусны төвтэй хамтран ажиллаж иргэдийнхээ ирээдүйн амьдралд нь баяр баялыг ийнхүү нэмдэг аж.
Түүнчлэн ойн өдрийн хүрээнд Дархан салбарын хамт олон ирэх 9,10-ны өдрүүдэдсургалт зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.Үүнд “Сэтгүүл зүйн өнөөгийн чиг хандлага” сэдвээр ахмад сэтгүүлч Б.Норовсамбуу, “Фото аппаратаар хэрхэн зураг авах вэ? Хэрхэн зөв ашиглах вэ?” сэдвээр “Нарыг хайрла” хойд бүсийн гэрэл зурагчдын холбооны тэргүүн Г.Анхбаяр, “Хуулийн зөвлөгөө” сэдвээр сэтгүүлч, МСНЭ-ийн Дархан салбарын хуулийн зөвлөх Г.Мөнхгэрэл, “Уран зургаар төлөөлөн орчлонг тольдохуй” сэдвээр Сэтгүүлч, СГЗ Ө.Рагчаасүрэн нар сургалт зохион байгуулах ажээ.
Тус хамт олон улирал бүр тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөний эхний ажил нь гишүүддээ чиглэсэн ажил бол 2,3,4 дүгээр улиралд нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аяныг өрнүүлэхээр болжээ.