“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ

🕔 2019/02/21 23:14
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийн төсөлд олон нийтийн саналыг авч тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт сумдын Засаг даргын тамгын газар, Хөдөө аж ахуйн тасаг, Дархан сумын 1,2,3,6,15, Малчин баг зэрэг мал бүхий багуудын ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга нар, малчид, фермерүүд, тариаланч, ногоочдын төлөөлөл оролцсон аж.
Хэлэлцүүлгийн эхэнд “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийн төслийг ХХААГ-ын Мал аж ахуйн албаны /МААА/ дарга Б.Оюунтөгс танилцуулав.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 70 дугаар тогтоолоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэсэн тухай онцлон 2018 онд Дархан-Уул аймагт Эрчимжсэн аж ахуйн чиглэлээр хийгдсэн ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээллийг өглөө.
Түүнчлэн хэлэлцүүлгээр мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэх, малын гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжих, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах замаар орон нутгийн болон бүсийн хэмжээний хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж, чанарыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийн дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Үүнд мах, сүүний чиглэлийн үхрийн загвар аж ахуй “Дархан ферм төсөл”–ийг хэрэгжүүлэх, махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн 100 толгой хээлтэгч худалдан авч, цөм сүргийн аж ахуй байгуулах, Малын Удмын сангийн Үндэсний төвтэй /МУСҮТ/ хамтран өндөр ашиг шимтэй махны, сүүний чиглэлийн үүлдрийн гүн хөлдөөсөн үрээр 1000 үнээнд хээлтүүлэг хийх, махны чиглэлийн Герфорд үүлдрийн өсвөр 20 толгой хээлтүүлэгч бойжуулах, ОХУ-ын Эрхүү мужийн Белореченскийн аж ахуйгаас сүүний чиглэлийн Хар тарлан үүлдрийн 50 толгой үхрийг гэрээгээр оруулж ирэн нутагшуулах, Дархан-Сэлэнгийн орчмын сүүний үхрийн фермерүүдийг түшиглэн газрын асуудлыг шийдвэрлэх замаар сүү боловсруулах үйлдвэрийг байгуулах, НҮБ-ын “Secim” төсөлтэй хамтран Хонгор сумын 2 цэгт сүүний хөргөлтийн төв байгуулах, Япон улсын JAICAF төсөлтэй хамтран “Орон нутгийн иргэдийн амжиргааг сайжруулах зорилгоор зөгийн аж ахуй эрхлэлтийг дэмжих” төсөл хэрэгжүүлж зөгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжиж ажиллах, төвийн бүсийн “Шилмэл малын үзэсгэлэн худалдаа 2019”–г зохион байгуулах, ашиг шим өндөртэй малын бүртгэлжүүлэлт, ээмжэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэн бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, тариалангийн сэлгээнд малын тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлж эрчимжсэн аж ахуй шүүст болон ногоон, хүчит тэжээлийн ургамлын төрөл, хангамжийг нэмэгдүүлэх, гахай, тахиа болон саалийн үнээний бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр байгуулах иргэдийн санаачлагыг дэмжих зэрэг ажлуудыг хийх ажээ.
Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр төвлөрсөн хүн амын хүнсний хангамж, хүртээмж, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулсан загвар аймаг болох үр дүнг хүлээж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын МААА-ны дарга Б.Оюунтөгс хэлэлцүүлгийн үеэр мэдээлэв.
скачать dle 12.0

Санал болгох