Хатгаж эмчилдэг Т.Дагмид: Нэг удаа манайд 1750 хүн эмчлүүлэх гэж ирж байсан

🕔 2019/02/15 13:41
Хатгаж эмчилдэг Т.Дагмид гэдэг хүнийг Дарханд ирэх бүрт нь уулзаж ярилцах юмсан гэдэг бодолтой байлаа. Гэвч хоёр ч удаа уулзах гэж очоод олны хөлийн бужигнаанаас залхаад явж билээ. Харин энэ удаад дөнгөж Дарханд ирсэний маргааш нь буюу шинийн 8-ны билэгт өдрийн өглөө яаран очиж бүртгэл данс хөтөлдөг залууд учраа хэлж ярилцахыг хүсэхэд.  Миний биеийн байцаалт болох ажлын үнэмлэхийг дотогш авч орсноо төд удалгүй гурван хүнтэй гарч ирлээ.Тэдний нэг нь Т.Дагмид гуай байлаа.

Монгол ёсоор мэнд мэдэж учир байдлаа дахин хэлэхэд тэрээр “Мэргэжил сургалт гэх зүйлгүй хүнийг янз бүрийн юман дээр тавих хэрэг байна уу? Дүү минь” гэлээ. Та хэд хонох вэ? Ямар ажлаар ирсэн гэхэд “Хадам ээжийн дүү харвалт өгөөд яаралтай ир гэж дуудуулаад тэгээд босгоод суулгачихсан яриад сууж байна” гэж дөлгөөхнөөр яриа өрнөж хэдэн хором ярилцах боломж олдсон нь энэ. Олон зүйлийг асуух гэсэн ч Т.Дагмид гуайг зорьж ирсэн хүмүүсийн хүлээлтээс үүдэн цөөхөн минут ярилцсанаа хүргэе.
Эмчилгээ хийлгэж байгаа үе болон өөрийнх нь зургийг авах гэсэн боловч дэмий биздээ дүү минь гэж даруухнаар татгалзсан хариу өгсөн тул илүү зан гаргаж, арга чарга хайж авъя гэж бодсонгүй.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Баярлалаа. Чамд ч гэсэн энэ өдрийн мэнд. Сайхан шинэлсэн үү?
-Дагмид гэдэг нэрийг сонсохоор хүн бүрт шууд хатгадаг, эмчилдэг гэдэг ойлголт төрдөг. Хэдий үеэс эхэлж хатгаж, эмчилж эхэлсэн бэ?
-Мэргэжил, сургалт гэх зүйлгүй хүнийг янз бүрийн юман дээр гаргах хэрэг байна уу? Дүү минь. Ах нь сургуульд байхаасаа л эхэлсэн. Дотуур байрны хүүхдүүдэд могойн яр гээд юм гардаг байсан. Тэр мэтийн зүйлийг зүүгээр хатгаад хагалаад авчихдаг тийм л хүүхэд байсан. Сүүлдээ морь, хонь мал хатгаж эхэлсэн. Тэгээд л зэрэгцээд хүн хатгаад явсан.
-Ойролцоогоор хичнээн хүнийг хатгаж эмчилсэн бэ?
-Дундуур нь нэг хэсэг бүртгэж байгаад больсон. Аль болгоныг бүртгэхэв гээд орхисон. Өдөрт 100-200 хүн, заримдаа түүнээс ч их. Нэг удаа 800 гаруй хүн цугласан байсан. Тэр дунд Фэн Шүй С.Ганбаатар дарга очсон. Тэгээд за болъё би буцъя гээд явж байсан удаатай. Хамгийн дээд тал нь 1750 хүн манай гэрийн гадаа цугласан байдаг. 2-3 хоног хүлээж дугаарлаж байгаа нь тэр. Тийм олон хүн цуглаж ирдэг болохоор би тэр хүмүүст, тэднээс өмнө ирсэн хүмүүст буян болж өвчнийг эдгээж өгсөн болохоор ирдэг болов уу гэж ах нь боддог шүү дээ. Заримд нь хэрэг болоод тус болсон болохоор л ирдэг байх.
-Ямар, ямар өвчнийг хатгаж эмчилж болдог вэ?
-Ерөөсөө төрөл бүрийн. Ямар ч өвчнийг хатгаж эмчилнэ.
-Хичнээн хүнийг эдгээсэн бэ? Зүрхний шигдээс, тархины цус харвалттай гээд олон төрлийн өвчнийг эдгээдэг гэж сонссон.
-Зөндөө зөндөө. Намайг сонгож ирээд эдгэсэн хүмүүс зөндөө. Бараг л үзүүлсэн болгон нь эдгэчихдэг л юм. Зарим нь ганц хатгалтаар эмчлэгддэг. Зарим нь олон дахин ирж хатгуулж эдгэдэг тохиолдол бий. Жишээ нь астам буюу гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин ганц хатгалтаар эдгэхгүй.
-Жишээ нь ямар өвчин ганц хатгалтаар эдгэж байна вэ?
-Хамрын гамрит, хагалгаанд орж болохгүй хамрын өвчин зэрэг нь амархан эдгэнэ. Сая ч гэсэн нэг тийм өвчтэй хүнд хатгалт хийгээд гарч ирлээ.
-Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Ахынх нь мэргэжил ерөөсөө малчин шүү дээ.
-Аливаа зүйл хоёр талтай байдаг. Зарим хүмүүс хатгуулаад дэмий, 6 сар, удлаа гэхэд 1 жил болоод буцаж очих шаардлагатай болдог гэж ярих юмБуцаж ирж байгаа хүмүүс хэр байна.
-Олон дахин ирж байгаа хүмүүс бишгүй л байна. Яах вэ? ойлгох нэг нь ойлгоно биздээ. Дээр хэлсэн шүү дээ. Нэг хатгалтаар эдгэдэг өвчин байхад олон хатгуулж байж эдгэдэг өвчин байна. Тэгэхээр хүмүүс юу гэж ойлгох нь өөрсдийнх нь асуудал. Ирсэн хүнд би үгүй гэж хэлж чаддагүй. Зориод ирсэн хүмүүсийн хэргийг нь бүтээгээд л явуулдаг.
Гэхдээ өдий олон жил болоход яагаад над дээр ингэж олон хүн ирдэг юм бол гэж би заримдаа боддог. Үнэхээр чадахгүй, мөнгөний төлөө явж байсан бол удлаа гэхэд нэг л жил бусдыг залилж хуурна шүү дээ.Тэгээд дараа жилээс нь намайг зорьж ирэх хүмүүс байхгүй болно биздээ.
-Таны хатгалтын талаар нийгэмд янз бүрийн л яриа гарч байдаг. Тодруулбал үнэхээр зүүгээр хатгуулаад эдгэчихдэг юм бол анагаах ухааны чиглэлийн эмнэлгүүдийг татан буулгаад тань шиг хүмүүсийг бэлтгэвэл зүгээр юм бишүү гэх яриа их гарч байна. Ийм яриа танд хүрээ л байлгүй дээ ?
-Юу гэж хариулахав дээ. Би ч эмчлээд, эмнэлэг ч эмчлээд болоод л байна шүү дээ. Би тэр анагаах ухаан, эмнэлгийг муу хэлээд байж болохгүй. Аль аль нь болоод л байна.
-Адуу, мал хатгаж байсан гэсэн одоо хатгаж байгаа юу?
-Хатгалгүй яахав. Морь малаа хатгаад, уушги руу нь тариагаа хийгээд л явдаг. Би чинь малчин хүн шүү дээ. Малаа эрүүл байлгах гээд эмчилж л байна.
-Ирж байгаа хүмүүс оношоо хэлдэг үү, эсвэл та өөрөө оношилж эмчилж байна уу?
-Аль аль нь бий. Хүмүүс оношоо хэлж ирнэ. Би өөрөө оношилж эмчилнэ.
-Танд багш, шавь байгаа юу?
-Багш гэж байхгүй. Огт байхгүй гэж хэлж болно. Шавь гэдгийн тухайд яахав ганц нэг хүмүүс сурчих юмсан гэж дагалдаж байсан тохиолдол бий. Жишээ нь анагаахын багш Сарантуяа гээд эмч, доктор Бямбасүрэн гээд хүмүүс бий. Тэр хүмүүсийн аав, ээж, ах дүүг нь эмчилж байсан болохоор эмнэлгийн улсууд сурчих юмсан гэж дагалдаж байсан үе бий. Тэрнээс ч айхтар яг гарын шавь гэх юм алга даа.
-Үнэ тарифийн тухайд хүмүүс сонирхож байгаа байх? Ямар үнээр хатгаж эмчилдэг вэ?
-/Инээв/ Би нэг их ашиг олоё гэж боддоггүй. Үнэ ханш тогтоодоггүй. Харин эмчлүүлсэн хүмүүсийн өгснийг нь авдаг. Хүмүүс та хөдөлмөр хийж байгаа юм чинь ав гээд өгдөг. Ерөнхийдөө жигтэйхэн их юм олохыг боддоггүй. Аав, ээж маань тэгж сургасан. Их л юм олоод ирэхээрээ шунал болж хүнд тус болохоосоо илүүтэй өөр тийшээгээ хазайгаад ирдэг. Тэндээс яаж зовж яваа бол гэхээсээ илүүтэй энэ хүнээс хэдэн төгрөг салгая гэж бодвол хүний мэдлэг байхгүй болно шүү гэж миний аав ээж сургадаг байсан.
Би зарим хүнд мөнгийг нь буцаагаад өгдөг. Заримд нь зардлын мөнгө ч өгөөд явуулж байсан удаатай. Яагаад гэвэл тэр хүмүүс өвчнөөсөө салах гэж алсаас зорьж ирэхдээ такси хөлсөлдөг, зээл тавьж ирдэг. Зарим тохиолдолд огт мөнгө авдаггүй. Мөнгөнд шунаагүй зан юмуу даа. Хүнээс 50 мянган төгрөг салгая гэхээсээ илүүтэй сайхан амьдрал бэлэглэх нь чухал.
-Та хамаатныхаа хүнийг харвалт өгөөд дуудуулж ирлээ гэсэн. Харвалт өгсөн хүмүүс бүрэн эдгэх боломжтой юу?
-Ер нь босчихсон хүмүүс бишгүй л байгаа. Хадам ээжийн дүү харвалт өгөөд яаралтай ир гэж дуудуулаад тэгээд босгоод суулгачихсан яриад л сууж байна. Анагаахын багш Сарантуяа эмчээс асуувал хэлэх байх. Ах нь харвалт өгөөд би газар дээр нь босгож өгч байсан. Машинаа бариад л явж байгаа. Жишээ гэвэл энэ л байна. Үүнээс өөр зөндөөбий. Таних, танихгүй гээд олон шүү дээ. Би чинь ер нь хүн таньдаггүй шүү дээ. /Инээв/ Энэ их олон улсуудын алийг нь тэр гэхэв.
-Олон хүний өвчинг илааршуулж байгаа таны биед сөргөөр нөлөөлж байгаа зүйл байгаа юу?
-Энэ чинь ер нь хүнд ажил шүү дээ. Өглөө босоод л зогсчихно. Заримдаа амрах ч зав гарахгүй. Сөргөөр нөлөөлж байгаа гэвэл хөвөнгийн харшилтай болсон. Спиртийн харшилтай болчих гээд байгаа юм сүүлийн үед. Байнга цус харж уураар нь амьсгална гэдэг. Ер нь больё гэхээр болж өгөхгүй юм. Одоо Улаанбаатар хотод харвасан хүмүүсийн дуудлага их байна. Завханаас ч хүмүүс ирж байна гэнэ.
Ах нь одоо 70 дөхөж байна. Ядарлаа гэж хэлэхгүй ч ер нь болъё гэж бодохоор ерөөсөө болж өгөхгүй юм. Зориод ирж байгаа хүнийг үзэхгүй хатгахгүй гээд буцаалтай биш дээ.
-Дарханаас ирж байгаа хүмүүст зонхилох өвчин юу байна вэ?
-Нутаг нутгаараа онцлоготой юм болов уу гэж бодож байна. Жишээ нь Дорноговь зүг рүү үе мөч, цөс муутай. Энэ зүг рүү болохоор элэг, ходоод зэргийн өвчлөл их байна.
-Үе мөч, элэг, ходоод зэргийг бүрэн эмчлэх боломжтой юу?
-Ер нь бол ийм шүү дээ. Хожигдохгүй л бол эмчилж болно. Хэрэв хожимдож гэмээ нь хэн бэ гуай ч эмчилж дийлэхгүй шүү дээ.
-Бэрхшээл, сорилт тулгарч байв уу?
-Байлгүй яахав дээ.Зарим нь шалгахгэнэ. Зарим нь зүгээр байж турших гэж зөндөө ирнэ. Үзүүлэх гээд ч байгаа юмуу? үгүй ч юмуу? Мэдэхгүй янз бүрийн л хүмүүс л ирнэ дээ дүү минь.
 -Ярилцсанд баярлалаа танд.
-За зүгээрээ миний дүү. Ахынхаа тухай нээх олон юм битгий гаргаарай. Ер нь бусдад буян хийж байвал элдэв янзын зүйлээр гарах нь яахав.
Нэг зүйлийг хэлэхэд Дарханыханд тус хүргэх үйлст минь “Есөн Ган” ХХК-ийн захирал н.Ганбат гэдэг залуу их нэмэр, буян болж байгаа. Анх ижийгээ үзүүлж очоод манай хүүхдүүдтэй найзалсан юм. Тэрнээс хойш хавар, намартаа дуудаж ах, дүү, ажилчдаа үзүүлж хатгуулдаг. Нэг ирснийх та өвчиндөө шаналж яваа хүмүүст туслаач гэдэг. Тэгээд байр, хоол унд гээд бүх зүйлээр хангаж өгдөгт баярлаж явдаг. Адилхан л бусдын төлөө сэтгэл гаргаж яваа хүү юм.
Дарханаас намайг зориод очих нэгэн байхад очиж чадахгүй олон хүмүүс бий. Тэр хүмүүсийн төлөө л хийж байгаа сайхан сэтгэлийн илрэл юм даа.
скачать dle 12.0

Санал болгох