МАН-ын бүлэг: Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжив

🕔 2019/01/31 22:38
МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Ингээд бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргад Удирдах зөвлөлөөс дэмжиж, нэр дэвшүүлсэн Г.Занданшатарыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив. 
Бүлгийн хуралдаанд 46 гишүүн оролцжээ.
Бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлж улмаар бүлгийн хуралд танилцуулсан. Тус саналыг бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Маргааш өглөө 09.00 mцагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ” гэсэн юм.
Бүлгийн уур амьсгал ямар байсан талаар тодруулахад “Бүлгийн гишүүд цаашид эв нэгдлээ хангаж ажиллая гэдэг саналаа ч хэлж намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулах  тухай асуудал хурлаар давамгай яригдсан” гэв.
Түүнчлэн Г.Занданшатар гишүүнд хандан бүлгийн гишүүдийн зүгээс шударга ёсыг тогтоох, хариуцлагыг тогтолцоог бий болгох, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох  чиглэлд УИХ онцгой анхаарах шаардлагатай байгааг сануулжээ.

Эх сурвалж:News.mn
скачать dle 12.0

Санал болгох