Муухай Монгол: Мухар сүсэг, сохор монголчууд

🕔 2019/01/09 11:11

Дээрхийн гэгээн XIV Далай лам Монголд хийсэн нэгэн удаагийн айлчлалынхаа үеэр "Мунхгийн зовлон мөнхийн харанхуй байдаг. Өөрийнхөө ирээдүйг бурханд даатган сүсэглэн мөргөх нь тийм ч ач холбогдолтой биш. Түүний оронд нийгмээрээ нийтийн ухамсрыг дээшлүүлэх нь зүйтэй” гэсэн гэдэг. Тэгвэл өөрийнхөө ирээдүйг бурханд даатган сүсэглэн мөргөгчид Монголд хэдэн зуун мянгаараа бий. Сайн эмчид очихоос урьтаж "мундаг” бөөг бараадахыг боддог, өнчин ядууст хандив өгөхөөсөө элдэв янзын суварга бүтээж "буян” үйлддэг, мөнгийг хөдөлмөр биш лам өгнө гэж итгэдэг тархины тураалтай нөхдүүдээр Монгол дүүрчихэж гэлтэй. Болсон, болоогүй суварга бүтээж, хайран мөнгөө зарцуулж байхаар хэн нэгэн өвчтэй, зовлонтой нөхөрт тус болчихвол илүү буян болмоор. Ядахнаа л сонгуулийн үеэр энэ нөхөр надад том тус болсон гээд эерэг сурталчилгаа болох бус уу.
Хорвоо ертөнцийн хөгжил минут, секундээр хэмжигдэж, монголчууд бидний амьдралд хэзээ ч хэрэглэгдэж байгаагүй шинэ үг хэллэгүүд хэдийнэ бий болсон. Фейсбүүк, твиттер гээд цахим ертөнцтэй амьдралаа холбосон дэлхийн том хувьсалтай хөл зэрэгцэн алхах монголчууд "Chanel №5” үнэртүүлж, "LV” барьж, швейцарь цаг зүүж, герман машин уналаа гээд хөгжсөнгүй, сэтгэлгээний хувьд асар том доройтолд орсон байна. Дээд боловсролын дипломтой хүмүүсийн тоогоор дэлхийд нэлээд дээгүүрт орох, хүн амынх нь 90 хувь бичиг үсэгтэй гэгддэг атлаа "XXI зууны эхний Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” сэдэвт судалгааны дүнгээс харахад орчин үеийн монголчуудын 75 орчим хувь нь бөө, удган, лам хуваргаас тусламж, дэмжлэг авч байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх юм. Уг судалгаанд Монголд 20-иод төрлийн 300 гаруй шашны байгууллага үйл ажиллагаа явуулж, эдгээр шашны байгууллагаас 80 нь буддын, 270 нь христийн, 11 нь бөө мөргөлийн чиглэлээр зөвшөөрөл авсныг өгүүлжээ. Харин 100 гаруй шашны байгууллагууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг болохыг дээрх судалгааг хийсэн судлаачид тэмдэглэсэн байна.

Мод, чулуу, лам, бөө нарын хүчээр сайн явна гэсэн монголчуудын сүсэг бишрэлийг уламжлалт ёс заншлын илэрхийлэл, эсвэл хэт мунхаглал, шашны сохор зан үйлийн туйлшрал гэж ялгаж тайлбарлахад хэцүү. Ямар сайндаа л ханш нээх өдөр Ээж хаданд мөргөх гэсэн сүсэгтнүүд яг л нэг бэсрэгхэн наадмын дайтай харагдсан гэх юм билээ. "Өдөөд байна уу, сөдөөд байна уу” гэгчээр шүтээд байна уу эсвэл шоглоод хаясан уу, бүү мэд, лав Ээж хайрхан тэр хэдэн өдөр элдэв янзын идэж уусан савны хогонд дарагдсан бололтой юм. Үнэндээ уул усаа шүтэж, мөргөх нэрээр бөөн хог тарьчихаад явчихдаг, голын усанд бохироо асгаж, ой модоо хайр найргүй огтлохдоо тоодоггүй хэрнээ хүйтэн чулууг ээж шигээ хайрладаг монголчуудын сүсэг бишрэлийн мөн чанарыг ойлгоход хэцүү. Бумба тахиулж, эд хөрөнгө дууддаг л гэнэ, чухамдаа "Гар хөдөлбөл ам тосдоно” гэж нэг ардын сайхан зүйр үг бий. Өнөөдөр Монголд бөөгүй айл, лам багшгүй хүн гэж байхаа больсон. Хэдхэн жилийн өмнө манай хэдэн улстөрч, бизнесийн томчууд багш ламдаа алгадуулж баахан дуулиан тарьсан нь Монголд баян ядуу, том жижиг гэлтгүй мухар сүсэгт жигтэйхэн автчихсаны тод жишээ болсон билээ. Бүр зарим нь гадаадаас элдэв янзын "чөтгөр, шулам, зөн билэгчид”-ийг урьж, тусгай үйлчилгээ авдаг болоод удаж байна. Зарим төрийн дарга нар хүртэл хүнтэй уулзахдаа өдөр судар хардаг болсон гэх яриа байгаа.

Сүүлийн жилүүдэд элдэв янзын хутагт хувилгаадын хойд дүрүүд Монголд төрөх нь элбэгшсэн. Бүр зарим нь манай аав ээж бөө зайран, тэр хутагтын тэддүгээр дүр гэж ирээд л айлгадаг мода дэлгэрээд байгаа. Гандангийн гадаа сандал тавиад чулуу татаж суух өвгөн хүртэл өөрийгөө хэн нэгэн хутагтын хойд дүр хэмээн жигтэйхэн үнэмшилтэй ярих болсноос харахад Монголд шашны үнэлэмж шалдаа унасныг гэрчлэх биз. Дуртай нэгэн нь өөртөө хутагт, хувилгаадын нэр өгчихсөн явааг Гандантэгчинлэнгийн хажууд орших жижиг ТҮЦ-ийн ламуудаас харчихаж болно. Чухамдаа Есүс христос, бурхан будда, бөө мөргөл, мүүн гээд шашны мөн чанар, хор хөнөөлийг ойлгохгүйгээр сүсэглэх монголчуудын хувьд энэ нь нүдээ аниад зам хөндлөн гарч байгаагаас ялгаа юун.

Ингэхэд шашин итгэл үнэмшил мөн үү. Хэрэвзээ итгэл үнэмшил мөн юм бол хүн яагаад өөртөө найдахгүй хэн нэгэн бөө, удганы ид шидэд итгэх болов. Зүй нь бол машин эвдэрвэл засварчинд, бие өвдвөл эмнэлэгт хандах ёстой биз дээ. Гэтэл монголчууд хаана лам, бөө байна тэнд хамаг мөнгөө бариад очдог нь гэм биш зан болчихож. Ерөөсөө л ядрахгүй баяжих, зовлонгүй амьдрахын тулд лам, бөөд ханддаг болсон. Харамсалтай нь энэ их хүсэл нь монголчуудын нүдийг сүсэг гэдэг зүйлээр сохолчихоод байна. Энэ нь сайн уу муу юм, чөтгөр бүү мэд. Эцэстээ энэ их сохор, дүлий сүсэг бишрэл Монгол Улсын хөгжлийн саад болчихгүй бол хамаа байж уу.

скачать dle 12.0

Санал болгох