Хөшигний цаанаас…

🕔 2019/01/04 10:10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах мэргэн санаа олсон тухайгаа мэдэгдсэн. Тэрээр Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.. 
Уг хуулийн төсөлд "УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьбал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, "Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгажээ.  Хэрвээ Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл УИХ-аар батлагдвал парламент гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзсэн аж.

Уг хуулийн төслөө өчигдөр УИХ-ын Тамгын газарт танилцуулсан ч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зарим бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар хуулийн төслийг хүлээн аваагүй юм. Шалтгаан нь  "хуулийн төслийн бүрдүүлбэр материал дутуу", Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайтад тавигдаагүй, хэлэлцүүлэг өрнөөгүй хэмээн үзсэн юм. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлэн болгон, УИХ-ын Тамгын газарт өглөө. Зарим нэг материал дутуу учраас өнөөдөр хуулийн төслийг өргөн барих бодолтой байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газарт боловсруулсан хуулийн төслөө өчигдөр өргөн бариагүй. Хуулийн төслийг бүрэн сарын туршид албан ёсны веб сайтад байршуулан, хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой байдаг. Энэ процедурыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс бүтэн сарын туршид УИХ хуралдаагүй, олон нийтийн хэлэлцүүлэг явагдсан гэж үзэн, хуулийн төслийг өргөн барих нөхцөл бүрдсэн хэмээн үзсэн" гэв.

Ямартай ч Ерөнхийлөгч шинэ оны босгон дээр хэнд зориулж уг хуулийн төслөөр  бэлэг барьж буйг уншигчид төвөггүйхэн ойлгоно. Тухайлбал, эрх баригч МАН УИХ-д 65 суудалтай хэдий ч Ерөнхий сайдаа Ардчилсан намын дэмжлэгтэйгээр томилж уг боломжийг нь хангаж өгсөн хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэж улстөр судлаачид хэлж байсан удаатай. Учир нь Ерөнхийлөгчийн гэнэтийн гэмээр хуулийн төсөл, үйл явдал, өрнөж байгаа улс төрийн шийдвэр, алхам бүрээс тэд нэг хүн шүү гэж харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, улстөрд иймэрхүү мэх хийхдээ гаргуун хоёр хүн төр, засгийг удирдахаар болж байна. Тиймээс л тэднийг харагддаг шигээ гар нийлэх үү, эсвэл тун удалгүй эвдрэлцэж, нэгнийхээ дээр гарахыг оролдох уу гэдгийг нийт монголчууд харж байна. Учир нь одоо бидэнд тогтвортой төр, эмх цэгцтэй нийгэм, бат бөх улстөр л хэрэгтэй. 
Яг үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгад МАН-ын хагарал юу, юунаас илүү хэрэгтэй. Тиймээс л тэрбээр энэ удаагийн хуулийн төслийг шинэ оны эхэнд танилцуулсан нь хөшгний цаадах нүүдэл нь байжээ.

Р.Саруул


скачать dle 12.0

Санал болгох