"Хонгил"-ыг хэн үүсгэсэн бэ?
Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав өнгөрөгч долоо хоногт Eagle News телевизийн ярилцлагад орсон. Тэрээр уг ярилцлагадаа "Элбэгдорж, Дорлигжав, Хурц гэдэг хүмүүс шударга бусын хонгил үүсгээд баахан хүнийг шидчихсэн л юм ярьдаг. Шударга бусын хонгил гэж хамгийн их ярьж байгаа манай Н.Алтанхуяг чинь өөрөө энэ хонгилыг үүсгэсэн хүн шүү дээ. Ерөнхий сайд байхдаа хуульд өөрчлөлт оруулаад прокурорын мөрдөнг АТГ-т аваачаад өгчихсөн юм. Тэр үеэс эхлээд АТГ бурантгийг нь эвхээд тавьсан тэмээ шиг болсон доо. Шаардлага тавьсан манай прокуроруудыг хүртэл эргүүлээд сүрдүүлж эхэлсэн. Харин Н.Алтанхуяг маань өөрөө Ерөнхий сайдаас буусныхаа дараа "прокурорын мөрдөнг дахин байгуулья” гээд хууль санаачлаад явж байлаа” хэмээн ярьсан билээ.
Харин түүний өмнө Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр өөрийн цахим хуудсаар "Н.Алтанхуяг УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийг Засгийн газраар хэлэлцэхийг гурван удаа хойшлуулсан. Авилгатай тэмцэхийг дэмжиж байна, энэ хуулийг дэмжихгүй байна гэж байж билээ. Прокурорын мөрдөнг устгаж, "Шударга бусын хонгил” үүсгэсэн хүмүүсийг энэ албан бичгээс харж болно. Жүжиг жүжигээрээрээ л дуусдаг. Батзандан, Баасанхүү, Хүрэлбаатар, Хаянхярваа!” хэмээн жиргэсэн байна.
Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын дарга З.Энхболдод хаяглаж, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн албан бланк дээр хэвлэсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих тухай бичигт УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар гарын үсэг зурсан байна. Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Р.Бурмаа нарын хувьд үүнээс хойш яг 10 сарын дараа Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах кноп дарсан АН-ын гишүүд билээ.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Энэ хуулийг дэмжихгүй” гэсэн нь үнэн байж магадгүй. Учир нь уг хуулийн төслийн захиалагч нь тухайн үед АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц гэх бөгөөд Засгийн газраас дэмжлэг авахгүй гурвантаа буцсан хуулийн төслийг эцэст нь АТГ-т сул талаа атгуулчихаад байсан нөхдөөр өргөн бариуллаа гэлцэж байв. Хуулийн төсөл өргөн баригдсанаасаа хойш тавхан хоногийн дотор (2014 оны нэгдүгээр сарын 24) батлагдсан нь ч тэр, түүнийг маш яаралтай батлуулах шаардлага өөр хэн нэгэнд, тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид байсан байж магадгүй.
Хуулийн төслийг батлуулахгүйн тулд Д.Дорлигжав УИХ-ын дарга, АТГ-ын дарга гээд байж болох бүх хүн лүү утас цохисон боловч Ерөнхийлөгч ганцаараа Сочид өвлийн олимп үзээд явж байсан байгаа юм. Учир нь тухайн түүний томилсон АТГ-ын дарга, УЕП хоёрын дунд эрх мэдлийн асуудал үүсээд, таарамжгүй байсан үе. Нэгнийхээ шалгаж байгаа хэргийг татаж аваад хаадаг барьдаг гэсэн юм яригдаж л байсан. Д.Дорлигжав ч өөрөө сүүлд өгсөн ярилцлагадаа тийм тохиолдол байсан гэдгийг үгүйсгээгүй.
Б.Заяа