УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг шаардлаа
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар энэ сарын 27-нд "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулах болжээ. Энэ талаар өнөөдөр дээрх нэр бүхий гишүүд мэдээлэл хийв.
Энэ үеэр Т.Аюурсайхан гишүүн, "Төрийн албан тушаалтнууд ёс зүйн хэм хэмжээг барих хэрэгтэй. Хариуцлага алдсан Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын удирдлагууд ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгдөг болсон. Гэтэл Монгол төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгох талаар ярьсныхаа төлөө УИХ-ын дарга М.Энхболд хариуцлага хүлээхээс татгалзаж байгаа нь буруу. Одоогоор УИХ-ын нэр бүхий 40 гишүүн М.Энхболд даргыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан ч хүлээж авсангүй.
Тиймээс байгалийн баялгийг өөрсдөдөө хуваарилах зорилготой нам даганасан этгээдүүдийн МАНАН гэх бүлэглэлийг үгүй болгохын төлөө УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд энэ сарын 27-нд 11.00 цагт Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болно” гэлээ.
Мөн Л.Оюун-Эрдэнэ гишүүн, "Монголчууд бид авлигал, албан тушаалын гэмт хэргийг эсэргүүцэж чаддаг, хууль зөрчсөн бол хариуцлага тооцож чаддаг ард түмэн гэдгээ харуулах цаг болсон. Бид одоо тэмцлээ зогсоовол МАНАН бүлэглэлийн ноёрхол улам гүнзгийрэх болно.
Өнгөрсөн хугацаанд М.Энхболдыг огцруулахын төлөө олон ажил өрнүүлсэн ч хариуцлага хүлээхгүй байгаа тул иргэддээ хандаж байгаа юм. М.Энхболдыг огцрох хүртэл бид пүрэв гараг бүрт эсэргүүцлийн жагсаал хийх болно” хэмээв. Энэхүү жагсаал нь хуулийн дагуу болох тайван жагсаал тул бусдын өдөөн хатгалганд орохгүйгээр, шаардлагаа зөв тавьж, үзэл бодлоо илэрхийлэхийг УИХ-ын гишүүд дурьдсан юм.