Хоёр эзний нэг зарц буюу гэр бүлийн МАНАН-гийнхан

🕔 2018/12/17 12:19

Ганзага эрхлэх, гар дээрээ суниах хоёр үнэхээр ялгаатай ажээ. Булчинтай байх нь бусдад гоё харагдах ч, нийгэмд бол тархитай нь илүү явдгийг Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын түншлэл бодитой харуулж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэийн ах Херо Баатарын хэлснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтынх нь 50 хувийг хангаж өгчихөөд байхад л У.Хүрэлсүх нь Х.Баттулгадаа өртэй явах юм. Тэр өөрийг нь Ерөнхий сайд болгосны төлбөрөө төлж дуусаагүй байхад Ерөнхийлөгчид дахиад өртэй болов. Энэ удаа Засгийн газрыг нь огцруулахгүй авч үлдэхэд Батзандан, Болд, Мурат гэж гурван кнопоор дэмжлэг үзүүлсний төлбөрийг Ерөнхийлөгчид төлөх хэрэгтэй болжээ.

Төлбөрийн нэхэмжлэл нь Засаг үлдсэн тэр оройдоо Ерөнхий сайдын өрөөнд ирэв. Гүйлгээний утга нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах гэсэн байлаа. Энд тархи, булчин хоёрын ялгаа дахиад гарч ирнэ. Ерөнхийлөгч бол цаанаа ганцхан зорилготойгоор УИХ-ын даргыг огцруулах даалгавар өгсөн. Харин Ерөнхий сайдын багийнхан нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах гэж ойлгож будилаад яваа. Тус тусын сонирхлыг нь задалбал, Ерөнхийлөгч Х.Баттулга бол М.Энхболдтой хувийн болон улстөрийн сүйдтэй тооцоогүй талдаа. Хамгийн чухал нь тэрээр одоо байгаа АТГ-ын даргыг л солих, тэгээд өөрийнхөө оролцотойгоор дараагийн даргыг томилуулах л чин хүсэлтэй.

УИХ-ын даргыг огцруулахын цаад зорилго ердөө энэ. Гэтэл АТГ-ын даргыг томилж, чөлөөлөх саналыг зөвхөн УИХ-ын дарга л УИХ-д оруулах хуулийн онцгой бүрэн эрхтэй. Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн энэ эрхээс нь хуваалцахыг л М.Энхболдоос хүссэн бөгөөд цаадахь нь хоёр жил хад шиг хөдлөхгүй зогсч буй нь л энэ хоёр албан тушаалтны зөрчлийн гол цэг, эхлэл юм. Хэрвээ АТГ-ын даргыг л өөрийнхөө оролцоотойгоор шинээр томилж чадвал УИХ-ын даргаар М.Энхболд байна уу, үгүй юү гэдэг нь Ерөнхийлөгчид түй ч хамаагүй.

Тэгэхдээ энд нэг зүйл онцлоход, М.Энхболд нь У.Хүрэлсүхээ бодвол арай төрийн хүний ноён нуруутай, хуульдаа үнэнч юм аа. Хэрвээ тэр амин хувиа, албан тушаалтайгаа үлдэхээ илүүд үздэг байсан бол сая Засгийн газрыг огцруулах үйл явдлын үеэр ч, энэ өдрүүдэд ч АТГ-ын даргыг өөрчлөх саналаа УИХ-д оруулж дэмжүүлээд дараагийн даргаар Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг томилуулахад л олон үйл явдал эсрэгээрээ эргэх байлаа.

Гэвч М.Энхболд тэгсэнгүй, олон нөхөд, хуулийн өмнө өөрийн толгойтой байсныхаа хүчинд өнөөдөр тэрбээр Х.Баттулга-У.Хүрэлсүх нарын хоршлыг тойрч бүрдсэн "Гэр бүлийн МАНАН"-бүлгийнхэнд алуулж балбуулж байна. "Гэр бүлийн МАНАН" гэх энэ багт МАН болон АН, мөн Ерөнхийлөгчийн багт эн тэнцүү хуваагдсан, тэндэхийн гишүүнчлэл дор өөр эрх ашиг гүйцэлдүүлдэг ахан дүүс багтдаг юм. Заримаас нь дурдвал, Л.Оюун-Эрдэнэ МАН-д байхад түүний ах Херо Баатар нь Ерөнхийлөгчийн РR-ийн гол хүн байх жишээний. Мөн ЖДҮ-чин болох нь ил гараад чимээгүй яваад байгаа болохоос Нямбаатар гишүүн ч Л.Оюун-Эрдэнэтэй үеэл учир УИХ дотор ихэнхдээ Ерөнхийлөгчийн дуу хоолой болдог. Уул, Уурхайн сайд, тэгээд нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын дүү Ассашёорюү Дагвадорж АН-ын гишүүн төдийгүй Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэр дотно болохыг энд тодотгох нь илүү хэрэг юм .Бас нэгэн хүчтэй түншлэл нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Ж.Бат-Эрдэнэ, мөн АН-ын Ж.Батзандан нар билээ. Сайн анзаарвал гэр бүлийн гэх энэ МАНАН-гийнхан л хоёр эзний нэг зарцын үүрэг гүйцэтгээд явааг олон нийт харсан биз ээ.

У.Хүрэлсүхийн багийн хувьд Ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлэх нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах зорилгын 50 хувь нь. Үлдсэн нөгөө 50 хувьд дотор нь улс төрийн хоёрын зэрэг жижигхээн сонирхол бий.

Нэгд, Хэрвээ М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулбал одоо намын даргынхаа эсрэг яваад байгаа, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын 27 гишүүний бүлэг задарна гэж тэр хардаг. Энэ 27 гишүүн бол М.Энхболд гэж хувь хүнийг нь биш, түүний УИХ-ын дарга гэдэг албан тушаалыг тойрч нэгдээд байна, хэрвээ тэр суудал дээр өөрийн тавиулаа суулгачихвал 27-гийнхон задарч, нэг нэгээрээ хадагаа бариад ирнэ, ингээд намын эв нэгдэл механикаар хангагдана гэж тэрбээр тооцож байна.

Үүнээс гадна Засгийн газрыг огцруулах саналыг дахиж УИХ-ын босгыг давуулахгүйн тулд 27-гийн бүлгийг энэ удаагийн ялагдал дээр нь нам дарах, он гараад огцорч магадгүй гэсэн айдсаа оны өмнө аюулгүй болгох сонирхлоо хангахын төлөө төрийн үйл ажиллагааг гацаав. Ноён Баабарын хэлснээр аль болох том эрх ашиг ярьсан, шударга ёс гэж хэр олон удаа давтаж хэлнэ вэ, тэр бүхний цаана жижигхээн, явцуу эрх ашиг нуугдаж байдаг гэдэг энэ буюу.

Хоёрт, О.Баасанхүү зэрэг олон гишүүний хэлсэн баттай эх сурвалжийн мэдээлснээр ЖДҮ-гийн асуудлаар нэр бүхий УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Нийслэлийн прокурор бэлэн болгож УИХ-д илгээх бичгээ бэлджээ.Гагцхүү УИХ-ын чуулганы ирц бүрэлдэж хуралдаж эхлэхийг л хүлээж байгаа бололтой. Прокурорт чуулганы ирц ямар хамаатай юм бэ гэхээр, түдгэлзүүлэх бичгийг УИХ-д хүргүүлснээс хойш 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай юм. Хэрвээ ирц нь бүрдэхгүйгээр энэ 48 цагийг өнгөрөөвөл прокурорын бичиг төрхөмдөө буцна. Тийм учраас УИХ-ын чуулганыг гацааж шинэ жилийн уур амьсгалд хүргэх, цааш нь чуулган завсарлуулах сонирхол ЖДҮ-гийн бүлэгт, ЖДҮ-чин гишүүдэд бодитой байгаа юм. Прокурорын "ЖДҮ-чин 9 гишүүний хэргийг боосон, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гурав гурваар нь УИХ-д хүргүүлнэ” гэх мэдээлэл нь ЖДҮ-чин гишүүдийг айлгаж, "дараагийн гуравт нь би багтчих юм биш биз" гэх айдас нь тэднийг чуулганы хуралдааны ирцийг бойкотлох гол шалтгаан болой. Тэдэнд одоо хууль, шударга ёс чухал биш, прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг ирүүлэхгүй байх, ирвэл замын дундаас буцаах улс төр л хэрэгтэй.Хэрвээ прокуророоос бичиг ирлээ гэхэд буцаах зүрх зоригтой тавиул УИХ-ын дарга хэрэгтэй учраас л М.Энхболдыг хууль зөрчиж огцруулахыг дэмжиж 26 ЖДҮ-чин гишүүн гарын үсгээ зуржээ. Хууль зөрчих нь хүртэл ЖДҮ-чдэд ашигтай. Яагаад гэвэл УИХ-ын даргыг хууль зөрчиж огцруулбал тэр нь Цэцийн маргаан болж сунжирна, дэ-факто даргатай УИХ хуралдахгүй, улс төрийн хэрүүл үргэлжилнэ, эцэст нь цаг хожино.

Одоо болж байгаа үйл явдлын тайлал, цаад зорилго ердөө л энэ.Их энгийн математикаар бол ердөө л нэмэх, хасах үйлдэл. Энд эх орон, ард түмнээ бодсон, шударга ёс тогтоох гэж хад мөргөөд байгаа тэмцэл ерөөсөө байхгүй. Өнөөх математикаараа хэлбэл, язгуурын тэмдэгтэй тоо, олон оронтой үржих, хуваахын тэмдэг ч энд байхгүй. 2016 оны сонгуулиар нэг завьтай гарсан МАН-ын 64 гишүүн одоо их далайн гүнд очсон хойноо хоёр завинд хуваагдаж суух гэж амь тэмцсэн, алийгаа алдсан нам доторх тэмцэл, намын дарга-Ерөнхий сайд нь хүний "толгой”-д барьцаалагдсан, зарим гишүүд нь сайдын суудал, ЖДҮ-д, ЖДҮ-чин гишүүд нь цаг хугацаанд барьцаалагдсанаас үүдэлтэй хуваагдал явж байна. МАН гэдэг аварга том титаник ахмадынхаа буруу шийдвэрээс болж мөсөн уул мөргөөд хуваагдаж бна. Хархнууд хамгийн түрүүнд зугтдаг нь бурхнаас хархнуудад л заяасан өгөгдөл юм даа.

 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН


скачать dle 12.0

Санал болгох