Прокуророос М.Энхболдын ”60 ТЭРБУМЫН СХЕМ”-ийг хүлээн зөвшөөрлөө

🕔 2018/12/12 10:09

МАН-ын нэр хүндийг газарт унагаж, шороотой нь хутгасан 60 тэрбумын схем эвлүүлэг биш гэдгийг бүтэн хоёр жилийн дараа сая л нэг хуулийнхан өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдахыг завдсан гэдэг нь "нотлогдлоо”.

Энэ талаар Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай хэвлэлд өгсөн ярилцлагадаа ам алджээ. Тэрбээр "60 тэрбумын гэх хэргийг прокурор шалгаад, 2014 онд МАН-ын хэсэг нөхөр УИХ-ын болон орон нутгийн 2016 оны сонгуульд оролцох МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилтийг хэрхэн босгох талаар ярилцаж байсан болох нь нотлогдож, тогтоогдсон гэж үзсэн” хэмээн тодотгосон байна.

Түүгээр ч зогсохгүй "Хамгийн гол нь, тухайн яриа, төлөвлөгөө нь бодит амьдралд хэрэгжээгүй, төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар хүч хэрэглэн авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх бодит нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Ингээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байсан” гэжээ.

Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд "2018 оны долдугаар сарын сүүлээр тагнуулын байгууллагаас энэ асуудлын хүрээнд шалгах мэдээ, мэдээлэл байна гэсэн санал тавьсан. Үүний дагуу Нийслэлийн ерөнхий прокурор мөрдөх байгууллагын саналыг хянаад, хэргийг сэргээн шалгавал зохих асуудлууд байна гэж үзсэн. 2018 оны наймдугаар сарын 1-ны өдөр хэрэг бүртгэх хэргийг хаасан прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээсэн. Одоо хэрэгт ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Шалгагдаж байгаа хэргийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжгүй” гэх тайлбарыг өгчээ.

Хууль, хяналтын байгууллагынхан төдийгүй эл хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд хүртэл 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарсан 60 тэрбумын хэргийг эвлүүлэг хэмээн "гүрийсээр” өнөөг хүргэсэн байдаг. Ингэхдээ УИХ-ын дарга М.Энхболд нарын гурван хүнд холбогдох хэргийг "эвлүүлэг” гэх ганцхан үгээр хааж, хэрэгсэхгүй болгосон юм. Тэгвэл эвлүүлэг биш бодит гэдгийг хуулийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг эрхэм хэллээ.

Одоо ямар баримт хэрэгтэй гэж, УИХ-ын дарга аа. Харин нөгөө талд хуулийнханд хууль хүн бүрт тэгш үйлчилдэг, тоглоом биш гэдгийг нотлон харуулах л үлдэж байна.

Сануулахад, УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт чуулганы индэр дээрээс "60 тэрбумын гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх долоо хоногт тэр хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийн асуудлаар хуралд. Хэрэв ирц нь бүрдэхгүй бол дэд хорооныхоо гишүүдийг чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, хуралдах нь зүйтэй. Би үүнийг УИХ-ын даргын хувьд үүрэг болгож байна. Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу санал санаачилгаа бичээд, албан ёсоор асуудлаа тавь. Төрийн ажил хуулийн дагуу явагдах ёстой” хэмээн мэдэгдсэн.

Хэрэв Их хурлын даргын ярьснаар бол энэ долоо хоногт 60 тэрбумын асуудалтай холбоотойгоор хэлэлцүүлэг болж, ядаж л хэлэлцүүлэгт бэлтгэж, Монголын төр, парламент, эрх баригч намын "шүдний өвчин" болоод байгаа энэ сэдэв рүү нийгэм тэр аяараа анхаарлаа чиглүүлэх ёстой байв. Гэтэл 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаан хэзээ болох талаар Төрийн байгуулалтын Байнгын хороонд хамаарах холбогдох эх сурвалжаас тодруулахад, "Албан бичгээр үүрэг ирээгүй учир 60 тэрбумын хэлэлцүүлгийг хөөцөлдөж байгаа хүн байхгүй” гэсэн хариулт өгсөн юм. 

 

Zindaa.mn


скачать dle 12.0

Санал болгох