Tаканоива зодог тайлах нь

🕔 2018/12/07 17:55

Манай бөх Таканоива туслах бөхөө зодож, гэмтэл учруулсан хэрэгт орсон талаар Японы сүмо бөхийн холбооноос мэдээлсэн билээ. Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө "Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний өдрийн 23 цагийн үед 4-5 удаа цохиж, гэмтээсэн хэрэгт холбогдсон. Зодуулсан бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдааны үеэр оргон зугтаах гэж оролдоод холбооны албан тушаалтан учрыг асуухад зодуулснаа хэлснээр хэрэг илэрчээ. Хохирогч Цагдаагийн газарт гомдол гаргаагүй ч  холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлөн, Токиод дуудан ирүүлж,  дэвжээнд нь гадагш гарахгүй "гэрийн хорио” гэж хэлж болохоор шийтгэл оноосон байна. Цаашдаа хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа ямар шийтгэл оноохоо шийднэ, маш хатуу шийтгэл онооно гэдгээ Шибатаяма ояката сэтгүүлчдэд хэлсэн юм.

Харин Таканоива холбооны шийтгэлийг хүлээлгүй зодог тайлах гэж байгаа талаар Японы хэвлэл өнөөдрөөс мэдээллэж эхэллээ. Чиганоүра дэвжээний дэмжигчдийн нийгэмлэгийн нэгэн гишүүн "Таканоива хариуцлага хүлээж, зодог тайлах бодолтой байгаа" гэж  ярьсан байна. Гол хариуцлага гэдэг нь өөрөө ёкозүна Харүмафүжид зодуулж гэмтэн, Харүмафүжи зодог тайлсан, гэвч удалгүй өөрөө туслахаа зодож, гэмтээсэн нь нийгэмд маш том цочрол өгсөн явдал байлаа. 
Таканоива "Споничи" сонины сурвалжлагчид "Сүмогийн холбооны оноох шийтгэлийг дагах болно" хэмээн холбооны шийдвэрийг хүлээх бодолтой байгаагаа хэлж байсан юм. Гэвч хэвлэл мэдээллээр гаран, Японы нийгэмд том шуугиан дэгдсэн тул хариуцлага хүлээж, зодог тайлна гэж дэмжигчдийн нийгэмлэгтээ нулимс дуслуулан хэлсэн гэсэн мэдээ ч гарч байна. 
Таканоива өнөөдөр зодог тайлахаа зарлана гээд Чиганоүра дэвжээний гадна хэвлэлийнхэн цуглан хүлээж байна.

Ub.life


скачать dle 12.0

Санал болгох