Сандалтай, лоозонтой чуулган
Улс төрийн бойкот парламентад үргэлжилж байна. Өчигдөр УИХ-ын чуулганаар ХХААХҮ-ийн сайдын томилгоо болон бусад асуудлыг хэлэлцэх байсан ч ямар нэгэн шийдвэрт хүрч чадсангүй. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нар чуулганы танхимын үүдэнд сандалтай эсэргүүцэл зарласан. Таван гишүүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн эсэргүүцэл тав хүрэхгүй минутын дараа дөрөв болж, үргэлжлэнэ лээ. Учир нь Б.Энх-Амгалан гишүүн эсэргүүцлээс нэг их удахгүй босч яваа харагдсан.
Ийнхүү дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцруулах ёстой гэдэг асуудлыг тавьж, парламентыг бойкотлов. Өчигдөр Төрийн ордонд болсон үйл явдлыг тоймлоё.
"УИХ-ЫН ДАРГЫГ АЖЛАА ӨГТӨЛ БАЙР СУУРИНААСАА УХРАХГҮЙ”
2018.12.06 10:10 ЦАГТ
Сандалтай эсэргүүцэл зарласан гишүүд”УИХ-ын дарга М.Энхболд огцор” гэсэн утгатай уриа лоозон барьсан байв. Тэд "Ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулсан УИХ-ын чуулганд оролцохгүй. УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүртэл бид байр сууринаасаа ухрахгүй” гэж байв. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд "Түүнд өөрийн хүсэлтээр огцрох боломж хуулийн хүрээнд бий. Суудалдаа шигдээд байж болох ч Монголын ард түмэн хүлээж авч байна уу үгүй юу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. М.Энхболдод Их хурлыг удирдах ёс зүй байхгүй” гэсэн юм.
"ОГЦРУУЛАХ АСУУДАЛ НЬ ХУУЛЬД НИЙЦЭХГҮЙ БАЙНА”
2018.12.06 10:30 ЦАГТ
Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболдын хуулийн зөвлөх Б.Гүнбилэг мэдээлэл хийсэн. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл байдаг. Түүнээс өөр аргаар УИХ-ын даргыг огцруулах оролдлого хийх нь өөрөө хуульд нийцэхгүй гэдгийг тайлбарлаж байлаа. УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргыг огцруулах үндэслэлийг нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, Үндсэн хуулийн цэц огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн заалтаар огцруулж болно гэж заажээ. Тиймээс УИХ хэвийн үйл ажиллагаа явуулахад гишүүд дэгээ сахиж, хуульд заасан үндэслэлээр асуудалд хандах хэрэгтэй байгааг хуулийн зөвлөх мэдэгдлээ.
"ШУДАРГА ГИШҮҮН МААНЬ ХУУЛЬ БУСААР АЛТ УХАЖ БАЙГАА ШҮҮ”
2018.12.06 10:40 ЦАГ
УИХ-ын чуулганы хуралдаан 40 минут хоцорч эхлэв. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг томилох асуудал хэлэлцэх байсан ч дөрвөн гишүүний бойкот чуулганы танхимд ч үргэлжилсэн. Энэ үеэр гишүүд зарчмын зөрүүтэй асуудлаар саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: – Монголын төр эмгэнэлт драмын төрөл рүүгээ орлоо. Өвөл болж, цас унаж хөдөө, гадаагүй асуудал их бий. Гэтэл энэ хүнд цаг үед салбар нь сайдгүй ажиллаж байна. Ч.Улаан гишүүнийг УЗ, бүлэг дээрээ ч дэмжсэн. Томилох гэхээр Ерөнхий сайд, сайд нар нь орж ирэхгүй гурван долоо хоног болж байна. Танхимыг нь элэг бүтэн болгоод өгье гээд 40 гишүүн чуулгандаа орж ирээд хүлээгээд байхад Засгийн газрын гишүүд нь сайд нь орж ирэхгүй юм. Шударга ёсыг яриад байгаа гишүүд миний бланк дээр гарын үсгээ зураад УИХ-ыг тараая. Энэ 76 байсан байгаагүй цаана нь 76 аавын хүү, ээжийн охид байгаа шүү. Дарвалзаад байгаарай та нар.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: – Алтны хулгайтай тэмцэх асуудлаа бид хуулийнхаа дагуу тавья. Ард түмэндээ хэдэн төгрөгөө хүртээхээ бодъё гэвэл татварыг нь нэмэх ёстой. Алтны хулгайтай тэмцмээр байна шүү, сайд аа. Хамгийн шударга гишүүн Т.Аюурсайхан хууль бусаар алт ухаж байгаа шүү. 30 гэр бүлээс гадна эрх мэдэл, мэдээлэлтэй ойр хүмүүс л алтыг ухаж байгаа. Алтыг ард түмэн рүү очих ганц замаар нь очуулъя. Эдийн засгаа өөд татъя гэж байгаа бол татвараа нэмэх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -М.Энхболд даргаа та наад гишүүдтэйгээ уулзаж ярилц л даа. Энэ хооронд Л.Энх-Амгалан гишүүн чуулганы үйл ажиллагааг үргэлжлүүлж байя. Та нар уулзаад ярилц. Аль аль талаасаа уян хатан хандацгаа л даа. Нэг талын 100 хувь буруу гэж байхгүй. Асуудлыг ойлголцож шийдэх сурах хэрэгтэй. Хоёр талаасаа чангаагаад байвал юу ч явахгүй гэлээ. Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан ямар ч асуудал шийдэлд хүрэлгүй завсарлалаа.
"ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЮУ ГЭЖ ҮЗНЭ, ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН”
2018.12.06 13:00 ЦАГТ
УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан гишүүдтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Нийтийн сонсголын тухай хуулийг өнгөрсөн парламентын үед баталсан. Хамгийн анхны нийтийн сонсголыг миний бие ТЕГ-ын дарга Б.Хурцын асуудлаар зохион байгуулья гэсэн санал гаргасан. Та энэ асуудлыг гацаасаар байгаад Нийтийн сонсгол зохион байгуулахгүй байсаар байгаад явуулсан. Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцэхэд та танхимд орж ирж чуулганаа нээчихээд, Ёс зүйн дэд хороо хуралдана гэж хэлээд олдохгүй зугатаад, сүүлдээ ганцаараа чуулганыг хаагаад явсан. Өөртэй чинь холбоотой, нөхдийн чинь талаар, 60 тэрумын талаар ярих гэхээр та зугтаадаг. Та өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөж өгөөч. Хэрвээ явахгүй гэж гүрийгээд байх юм бол таныг эсэргүүцэж гарын үсэг зурсан 40 орчим гишүүн ард түмэнтэйгээ нэгдэж тэмцэнэ. Монгол төрийг гацаанаас гаргаач” гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд "Би Их хурлаас зугтааж гарсан зүйл байхгүй. Тэр өдөр би Ёс зүйн дэд хорооны хурал болох танхимд орж гараад ирц нь бүрдэхийг хүлээж байсан. Дэд хороон дээр Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Х.Баделхан нарын гишүүд орж ирээгүй учир ирц нь бүрдээгүй. Ажлын цаг дууссан учраас би чуулганы хуралдааны танхимд ороход 7-8 гишүүн байсан. 18:40 цагийн үед байх. Ингээд тэдгээр гишүүдэд Ёс зүйн дэд хорооны ирц бүрдээгүй учир чуулганы хуралдаан хаалаа гэдгийг хэлсэн. Ганцаараа орж чуулганыг хаасан гэж худал мэдээлэл тарааснаа залруулаасай гэж бодож байна. Мөн Б.Хурцын талаар УИХ шууд өөрөө томилдог албан тушаалтны асуудлаар Нийтийн сонсгол хийнэ гэсэн хуулийн заалттай. Элчин сайдыг Ерөнхийлөгч эцэслэн томилдог учраас Нийтийн сонсгол хийх боломжгүй байсан гэдгийг хэлээд Их хурлын дарга Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлаар Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Шийдвэр нь юу гэж гарах нь уу. Тэр үед нь хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Би УИХ-ын даргаар хоёр жил ажиллахдаа Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж бодохгүй байна гэлээ.
"МАН ТОМ БАЙРТАЙ Ш ДЭЭ. ТЭНДЭЭ ОЧИЖ ХЭРҮҮЛЭЭ ХИЙГЭЭЧ ЭЭ”
2018.12.06 15:00 ЦАГТ
УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхлэв. Ашигт малтмалын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас асуулт асуух байсан ч тэрээр чуулганы хуралдаандаа орж ирээгүй тул тус хуулийн төслийг хойшлуулсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Сайдад хариуцлага тооцдог хуулийн өөрчлөлтийг хиймээр байна, Д.Лүндээжанцан даргаа. Үгүй бол Засгийн газар УИХ-ынхаа толгой дээр гараад төр барьж тоглодог жүжиг байж болохгүй. МАН том байртай шүү дээ. Хэрүүлээ байрандаа очиж хийгээч ээ. Төрийн ордонд хийдгээ болъё. Ард түмэн та нарыг сонгосноор буруу байхгүй. Сонгогдсон бол зөвхөн хуулийн дор ажиллах ёстой. Сайд нь хүндэтгэх шалтгаангүйгээр чуулган хаяж явна гэдэг нь Үндсэн хуулийн зөрчил” гэв.
Ийнхүү УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар сайдын томилгооны асуудлыг ч хэлэлцэж чадсангүй.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Т.БАТСАЙХАН