АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЮУЛТАЙ ГУРВАН ТОЛГОЙ
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гэдгийг үндэсний язгуур ашиг сонирхол буюу тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжлийн гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан гэдгээр тодорхойлдог.
Ингэж тодорхойлсон Үндэсний аюулгүй байдлыг хангах, хангагдахад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ юм.
ҮАБЗ гурван гишүүнтэй. Олны "Төрийн гурван өндөрлөг” хэмээдэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав юм. Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн тэргүүн нь , УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр гишүүн нь гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр ҮАБЗ-ийн энэ гурван гишүүн хуулиар олгогдсон үүргээ биелүүлж байна уу, дагаж байгаа юу гэдэг эргэлзээтэй болоод байна.
Учир нь олон нийт сүүлийн үед "…ҮАБЗ-ийн энэ гурван гишүүн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг огоорч, хувийн эрх ашиг, өш хонзондоо автаж ажиллаад байна” гэдэг боллоо.
ҮАБЗ-ийн гишүүдийн үйл хөдөлгөөн, үг яриа ч үүнийг батлаад өгч байгаа юм. Өнгөцхөн харвал, өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр, бас МАН-ын дотоод зөрчил гэхээр байгаа юм.
Нэг талаас, жилийн өмнө М.Энхболдыгоо "мөргөж”, өнөөдөр эрх мэдлийг бүрэн утгаар нь төвлөрүүлэхээр, улс төрөөс нэгмөсөн арчихаар зүтгэж байгаа У.Хүрэлсүх үзэгдэнэ.
Нөгөө талаас У.Хүрэлсүхэд хамаг байдгаа шувтлуулчихаад эцсийн ганц цамц болсон УИХ-ын даргын албан тушаалаа өгөхгүй гэж гүрийсэн М.Энхболд харагдана.
Ингээд тэднийг дагасан, У.Хүрэлсүхийн, М.Энхболдын үнэнч фанатууд, бас хэн хэнд нь тал алдахгүй хоёр тийшээ алга хавсран гүйлдэх гишүүд, эсвэл энэ "дайн”-д үрэгдчих шахаад элдвийн булай нь илэрсэн нөхдүүд амьд үлдэх арга хайн гүйлдэж байна.
Гэвч энэ бүхэн зөвхөн У.Хүрэлсүх, М.Энхболд гэдэг хоёр хүний хоорондын зөрчил ч бус, эрх баригч МАН-ын бүр ч биш болох нь нотлогдоод эхэллээ. Өрнөж буй бүхэн Үндэсний аюулгүй байдлыг хөндөж мэдэхээр болсон байна.
Нэг. У.ХҮРЭЛСҮХИЙН АЮУЛ
У.Хүрэлсүх бол Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга. Энэ хүн эдгээр албан тушаалыг одоогоос жилийн өмнө ганцхан "гуядалт”-аар өөрийн болгосон. Гэхдээ ингэж төрийн, намын толгойд гарахад өөрийнх нь хичээл зүтгэл хэр зэрэг байсныг улс төрийн хүрээнийхэн маш сайн мэднэ. Товчхондоо, тэр маш азтай л хүн гэгддэг юм.
Цод цод хийсэн цоглог, цогтой үгийг сонин хэвлэл, УИХ, МАН-ын индэр дээрээс хэлсээр улстөрчдийн, ард түмний итгэлийг ойр төсөрт байгаагүйгээр хүлээж "дарга” болсон. Үүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Үр дүн нь өнөөдрийн энэ байдал. Нам нь хуваагдаж, улс төр бужигнасан.
Мань эр жил гаруй ажиллахдаа гадаадад "гарсангүй”, дотоодод " зөвшөөрөгдсөнгүй” өнгөрөв. Үнэнийг хэлэхэд У.Хүрэлсүхийг хэзээ "сэлэм”-ээ сугалах нь вэ гэж олон нийт хүлээсэн. Хүлээлт талаар болсон. Ингэж амжилгүйгээр ЖДҮ хэмээх жижигхэн салхинд Засгийн газар нь, нам нь ганхчихав. Одоо өөрөө "сэлэм”-дүүлэх дээрээ тулаад байна.
Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг. Ерөнхий сайд, намын даргын ширээн дээрээс бүр ч гоё харагдаж таарна. У.Хүрэлсүх "хар масс” буюу ард түмний хүсэл, эрх ашиг, хүлээлт, үнэлгээ дүгнэлтийг огт анзаарахгүй байна. Тиймээс тэр "…Би эх орныхоо төлөө ажиллаж байна. Амиа өгөхөөс ч буцахгүй” гэж өнөөдрийг хүртэл хэлсээр л суугаа юм. Гэвчиг хөшигний цаана, ажлын бус цагаар түүний оролцоотой хийгдэж байгаа элдвийн явдлууд "…Арай ч дээ " л гэмээр байгааг ард түмэн ярьдаг боллоо.
У.Хүрэлсүх өөрөө М.Энхболд, түүний фракцынхантай тэмцэж байна гээд байгаа. Үгүй юм. Өөрөө үлдэхийн төлөө хийж байгаа болгон нь Үндэсний аюулгүй байдалд аюултай болоод байна.
ЖДҮ хэмээх хэрэгт Засгийн газрынх нь сайд нар, МАН-ынх нь хариуцлагатай албан тушаалтнууд нийтээрээ ороогдсон. Энэ ганцхан шалтгаан нь У.Хүрэлсүхийн цагийг зогсоох хэрэгтэй гэсэн дохиог өгөөд байгаа юм. Удахгүй ЖДҮ байтугай том хэрэг мандана гэдгийг эх сурвалж "сэвээд” эхэлж байна. Шинээр илрэх тэр асуудалд бас л МАН-ынхан, улстөрчид хамаатай болохыг улс төрийн хүрээнд битүү хатуу ярьж эхэллээ.
Хэдэн парламент дамжиж суусан зарим ахаараа заалгасан У.Хүрэлсүхийн "сөрсөн базаа” өнөөдөр Монголын улс төрд тогтворгүй байдлыг нэгэнт авчирлаа. УИХ дахь олонхийн бүлэг хүч тэнцүүхэн талцаад бие биеийнхээ муу бүхнийг онгичиж сууна. Эвлэрэх аргагүй хагаралд хүрсэн нь ил болсон. Иймээс У.Хүрэлсүх бол лидер улстөрч биш, зүгээр л түр зуурын үзэгдэл болж таараад байна.
Улмаар У.Хүрэлсүхийн М.Энхболдыг унагах ажиллагаа нь М.Энхболдыг бус Үндсэн хуулийг түншээд эхэллээ. Монгол Улс парламентын засаглалтай гэдгийг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа, дээрээ хөх тэнгэрээс өөр "дарга”-гүй Үндсэн хуулиар тогтоосон. Төрийн эрх барих дээд байгууллага нь парламент буюу УИХ юм. Тэгэхээр У.Хүрэлсүхийн дайралт М.Энхболдыг биш Үндсэн хуулийг намначих гээд байгаа хэрэг.
Хоёр. М.ЭНХБОЛДЫН АЮУЛ
М.Энхболд бол УИХ-ын дарга, Төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа хүн. Яг үнэнийг хэлэхэд, өнөөдрийн энэ бужигнаан, эмх замбараагүй явдлын буруутан нь М.Энхболд юм. Монгол дахь улс төрийн бүх хүчнүүд дүрэмдээ "…Сонгуульд ялбал намын дарга нь Ерөнхий сайд болно” гэж заасан байдаг.
Харин 2016 оны сонгуулийн дараа МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд биш, УИХ-ын дарга болсноор энэ бүхний эхлэлийг тавьж өгсөн юм. Тэр үед Ерөнхий сайдаар өөрийнхөө хүнийг тавьсан нь бас нэг алдаа нь болсон байдаг. Ард түмэн байтугай МАН-ынхан нь ч шинэ Ерөнхий сайдыг гайхаж хүлээж авч байлаа. Ингэж үнэмлэхүй олонхиороо ялалт байгуулсан МАН-ын удирдлагын хүч саарсан.
Засгийн газар нь ганцхан жил болоод огцорч, УИХ-ын дарга М.Энхболд тэр үед намын даргын албан тушаалаа ч өгөхөөс аргагүйд хүрсэн. Тэгээд өгсөн.
М.Энхболдод саад болох олон хүчин зүйл байсныг өөрөө ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. М.Энхболдыг байнгын дагаж явдаг "газрын наймаачин” гэх нэр хоч, сүүлд задарсан "60 тэрбумын бичлэг”, Хотын фракцын дарга, МАНАН бүлэглэлийн төлөөлөл гэдэг яриа зэрэг нь нэгэнт суларсан суудлыг тэр чигт нь хазайлгахад нөлөөлсөн гэдэг.
Хамгийн ноцтой нь тэрээр Монголын улс төрд дахиад шинэ МАНАН төрж байна гэдгийг Үндэсний телевизээр албан ёсоор мэдэгдлээ. Шинэ МАНАН-гийн тухай ярина гэдэг хуучин МАНАН байсан гэж хүлээн зөвшөөрч байгаатай утга адил. Энэ бол өнөөг хүртэл МАНАН-гийнх гэгддэг хүмүүсээс хэн нь ч хүлээн зөвшөөрөөгүй, харин сөрөг хүчний зүгээс байнга сануулдаг байсан МАНАН-гийн талаарх ойлголтыг баталсан явдал болсон юм. Энэ утгаараа М.Энхболд бас МАН-ын ч, Монголын ч лидер улстөрч биш гэдгийг хэлээд өгч байгаа юм. Гэвч М.Энхболд өнөөдөр Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг тэргүүлж байгаа. Тиймээс М.Энхболд гэдэг хувь хүнийхээ нэр төр, албан тушаалыг бус УИХ-ын нэр хүнд, Үндсэн хуулийн заалттай засаглалыг хамгаалах үүрэгтэй үлдэж байгаа юм.
Хэрвээ УИХ-ын даргыг У.Хүрэлсүх гэдэг намын дарга, Ерөнхий сайдтай таарамжгүй, үйл ажиллагаанд нь саад тотгор болдог гэх мэтийн шалтгаар М.Энхболд хэмээх хувь хүнийх нь үүднээс огцруулах аваас Үндсэн хууль, УИХ-ын үйл ажиллагаанд шууд халдсан үйлдэл болох юм. Учир нь УИХ-ын даргыг огцруулах шалтгаануудыг хуульд тодорхой заачихсан нь байна. Харин хуулиа баривал нэгэнт нэр хүндээ барсан УИХ-ыг тараах нь УИХ-ын даргыг огцруулахаас илүү амархан юм.
Гурав. Х.БАТТУЛГЫН АЮУЛ
Ерөнхийлөгч Х.Баттулга бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Энэ бол түүнд олгогдсон хамгийн том үүрэг, бас эрх мэдэл юм. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр сонгогдоод жил гаруйн нүүрийг үзлээ.
Энэ хугацааг эрх баригч МАН-ынхан хөлөөрөө толгой хийж, Монголын төрөөр нам шигээ тоглож өнгөрөөв. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга нэг ч удаа МАН-ынхныг, МАН-аас тохоогдож төрийн өндөр албанд тухлагсдыг дуудаж загнасангүй. "…Эвтэй бай” гэж зандарсангүй. Эв нэгдлийг илэрхийлсэнгүй, хүссэн ч үгүй. Өнгөцхөн харахад Ерөнхийлөгч Х.Баттулга энэ бүхнийг хөмсөг зангидан ажиглаад л суугаад байна. Яг үнэндээ, эвийг илэрхийлэгч маань ингээд чимээ аниргүй суугаад байгаа нь маш аюултай байгаа юм. Ерөнхийлөгчийн эргэн тойронд албан ёсоор болоод албан бусаар шадарлан суугсад эрх баригчдын энэ хэрүүлд гүн гүнзгий оролцож харагдаад байгаа нь анхаарал татаад байгаа. Тэр бүү хэл, зарим нэг үйл явдалд нь "найруулагч”-ийн хэмжээнд оролцож байгаа нь ч ил болж байна.
Ерөнхийлөгч өөрөө дуугардаггүй, ойр хавийнхан нь энэ дажинд оролцон тоглогчид болчихсон байна гэдгийг олон нийт ч яриад удлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, зарим нэр бүхий зөвлөхүүдийн цахим сүлжээгээр илэрхийлж байгаа байр суурь ч дээрх "бор шувуу”-г бодитой гэдгийг нь харуулж байгаа юм. Хамгийн сүүлд, уржигдар Монгол Улс тунхагласны 94 жилийн ой тохиолоо. Энэ ойд зориулсан цэцэг өргөх ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулга заларсангүй. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга цахим сүлжээнд "…Өнөөдөр Монгол Улсаа тунхагласан өдөр биш. 2200 гаруй жилийн өмнө Монгол улсаа тунхагласан билээ. Харин Анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засаглалын хэлбэрт шилжээд 94 жил болжээ” гэж жиргээд сууж байв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны мэдээллийн www.president.mn сайтад Монгол Улс тунхагласан өдрийн талаар нэг өгүүлбэр ч алга.
Уг нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны Улс тунхагласан өдөр бол МАН-ын баяр биш, Монгол Улсын түүхийн чухал үйл явдлуудын нэг юм. Улс төрийн сүүлийн үеийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанаас Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн байр суурь огт харагдахгүй байгаа. Дахиад хэлэхэд, төр эвдрээд байхад эвийг илэрхийлэгч чимээгүй сууж байгаа нь маш аюултай юм.
ТӨГСГӨЛД НЬ
Ийн Монгол Улсын ҮАБЗ-ийн гурван гишүүн эрхээ, албан тушаалаа хувийн хэмээн сэтгэж, үүргээ умартаад удлаа. Улс оронд улс төрийн тогтворгүй байдал үүслээ..
Эцэст нь сануулахад, Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх гэдэг гурван хүн ард түмний сонголтоор ҮАБЗ-ийн гишүүн болсон. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол буюу тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжлийн гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлын төлөө ажиллах үүрэгтэй хүмүүс юм.
Зууны мэдээ
Б.Дамдин-Очир