Ирэх долоо хоногоос цахим гарын үсэг олгож эхэлнэ
2015 оны байдлаар Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо нэг саяд хүрсэн. Мөн 100 хүнд 165 телефон утас оногдох болсон. Иргэд ийнхүү интернет орчныг хязгааргүй хэрэглэх боломжтой болсон нь цахим гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлэх суурь бүрэлдсэн гэж болох юм байна.
- Та гэртээ, ажил дээрээ сууж байгаад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтдаа цахим гарын үсгээ зурж онлайнаар илгээх боломжтой аж.
- Мөн ямар нэг байгууллагатай гэрээ хэлцэл хийх гэж байгаа бол онлайнаар гарын үсгээ зураад илгээнэ.
- Өмнө нь та банкнаас ямар нэг гүйлгээ хийхдээ заавал өөрөө гарын үсэг зурдаг байсан бол онлайнаар гарын үсгээ зурах боломж бүрдэнэ.
- Албаныхны мэдээлж буйгаар удахгүй болох сонгуулийг ч гэртээ сууж байгаад онлайнаар өгөх боломжтой болох юм байна.
Гэхдээ одоогоор цахим гарын үсгээр бүх төрийн байгууллага үйлчилгээ үзүүлж эхлээгүй аж. Эхний ээлжид Худалдан авах ажиллагааны газар, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төв, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гааль татварын ерөнхий газрын үйлчилгээ авахад ашиглаж болох юм.
Энэ мэтчилэн олон улс интернет, гар утас зэрэг дижитал технологийн хөгжлийг төрийн үйлчилгээнд ашиглах туршлага байдаг аж. Тухайлбал, манай урд хөрш БНХАУ-ыг онцолъё. Энд цахим арилжааны платформ гэж бий. Хятадын найман сая бизнес эрхлэгч интернетийн энэ үйлчилгээг ашиглан 120 улс руу бараа бүтээгдэхүүн экспортолж, худалдаа хийдэг. Мөн Энэтхэг улс нэг тэрбум иргэндээ давтагдашгүй гэх тодотголтой цахим үнэмлэх олгож, түүгээр дамжуулан төрийн үйлчилгээг онлайнаар авах нь хэвийн үзэгдэл болсон тухай Дэлхийн банкны "Дэлхийн хөгжлийн тайлан-2016”-д онцолжээ.
Эх сурвалж www.wikimon.mn