Н.Учрал: Миний аавын Хүннү ХХК төслөө зогсоож зээлийг хүүтэй нь хугацаанаас нь өмнө буцаан төлнө
Жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслөөс олгодог зээлийг УИХ-ын хэд хэдэн гишүүн авсан гэх мэдээлэл гараад буй. Үүний дунд УИХ-ын гишүүн Н.Учралын аавынх нь 100 хувь эзэмшдэг "Хүннү” ХХК 2017 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас "Чацарганы эфирийн тос гаргаж авах үндэсний үйлдвэрлэлийн төсөл”-өөр дөрвөн жилийн хугацаатай 950 сая төгрөгийн зээл авчээ.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын Н.Учрал өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ.
Тэрээр””Хүннү” ХХК бол 1992 онд байгуулагдсан миний аавын 100 хувь эзэмшлийн компани. Тус компанийн төслийн баг зохих шаардлагын дагуу төсөл бичиж, өөрсдийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авсан байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Тус компани надтай, надгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн компани.
Эх орондоо нэмүү өртөг, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу чацарганаас эфирийн тосыг гарган авч гоо сайхны болон хүнсний 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл бичин зээл авсан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ажлын байр бий болгох алсын хараатай төсөл байсан учир шалгарсан гэсэн мэдээлэл надад байна.
Үүнийг намайг эрх мэдлээ урвуулан ашигласан мэтээр нийгэмд эгдүүцэл хүргэсэн мэдээлэл их байгаа учраас энэ асуудлыг анхаарах шаардлагатай гэдгийг "Хүннү” ХХК-ийн удирдлагуудад уламжилсан. Үүнтэй холбоотойгоор компани чанар стандартын дагуу ажил хэргээ явуулж байгаа ч УИХ-ын гишүүнтэй холбож байгаа бол хугацаанаас нь өмнө энэ зээлээ төлье гэдэг шийдвэр гаргасан.
Дөрвөн жилийн хугацаатай төсөл одоо 20 хувьтай байгаа учраас зээлээ эргүүлэн төлөх боломжтой хэмээн тайлбарлаж байна. Тиймээс хугацаанаас нь өмнө энэхүү зээлийг дараа долоо хоногт (мэдэгдлийг өчигдөр хийсэн) эргүүлэн төлөхөө мэдэгдсэн.
Нэг зүйлийг онцлох хэрэгтэй, хэзээ ч би ямар нэг байдлаар хөнгөлөлттэй зээл, төсөл сонгон шалгаруулалтад өөрийн нөлөөг ашиглаж, ямар ч тохиолдолд хувийн бизнес компанидаа олгоход оролцож байгаагүй, цаашид ч оролцохгүй. Үүний төлөө би хариуцлагатай, ёсзүйтэй ажиллах болно, ажилласаар ч ирсэн гэдгээ хэлмээр байна.
Хэрэв үнэхээр нөлөөллөө ашиглаж энэ хөнгөлөлттэй зээлд оролцсон байвал хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг шалгуулахад нээлттэй гэдгээ хэлье” гэж мэдэгдлээ.