Донбассын оршин суугчдыг Гитлерийн засаглалын үеийн Герман улсын хүн амтай зүйрлэжээ
Украины Ерөнхийлөгч асан Виктор Ющенко телевизийн "112 Украина" сувгийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Донбассын оршин суугчдыг Гитлерийн засаглалын үеийн Герман улсын хүн амтай зүйрлээд тэднийг "суртал ухуулгын” золиос болсон гэжээ.
Виктор Ющенкогийн үзэж байгаагаар, дөрвөн жил хагасын турш үргэлжилсэн иргэний дайн Донбассын оршин суугчдын ухамсрыг өөрчилсөн. Тэдний хувьд ойрын үед Киевын эрх баригчдын ивээл дор ямар нэг сонгууль явуулах нь ямар ч утгагүй юм.
"Москвагийн сүмд очиж, өөр хэлээр ярьж, Павлик Морозовт залбирдаг хүний үзэл бодлыг нь яаж өөрчилж, би чиний найз нөхөр байна гэж хэлэх вэ? Мэдээж бид хоорондоо адилгүй. Гэхдээ бид тэс ондоо биш. Гэр бүлийн гишүүд ч хоорондоо адилгүй байдаг. Тэдэнтэй ойлголцох боломж гарна гэж бодож байна. Гэхдээ жил эсвэл хоёр жилийн өмнө эрчимтэй, тууштай харилцан ойлголцох боломжтой байсан гэдгийг хэлье” гэж Ющенко ярьжээ.
2014 оны хоёрдугаар сард Украинд төрийн эргэлт гарсны дараа өөрийгөө зарлан тунхагласан Луганскийн Бүгд Найрамдах Ард Улс болон Донбассын Бүгд Найрамдах Ард Улсын эсрэг Украины эрх баригчид 2014 оны дөрөвдүгээр сард байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн билээ. НҮБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, мөргөлдөөний улмаас 10 мянга гаруй хүн амиа алдсан байна.