“Нам намайг мэднэ…”

🕔 2018/08/29 10:03
 
“Нам намайг мэднэ…”Олон улсад Үндсэн хуулийн шүүх гэсэн нэршилтэй. Харин манайд Үндсэн хуулийн цэц хэмээн ихэд "ухаантай” нэрлэсэн байдаг юм.
Ингээд Цэцийг "Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж хуульд нь тунхагласан байдаг юм.Гэвч Үндсэн хуулийн энэхүү бүрэн эрхтэй байгууллага, чандлан сахиулах баталгаа сүүлийн үед алдагдаж, бүр "хог дээр үсэрч” байна. Цэцэд нэр дэвшиж, улмаар Цэцийн гишүүнээр орж сууж байгаа хүмүүст ч цензур, хяналт үгүй болов. Уг нь хуульчдын "ноён оргил”-ууд Цэцэд орж ажилладаг байв.
Гэвч энэ түүх болон үлдэж, мэргэжлийн хуульчид байтугай, жирийн мань мэтэд ч гологдмоор цол гуншинтай хүмүүс чардайсаар байгаад Цэцийн гишүүн болж орхидог жишиг тогтов. Сүүлд, гурван сарын өмнө томилогдсон гурван нөхөр бол ном журмаараа яваад зүүдэндээ ч Цэцийн гишүүн болохооргүй нөхөд байлаа.
Тэднийг наадах, цаадахаа мэдэж, асуудалд гочтой хандана гэж найдах аргагүй.  Ердөө л улс төрийн тохироо гэдэг халхавчны араар Цэц рүү яваад орчихож байгаа юм. Ингэж өнөөдрийн Цэц энд тэндхийн, эрээвэр хураавар хүмүүсийн бүрдэл болж орхисон юм.
Энэ хэрээр тэдний гаргаж байгаа шийдвэр Үндсэн хуулийн цэцийнх гэхээсээ улс төрийн намын захиалгат  шийдвэр болж хувирч байгаа юм.
Хэдхэн хоногийн өмнөх ганцхан шийдвэрийг дурьдахад л хангалттай. Хэнтийн нөхөн сонгуулийг зарласан УИХ-ын 62 дугаар тогтоолыг Цэц хүчингүй болгосон. Энэ нь Цэцийн дарга, зарим гишүүдийн харьяалалтай байсан МАН-ын удирдлагуудын захиалгат шийдвэр болохыг олон нийт гарахаас нь өмнө ярьж байсан. Хэрвээ Хэнтийд нөхөн сонгууль явагдсан бол МАН лав хэзээ ч ялахгүй байв. Тиймээс Цэцэд захиалга, бас намын даалгавар өгч нөгөөдүүл нь биелүүлсэн хэрэг. Сүүлийн өдрүүдэд баримтаар нотлогдоод баларч байх шиг байна.
Үндсэн хуулийн цэцийн дарга нь  Доржийн Одбаяр гэж УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд байсан эрхэм бий. Тэр хүн МАН-ынх, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа энэ нам үнэмлэхүй олон суудалтай болсон үед Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдож байлаа.
Цэцийн даргын эрх мэдэл гэж мундаг. Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана. Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана гээд хуулиар нь олгочихсон. Ингэхээр Цэцээс гарч байгаа шийдвэрт Цэцийн дарга асар нөлөөтэй гэсэн үг.
Түүнчлэн намаар яривал МАН-ын тал одоо Цэцэд жин дарна. Ингэхээр өнөөдрийн эрх баригчид Үндсэн хуулийн цэцээр дурын шийдвэр гаргуулах үүд хаалга нь нээлттэй болж таарч байгаа юм.
Дээхнэ, социализмын үед эхнэр нөхрийн салахыг хүртэл нам нь мэддэг байсан гэдэг. Ямартаа л Төр нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очир гуайг хэлмэгдэж явахад гэргий С.Нинжбадгар нь "Төмөр-Очиртой суусан болохоос Төв хороотой чинь суугаагүй” гэж адарч явсныг хүмүүс өнөө хэр нь ярьсаар байхав. Ер нь бол "…Нам намайг мэднэ” гэдэг үзэл суртал энэ намынханд одоо ч байдаг бололтой.
Уг нь Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, Монгол Улсын Гавьяат хуульч Г.Совд агсан "…Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л байдаг” гэж хэлж үлдээсэн нь бий.
Харамсалтай нь өнөөдөр хөх тэнгэр биш МАН байдаг болчихлоо. Ингэж тэнгэрт байсан Үндсэн хуулийн цэцийн үнэлэмж газарт булагдаж байна. Тэр цаг үеийн  гэрч, бас хохирогч нь эдүгээгийн бид болж байгаа юм.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох