ЖЕК МАГИЙН БҮХ ХӨРӨНГӨ ХЯТАДУУДАА 4 ӨДӨР Л ТЭЖЭЭЖ ХҮРНЭ
Хэрвээ баячууд өөрийнхөө хөрөнгийг бүгдийг нь улсдаа өгчихвөл яах бол гэж та бодож байсан уу? "Робин Гүүд” рейтингээр үүнийг зөвхөн бодоод зогсохгүй тооцож үзжээ. Үнэхээр сонирхолтой тоо гарсан байна.
Тэд энэ тооцоогоо хийхдээ Bloomberg Billionaires Index болон ОУВС-гийн 49 орны төсвийн зардлын тухай мэдээллийг ашиглажээ. Эдгээр үзүүлэлтээр тухайн улсын баячууд гэнэт бүх мөнгөө улсдаа хандивлавал хэдий хугацаанд төсвөө хангахыг тооцоолсон байна. Баячуудын жагсаалтад зөвхөн эрчүүд төдийгүй Ангол (Изабель душ Сантуш), Австрали (Жина Райнхарт), Нидерланд (Шарлен де Карвальо-Хейнекен), Чили (Айрис Фонтбон) улсын 4 эмэгтэй орсон байна.
Изабель душ Сантуш гэхэд Ангол улсаа 30 өдөр тэжээж дийлэх бол Жина Райнхарт 11 өдөр, Айрис Фонтбон 90 өдөр, Шарлен де Карвальо-Хейнекен 15 өдөр хангаж дөнгөнө.
Тэгвэл Хятадын хамгийн баян хүн Жек Ма, Японы Тадаси Янай, Польшийн Зигмунд Солож-Жак нарын үзүүлэлт тун муу байна. Тэд улс орноо 4-хөн өдөр тэжээхээр хөрөнгөтэй аж. Харин Америкийн хамгийн баян хүмүүсийн нэг Жефф Безос АНУ-ыг 5 хоног л хангах хөрөнгөтэй.
Нөгөө талаас дээрх улс орнууд өндөр зарлагатайд тооцогддог байна. Их Британийн Хью Гросвенор, Германы Дитер Шварц л гэхэд улс орныхоо зардлыг 5 хоног л дааж чадна.
Гүржийн Ерөнхий сайд асан Бидзина Иванишвили энэ жагсаалтад хамгийн өндөр үзүүлэлттэй байжээ. Тооцоогоор бол тэр Гүрж улсаа өөрийнхөө хөрөнгөөр 430 хоногийн турш дааж чадна. Энэ улсад өдөрт 13,5 сая долларын зардал гардаг. Түүнчлэн Киприйн иргэн Жон Фредриксен өдөр бүр 10,4 сая доллар гаргаад байхад нийт хөрөнгөөрөө 441 өдрийн зардлыг даахаар хөрөнгөтэй байна.