“60 ТЭРБУМЫН СХЕМ”-ИЙГ ИЛРҮҮЛЭХ АЖИЛЛАГАА “МИАТ”-ЭЭС ЭХЭЛСЭН ҮҮ?
Сүүлийн долоо хоног эрх баригч намын удирдлагуудын дотоод хагарал дээд цэгтээ хүрч 32:32 болоод тэнцээд байсан хүчний харилцаа ч өөрчлөгджээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нүүрсний квот, албан тушаалын томилгоо нэхээд бүтээгүй ууртай гишүүд М.Энхболд уруу цуварч очсоор "урвагч” гишүүний тоо 40 орчимд хүрээд байгааг ойрын эх сурвалж мэдээлж байна. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "сандлыг хөрөөдөх” ажиллагаа амжилттай явж байтал төлөвлөгөөнд ороогүй гэнэтийн үйл явдал гарч ирсэн нь АТГ М.Энхболдын гэх "60 тэрбумын схем” рүү орчихсон байсан нь илэрсэн гэнэ. Үүнтэй холбоотой сүүлийн өдрүүдэд МАН-ын эрх барих дээд хүрээнд ихээхэн бужигнаан үүсчээ. Улс төрийн маш явцуу хүрээнд сэм уулзалтаар "гал зогсоох”, үдэх, үлдэх албан тушаалын найраа ч элбэг хийгдэх болж.
Хэдхэн хоногийн өмнө "МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар одоо ажиллаж байгаа, өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах байсан гэх Н.Энхбаатар гэгчийг АТГ-аас баривчилсан. Авлигын хэмжээг ам тоогоор 600 сая төгрөг гэлцэж буй ч эцэслэн шийдээгүй ямартай ч цалингаас нь 100 гаруй дахин их учраас "но”-той гэсхийгээд ойлгочиход буруудахгүй биз.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ажлаа авсны дараа төрийн албанд очсон, мэргэжлийн бус, МАН-ын залуу гишүүн гэж Н.Энхбаатарыг тодорхойлж болно. Гэтэл "У.Хүрэлсүхийн баг”-ийнхнаас тодорсон авлигач гэж нотлогдсон ч, эс нотлогдсон ч "хочилж” таарах нь. АТГ-аас шалгуулсан, нотлогдсон аль нь ч ийм л хочтой үлдэх болсон. Харамсалтай нь Н.Энхбаатар "ганцаараа” биш юм байна. Түүний холбогдсон их хэмжээний авлигын асуудалд "МИАТ” ТӨХК-д намын томилгоогоор очсон зарим хүн нэр холбогджээ.
Тухайлбал, "МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Мөнхтамир. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга "Д.Амарбаясгалангийн хүн” гэж "МИАТ”-ийнхан ярьдаг аж. АТГ дээр байцаагдаж эхэлсэн дараагийн хүн бол "МИАТ” ТӨХК-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Э.Мөнхмарал гэгч юм байна. Тэр мөн л намын томилгооны албан тушаалтан бөгөөд МАН-ын нөлөө бүхий гишүүний нэг, М.Энхболдыг дэмжигч, Батлан хамгаалахын сайд "Н.Энхболдын хүн” гэгддэг гэнэ. Удахгүй АТГ энэ хоёр хүнийг Н.Энхбаатарын араас "илгээх” нь тодорхой болсноор "Алдарт 60 тэрбумын схем”-ийн үзүүрийг "МИАТ” ТӨХК-аас гаргаж ирж буй бололтой.
Тэгэхээр төрийн албыг "намын томилгооныхон”-д "зарах” тухай "Алдарт 60 тэрбумын бичлэг” гэгч бодитой сүлжээ болж 2016 оны сонгуулийн дараахнаас эрх баригч намд явсан байх магадлал өчүүхэн ч атугай байгааг дээрх баримтууд харуулж байна. Гэхдээ нэг онцлог байгаа нь "60 тэрбумын схем” гэгч нь хэрэв бодитоор байдаг бол зөвхөн М.Энхболдын бүлэглэл схемчилж хийсэн хийсэн биш, У.Хүрэлсүхийн бүлэглэл ч үүнд хамааралтай. Сүүлийн үеийн томилгоонуудыг харахад ч нэг үеэрээ, нэг нутгаараа, нэг сургуулиараа, найз нөхдөөрөө төрийн албанд томилогдох, зориудаар албан тушаал бий болгож томилох гэх мэт өнөөх аймшигт системийг нь ашигласаар байгаа юм биш үү гэж хардахуйц үйл явц өрнөсөөр байна.
Тийм биш бол МАН-ын "сүүлчийн” хоёр дарга М.Энхболд, У.Хүрэлсүх аль, аль нь сандралдаж бужигнахгүй байсан нь тодорхой. Ямартай ч АТГ-ынхан "гэнэт” сайн ажиллаж "60 тэрбумын хэрэг” гэгчийн талаар хоёр үзүүртэй зүү мэт зөрүүтэй тайлбар өгч, "хэрхэвч олдохгүй” байсан албан тушаалын наймаа, авлигын схемийн үзүүрээс "нэг л өглөө” атгаж авсан нь тун сонин. Сайшаагууштай төдийгүй АТГ-ынханд өөрт нь ч ихээхэн нэр хүнд авчрах нь гарцаагүй. Гэхдээ төрийн тусгай байгууллага нийгэмд нэр хүнд олох гэж зорихоосоо илүүтэй М.Энхболдын ч, У.Хүрэлсүхийн ч бүлэглэлүүдийг нэгэн зэрэг "барьцаалж”, хавтаст хэрэг нээчихээд хараад сууж байх сонирхол илүү байсан биз. Тэр таашаал ямар "үнэд” хүрэх бол гэдэг бүр ч сонирхолтой. Учир нь, иймэрхүү "үнэт олдвор” удахгүй болох НИТХ-ын сонгуулийг, Хэнтийд болох УИХ-ын нөхөн сонгуулийг гэхчлэн овоо олон удаа үнээ өсгөнө. АТГ бол "өндөр дээд албан тушаалтнуудын холбогдсон үйлдлээр IPO босгож хувьцаа гарган арилжаалдаг” байгууллага болж хувирсан мэтээр нийгэмд харагдах боллоо. Ор үндэслэлгүй гүтгэлэг үү, онц ноцтой гэмт хэрэг үү гэдгийг хэрхэн дэнсэлж, тэдгээр "хэрэг” гэгч юугаар төгсч буйг сайн ажиглацгаа, хол зөрөхгүй дээ.
Нийтлэлч У. Оргилмаа