МОНГОЛЧУУД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА
Монгол Улс жилдээ нэг сая тонн нефтийн бүтээгдэхүүн импортолдог. Бусад улс орныг бодвол хариугүй бага хэмжээ л дээ. Үүнийх нь 65 орчим хувийг дизелийн түлш, 30 орчим хувийг АИ-92, тав орчим хувийг нь АИ-80 бензин эзэлнэ. Сүүлийн таван жилийн дунджийг харахад АИ-92 бензиний хэрэглээ өсч, АИ-80-ынх буурсан байна. Харин дизелийн түлшний хэрэглээ тогтвортой байсаар байгаа юм. Шатахууны үнийн хэлбэлзээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шалтгаалж байдаг. Энэ нь иргэдийн халаас руу дур мэдэн гар дүрэхтэй агаар нэг юм.
2013 онд Засгийн газраас шатахууны компаниудыг Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт хамруулж бага хүүтэй зээл олгож байв. Энэ хүрээнд Уул уурхайн яамтай гэрээ байгуулсан 13 импортлогч компанид нэг жилийн хугацаатай 3.8 хувийн хүүтэй 192 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Засгийн газар ингэж тал зассаны шалтгаан нь дээр хэлсэнчлэн шатахуун импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхсөн. Ингэснээр тухайн үед валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалсан шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ өсөхөөс сэргийлж, түлш шатахууны үнийг тогтвортой байлгаж чадсан гэдэг.
Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол буурснаас, ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ буурсан. Тиймээс шатахуун импортлогч компаниудын ашиг огцом нэмэгдсэн юм. Гэвч тэд өөрсдөө үнээ бууруулах талаар ямар нэг санаачилга санал гаргаагүй. Харин Засгийн газар 2015 онд автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг хилийн үнэ, валютын ханшны хэлбэлзэлтэй уялдуулан тонн тутамд 400-520 мянган төгрөг байхаар тогтоосон юм. Засгийн газар шатахуун импортлогчдод "төмөр нүүр” гаргасан нь ганц энэ биз.
Харин 2016 оны сүүлийн хагас жилээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларч, шатахуун импортлогч компаниудын ашиг буурахад Засгийн газраас жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор яаралтай арга хэмжээ авсан байдаг. Ингэхдээ Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 5-ны өдөр 109 дүгээр тогтоол, 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 166 дугаар тогтоол, 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоол тус тус гаргаж онцгой албан татварын хувь хэмжээг бууруулжээ.
Дараа нь 2017 оны эхний хагас жилд дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ дахин буурлаа. Гэсэн ч манай импортлогчид үнээ буулгаагүй.
Харин Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2016 оноос хойш гурван ч удаа бууруулаад байсан онцгой албан татварын хувь хэмжээг 2017 оны долдугаар сарын 1-нээс үе шаттайгаар буцаан нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Дээрх шийдвэрийн хүрээнд Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолоор онцгой албан татварын хэмжээг Засгийн газрын 2016 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан хэмжээ буюу тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоосон. Гэвч энэ асуудлаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөс зөвлөмж гаргасан байдаг. Ингээд зөвлөмжийн дагуу АИ-80, АИ-92 бензиний онцгой албан татварын нэмэгдэх хэмжээг бууруулж, Засгийн газрын тогтоолын төсөлд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг АИ-80 190 мянга, АИ-92 нь 210 мянга, дизелийн түлш 280 мянган төгрөг байхаар болгожээ. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтуудаар импортлох автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх байсныг бууруулж ногдуулахаар тогтоолын төсөлд тусгасан байгаа юм.
Шатахуун импортлогч компаниуд Засгийн газар хоёр хэдий болтол иймэрхүү байдалтай явах вэ. Үүний оронд нефть боловсруулах үйлдвэр байгууласан нь дээр гэх яриа иргэдийн дунд сүүлийн нэг жилийн туршид эрчимтэй яригдаж эхэллээ. Монгол орны газрын тосны боломжит нөөц 800 гаруй мянган тонн, үүнээс баталгаат нөөц нь 332,6 сая тонн юм. Өнөөгийн технологийн төвшинд баталгаат нөөцийн 95 хувийг, заримдаа 100 хувийг олборлож авдаг болсон байна. Монголын газрын тос хүндэд тооцогддог бөгөөд энэ тохиолдолд 30 хувийг нь олборлож авдаг гэж тооцоход бидэнд 100 сая тонны газрын тосны нөөц байна. Энэ бол Монголын 30 жилийн хэрэгцээний түүхий эд юм. Гэхдээ энэ бол маш бага судлагдсаны үндсэн дээр гаргасан хэмжээ юм.
Тэгвэл нөөц үүнээс илүү гэдгийг холбогдох эх сурвалж онцлоод нөөцийг дахин тогтоолгох нь зөв гэж үзэж байна.
Твиттер болон фээсбүүкд хэсэг залуучууд "Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь зөв үү эсвэл буруу” гэсэн судалгааг нэг өдрийн дотор явуулахад судалгааны үр дүн ингэж гарсан байна.
http://amjilt.news/21548