Сэтгүүлчдийг тагнасан, чагнасан, буудсан гэв үү?

🕔 2018/04/27 09:35

 

Парис хотод төвтэй "Хил хязгааргүй сэтгүүл­чид” олон улсын байгуул­лагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулсан.  Хэвлэлийн эрх чөлөөгөөр манай улс өмнөх оноос хоёр байраар ухарч, 71-т бичигджээ.

Энэхүү мэдээлэлтэй зэрэг­цэн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий есөн сэтгүүл­чийг тагнасан, чагнасан,  автомашин руу нь  буудсан гэх асуудал "босч” ирлээ.

ТЕГ-аас энэхүү асуу­далд шалгалт явуулж, ил­рүүлсэн гэх албан бус мэдээлэл бий. Тэгвэл өчигдөр тагнасан, чагнасан асуудлаар Нийслэлийн Прокурор мэдээлэл хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч тайлбар өглөө. Энэ асуудлыг тойр­сон эх сурвалжуудын мэдээл­лийг тоймлон хүргэж байна.

 

Г.Бясман: ХУУЛЬ ЗӨРЧИЖ  СЭТГҮҮЛЧДИЙГ  ТАГНАЖ, ЧАГНАСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Энэ асуудлаар Нийслэлийн прокурорын газ­рын олон нийттэй харилцах асуудал  хариуц­сан хяналтын про­курор Г.Бясман өчигдөр  мэдээлэл өглөө. Тэрээр "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль, тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүл­сэн. Прокурор хэр­гийг хянаж байна. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Уг хэргийн захиалагч нь Ц.Нямдорж сайд гэсэн мэдээлэл цахим орчин болон хэвлэлээр гарч эхэлсэн.

Ийм­­ээс "Захиалагч нь Ц.Нямдорж сайд юм биш үү” гэж асуухад  хя­нал­­­тын прокурор Г.Бяс­ман "Одоогоор хэлэх боломж­гүй” гэл­ээ. Яллагдагчаар татсан, эсэхийг лавлахад "Эрүү­гийн хэрэг үүсгээд, яллаг­дагчаар татах са­нал­­тайгаар  хэргийг шал­гаж байна” гэсэн бол Цаг­даагийн хэчнээн албан хаагч холбогдоод байгааг мөн хэлэх боломжгүй гэсэн юм.

 

Ц.Нямдорж: БИ НЭГ Ч СЭТГҮҮЛЧИЙГ ТАГНАЖ, ЧАГНАЖ БАЙСАН УДААГҮЙ

Үүнчлэн өчигдөр өд­рийн 14.00 цагийн үед Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ асууд­лаар тайлбар хийлээ.

-Таныг хууль хянал­тынханд нэр бүхий сэт­гүүлчдийг тагнаж, чагнах үүрэг өгсөн гэх мэдээлэл байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Би сэтгүүлчийг таг­наж, чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэг­тэй холбогдуулж ийм зүйл хийж байгаа. Улс төрд зүтгэх 27 жил­ийн хугацаанд нэг ч сэтгүүл­чийг гүтгэж, нэг ч сэтгүүлчийг шүүхэд дуу­даж байсангүй. Энэ бол зориудаар зохион байгуулж буй улс төрийн үйл ажиллагаа.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхээр шийд­­вэрлэсэнтэй холбоотой­гоор ямар балиар үйл ажил­лагаа явагдсаныг би барим­таар дэлгэн мэдээлэл хийсэн. Хүний цогцсыг айлын хашаанд аваачиж хаясан гэдгийг ярьж эхэлс­нээс хойш намайг ер амраахаа боль­сон.Үүнтэй холбоо­тойгоор айлган сүрдүүлэх үйл ажиллагааг эх захгүй хийж байна. Үүний цаана цөөн хэдэн хүн бий. Өөрсдийн муу муухайг далдлах гэсэн үндсэн санаа юм.

-Та энэ асуудлыг про­­­­­ку­рорын газарт тавь­сан уу. Таныг  зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа асуудлын цаана хэн байгаа гэж харж байна вэ?

– Машины дугуй руу буудсан гэдэг нь ямар учир­тай юм, юу яриг­даад байгаа юм, энэ талаар судалж, хэв­лэлийнхэнд үнэн зөв мэдээ­лэл өгөө­рэй гэж цагдаагийн­ханд хэлсэн.  Хамгийн харам­­салтай нь манай цагдаагийн нэг албан хаагч бур­хан болсон.  Эрүүгийн цагдаагийн газрын дарга залуу Солонгост хүнд хагалгаанд ороод байхад тэр залууг хардаж, хэрэг үүсгэсэн. Тэр залуу Мон­голд ирээд хоёр хоноод тархиндаа цус харваж нас барсан. Бие муу байхад нь хүүхдийг нь сургууль дээр нь очиж  хоргоосон.  "Аав чинь хаана байна” ингэж л айлган сүрдүүлсэн.  Тэр залуугийн нэрийг өнөөдөр тараасан гүтгэлэгтээ ор­уул­сан байна лээ. Ер нь аймшигтай юм болж байна шүү. АТГ-аас  Л.Болд, Ж.Батзандан нар­ыг дуудаж байцаалаа. Өнөөдөр ийм зүйл хийж байна. Үүний цаана Ням­дорж байгаа л гэж харуулах гэсэн хэрэг. Гүт­гээд байгаа хүмүү­сийн нэрийг цаг нь болохоор хэлнэ.

-Сангийн сайд Ч.Хүрэл­­­баатар та хоёрыг огцруулах саналаа АН-ын бүлэг тавилаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Чуулган дээр би АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэ­баттай энэ тухай ярьж байгаад гарч ирлээ. "Чи "Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах тогтоолд гарын үсэг зурсан байдаг. Тэрийг чинь би шалгасан. Одоо чи намайг огцруулах асуудлыг тавьдаг нь ёс зүйтэй юм уу” гэх утгаар.  Эрдэнэтийн асуудал дээр 49 хувийнхны тэвчээр нь барагдаж байх шиг байна. Өдрөөс өдөрт ийм зүйлүүд гарч ирээд байна. Миний хүүхэд нэг нь бизнес хийдэг юм л даа. Тэр ком­панийн материалыг хүртэл 2017 оны нэгдүгээр сард хууль бусаар татаж авсан байсан.

Надаар, миний танил хүмүүсээр оролдож бай­­­­­на. Сэтгэл зүйн асар их дарам­­тад байлгах гэж бо­дож байна. С.Зориг амьд сэрүүндээ иймэр­хүү бай­далд бүтэн жил амьдарсан юм. О.Даш­балбар, дараа нь талий­гаач М.Зэнээ бур­хан болохынхоо өмнөх жилүүдэд яг ийм байдал­тайгаар хэдэн жил амьдар­сан юм. Тэгэхээр тэр бай­дал над дээр ирж байгаа юм болов уу гэж бодогдож байна шүү.

 

Д.Мандахбаяр: ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЭЛ АВАХААР АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛСЭН

Үүний дараа өдрийн 15.00 цагийн үед  МСНЭ-ээс сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудалд мэдээ­лэл өгсөн. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандах­баяр "Сэтгүүлчийн мэр­гэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж чагнасан гэсэн мэдээлэл тарж эхэлсэн. Бид ан­хааралтай ажиглаж бай­сан. Мэдээлэлд нэр дур­дагдсан зарим сэт­гүүлч­тэй холбогдсон. Гэтэл бидэнд ч ямар нэг мэдээлэл байхгүй гэсэн хариулт өгч байна. МСНЭ-ээс нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэг­дье. Нэгдүгээрт, хэрэв сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай хол­боо­той ямар нэг дарамт шахалт үзүүлсэн, тагнаж чагнасан асуудал байвал үүний эсрэг хатуу тэм­цэнэ. Сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалж ажил­лана” гэв.  Прокурорын байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-аас албан ёсны лавлагаа мэдээлэл хүссэн бичиг яв­уулсан байна. Тэрээр Сэт­гүүлчиддээ хандаж хэлэхэд салбарын төв бай­­гууллагадаа бичгээр биш юмаа гэхэд ирж уул­­­­­заад албан ёсоор ямар асуу­дал байгаагаа мэ­дэгдэх хэрэгтэй. Манай байгууллага сэтгүүлчийн эрх ашгийн төлөө явах үүрэгтэй байгууллага” гэсэн юм. Сэт­гүүлчдийг тагнасан чагна­сан, авто­машин руу нь бууд­сан гэх асуудал өчиг­дөр иймэрхүү байдлаар өрнөлөө.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ч.ОЛДОХ, Т.САЙХАНскачать dle 12.0

Санал болгох