Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
"ОХУ-ын эсрэг АНУ-ын нэвтрүүлж буй хориг арга хэмжээний хариуд авч хэрэгжүүлэх сөрөг арга хэмжээнүүд нь Оросын эдийн засагт хохирол учруулахгүй. Бид өөрсдийн эрх ашигт нийцсэн хориг арга хэмжээ авна. Манай улсын дотоодын үйлдвэрлэл болон өрсөлдөх чадварт хохирол учруулж болзошгүй арга хэмжээг бид авч хэрэгжүүлэхгүй” гэж ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Аркадий Дворкович телевизийн "Россия 24" сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
"Ингэхдээ засгийн газар эдийн засгийн зарим салбарт тулгарах эрсдэлүүдийг үнэлж дүгнэнэ. Жишээ нь, программ хангамж зэрэг бидний бүтээгдхүүн худалдан авдаг эмзэг салбарууд байдаг. ОХУ Америкийн хориг арга хэмжээний хариуд сөрөг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулаад байгаа” хэмээн Оросын шадар сайд нэмж хэлсэн байна.
АНУ-ын эрх баригчид ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа тухай НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли дөрөвдүгээр сарын 15-нд мэдэгдсэн юм. Америкийн засаг захиргаа хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 6-нд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн ба түүнд Оросын томоохон 7 бизнес эрхлэгч, төрийн 17 түшмэл болон улсын корпорацийн удирдагч, хувийн 12 компани, төрийн 2 байгууллага өртсөн байна.