Эрүүл хүн энэ Монголын баялаг
Өргүй бол баян, өвчингүй бол жаргал. Эрүүл мэнд энэ насны жаргал бөгөөд хувь хүний хамгийн том баялаг билээ. Харин эрүүл иргэд энэ Монгол Улсын баялаг юм.
Нийтээрээ эрүүл, өвчин зовлонгүй аз жаргалтай улс болоход Монголд өнөөдөр юу дутагдаж байна вэ?
Далай лам нэгэнтээ, ...Хүн мөнгө олохын тулд бүх эрүүл мэндээ золиосолдог,
Дараа нь эрүүл мэндээ буцаан олохын тулд олсон мөнгөө бүгдийг зориулдаг... гэсэн байдаг.
Шийдэж чадахгүй зүйлийнхээ өөдөөс эрс шийдэмгий алхаж, сэтгэлгээгээ өөрчилбөл бүгд боломжтой.
Эрүүл мэндийн салбарыг Монгол орны тэргүүлэгч салбарын нэг болгож энэ салбарт хөрөнгө оруулагчдыг дэмждэг, ажиллаж буй хүмүүсийг нь үнэлдэг, эргээд өндөр хариуцлага шаарддаг байх хэрэгтэй.
Цаашлаад эрүүл мэндийн үйлчилгээг орон даяар үнэгүй болгож нийтээрээ эрүүл Монгол хүн болгох алхмыг тавих ёстой. Ингэж гэмээнэ Монгол хүн бүр аз жаргалтай болж, Монгол Улс эрүүл мэндийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд тэргүүлнэ.
Цөөхөн хүн амтай Монгол орны хувьд энэ боломжтой зүйл агаад хүн амын бодлогоо бүх талаар дэмжиж 10 саяулаа болох цаг хугацааны шаардлага ирээд байна. Хүн нэмэгдвэл хүч нэмэгддэг дээ.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд олон гарц, шийдлийг мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Хамгийн түрүүнд Төр бүх талын дэмжлэгээ үзүүлэх, цаашлаад хүн бүрийг ажил хийх нөхцөл боломжоор хангаж, цалингаас нь 1 хувийн татварыг Эрүүл мэндийн санд төвлөрүүлэх, ирж үзүүлэх болгонд 5-10 мянган төгрөгийг хураан авч тасалбар өгөн түүгээр үйлчлүүлэх.
Гаднын зээл тусламжийн тодорхой тогтсон хувийг байнга Эрүүл мэндэд санд төвлөрүүлж, санд тавих хяналтыг чангатгаж эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирэх, худалдаалах бүх үйлчилгээг Төр буюу Эрүүл мэндийн салбар гартаа авч ажиллуулсан нь дээр. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 3 ангилалд хувааж, хүссэн хүн нь 2, 3 дахь ангиллын өндөр үнэтэй үйлчилгээг авсан ч болно.
Жирийн иргэд анхны шатны хямд үйлчилгээнд хамрагдах боломжтой. Эрүүл амьдралын хэв маягийг сонгож хөдөө орон нутагт ажиллаж буй хүмүүст хямдралтай, бүр үнэгүй үйлчилж, хот суурин газрын иргэдийн үзлэгт бага тоотой хэмжүүр тавих ч болох шүү дээ. Энэ мэт олон санаа дэвшүүлэн, мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөн тодорхой хэдэн шийдвэрт хүрэн тэрнийхээ дагуу ажиллах ёстой. Ямар ч байсан одоогийн энэ мухардлаас гарах арга замыг олох ёстой.
Монгол Улс өнөөдөр хорт хавдар, зүрх судасны өвчин, элэг, ходоод, амьсгалын зам болон уушгины өвчний нас баралтаар дэлхийд дээгүүрт яваа. Үүнээс гадна зам тээврийн осол, амиа хорлолт, дутуу төрөлт, аборт зэрэг өндөр байна.
Цөөн хүн амтайн дээр дундаж наслалт бага, гол төлөв дунд насныхан хорвоогоос хальж байгаа нь Монгол Улсын хүн амын өсөлтийг удаашруулдаг. Ямар ч байсан төрөлт илүү байгаа учраас Монгол Улсын хүн ам маш удаанаар ч гэсэн өсч л байна.
Товчхондоо хүн амын эрүүл мэндийг хангаж, өсөлтийг нэмэгдүүлж, нийтээрээ эрүүл мэнддээ анхаардаг, үзлэг шинжилгээнд хамрагддаг болбол энэ Монгол Улс хамгийн том баялгаа хамгаалж байгаа нь тэр юм.
Эрүүл ард иргэд л эх орны маань тулгуур багана, хүч билээ.