Хөгшчүүл
Хөгжмийн ангид маань нэг эмээ явдаг юм. Тэр 81 настай. Төгөлдөр хуур дарж сурч байгаа. Гар нь мойнийж, нуруу нь бөгтийсөн ч тэрээр хаан хөгжмийн сургалтаа нэг ч таслалгүй явсаар л байна.
Өнөөдөр хэлний ангийн багш маань нүд бүлтийлгэж, чих сортойлгов. Тэр одоо 63 настай, эрэгтэй. Ойрын 20 жилийнхээ амьдралын төлөвлөгөөг гаргасан гэнэ. Гурван ч их сургуульд элсэх өргөдлөө илгээгээд байгаа аж. "Би их сургуулиа төгсөөд цэцэрлэгийн зохион байгуулагч болно. Тэгээд улсынхаа хамгийн том château-нуудыг цэцэрлэгжүүлж, Швейцарь шиг болгохыг хүсэж байна. Яагаад гэвэл энэ миний бүх насны мөрөөдөл" гэлээ. Сhâteau гэдэг нь манайхаар бол хуучны ордон, цайзуудыг нэрлэдэг юм.
Манайхан 35-55 настай иргэдээ ахмад настанд оруулчихдаг. Гэтэл Европт энэ насны эмэгтэйчүүдийг төрөх насны залуухан бүсгүйд тооцох бөгөөд харин эрчүүд нь бол ид цэцэглэж жигдэрсэн насныхан. Тэд болзож, хуримлаж, бүжгэнд орж, дугуйлан дамжаанд явж, аялалд гарч, гудамжинд халуунаар үнсэлцэж, хайр дурлалын үгсээ солилцоход гайхах хүн нэг ч үгүй. Учир нь хүний бүх насны тэн хагаст нь яваа тэднийг амьдралынхаа ид халуун оргилсон үе дээрээ байна гэж үздэг.
Би ч санал нэгтэй байгаа. Учир нь энэ насныхан сурч мэдсэнээ аль хэдийнэ гартаа оруулсан чадварлаг боловсон хүчнүүд юм.
Гэтэл бас 60-аас дээш насныхны ихэнх нь ажил мэргэжлээ үргэлжлүүлэн хийсээр байгаа харагддаг. Тэд бол туршлагатай, анхаарал болгоомжтой бас амьдралд маш их хайртай хүмүүс болсон байдаг. Тэд ажлынхаа хажуугаар нийгмийн сайн сайхны төлөөх олон төрийн бус байгууллага, клуб нийгэмлэгүүдэд нэгдэж, харж хандах хүнгүй хүүхдүүдийг асрамжиндаа авч, тусламж хандив түгээж, олон нийтийн ажлуудад сайн дураараа ажиллацгаана. Тэдэнд хэн ч мөнгө өгөхгүй хэдий ч хэдийнэ хөрөнгө санхүүгээ шийдчихсэн тэдний хувьд энэ бүхэн огт асуудал биш.
Саяхны нэг цугларалтад танилцсан 72 настай хатагтай "Та нар маш залуу байна. Би уг нь багш хүн. Гэхдээ одоо багшийн ажлаа дуусгасан тул нэг багахан театрт дуучнаар ажиллаж байгаа. Надад 35-тай найз эмэгтэй бий. Тэр хэдийгээр миний бага хүүгээс дүү боловч бид их сайн найзууд. Маш сайн ойлголцдог. Бас хамтдаа амралтын өдрөөр дууны курс хичээллүүлдэг" гэсэн нь санаанд тодхон.
Хүмүүстэй шинээр танилцахад голцуу ойрын хэдэн жилийн төлөвлөгөөг минь сонирхдог. Энэ төлөвлөгөө өсөж дэвших, сурч мэдэх сонирхлоор бялхаж байхад тэд дуртай. Хэн нэгэн алдаа гаргахад шоолж дооглох, дорд үзэх байдлыг аль ч насныхан гаргахгүй. "Зүгээр ээ, санаа зоволтгүй" гэх үгийг цаг үргэлж сонсдог тул хүмүүс алдахаас айж ичих зовиургүйгээр чөлөөт харилцаанд ордгийг онцлон дурдмаар байна.