Засаг дарга С.Насанбатын 5-6 тэрбум төгрөгийн шийдвэрийн учиг юу вэ

🕔 2018/03/27 13:40

 

Засаг дарга С.Насанбатын 5-6 тэрбум төгрөгийн шийдвэрийн учиг юу вэ"Ухаангүй ноёнд ургашгүй албат” гэдэг хэлц санаанд буув. Дархан-Уул аймгийн Засаг ноён намаараа түрүү барьж, ойгоргон загнах болов. Тэд төсвийн хөрөнгийн үрэлгэн байдлыг хязгаарласан. Улс эх орон болон ард түмэн бидэнд ашигтай аливаа ажил үйлс, санаа санаачилгыг дэмжиж ажиллах ёстой байтал. МАН-ын  шийдвэр, олонхийн саналаар гээд хэвийн явагдаж буй ажлыг ч зогсоож гацаадаг, зоргоороо аашлан нурааж үгүйсгэдэг боллоо. Нэг үгээр хэлбэл, Дархан-Уул аймаг "МАН-ын гишүүдийн Бүгд найрамдах улс” болох нь.

Үүний нэг тод жишээ нь улстөрчдийн золиос болон гацсан аймгийн Хуримын ордны хуучин барилгын засварын ажил юм. Өмч хувьчлал явагдсан 1990-ээд оны тухайн үеийн аймгийн ИТХ-ынхан Хуримын ордныг ашиггүй, алдагдалтай ажиллаж байна гэсэн шалтаг, шалтгаан гаргаж хувьчилсан байдаг. Тус ордныг хувьчилж авсан Гэр бүл судлаач Л.Нарантуяа хөрөнгө оруулалт хийж чадалгүй Христийн байгууллагад түрээслэж байгаад зарсан гэх яриа бий. Харин энэ зарагдсан Хуримын ордны барилгыг "Дархан нутаг хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн П.Алимаа гэгч эмэгтэй өөрийн хөрөнгөөр худалдан авч  сэргээн засварлах ажлыг санаачлан эхлүүлжээ. П.Алимаа дахин энэ Хуримын ордны барилгыг хувь хүний эзэмшилд алдахгүйн тулд тус барилгын 50 хувийг эзэмших эрхийг  орон нутгийнхаа иргэдтэйгээ хамтран эзэмших, үлдсэн 50 хувийг аймгийн ЗДТГ-ын мэдэлд шилжүүлэн өгөх хүсэлтийг аймгийн Засаг дарга асан А.Энхболдод гаргасан байна. Ингээд тус Хуримын ордныг сэргээн засварлах ажлыг ирэх аравдугаар сард багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажилдаа оржээ. Гэтэл УИХ-ын болон орон нутгийн сонгууль болж, аймгийн ЗДТГ-аас засварын ажлыг хийж гүйцэтгэх хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхгүй, гацаанд оруулжээ.

Өөрөөр хэлбэл, тус аймагт МАН-ынхан орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан нь Хуримын ордны хуучин барилгыг сэргээн засварлах ажлыг таслан зогсоох шалтгаан болжээ. Нөгөөх төрийн бодлогын залгамж чанар үргэлжилж, төрийн ажил тасралтгүй явагдана гэдэг нь ард түмэн биднийг хуурч молигдсон нам төвтэй улстөрчдийн хоосон уриа, лоозон бололтой. Дархан хотоо гэсэн сэтгэлтэй жирийн нэгэн эмэгтэй өөрийн хөрөнгөөр Хуримын ордны барилгыг худалдан авч, төр болон ард түмэнд 50:50 хувиар эзэмших эрхийг бэлэглэж байхад үүнийг илт үгүйсгэсэн шийдвэрийг аймгийн шинээр сонгогдсон Засаг дарга С.Насанбат гаргасан болж таарлаа. Түүний бодлоор бол Хуримын ордны барилгыг сэргээн засварлах нь улс төржсөн үйлдэл юм шиг байна.

Түүгээр зогсохгүй С.Насанбат дарга Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд баригдахаар төлөвлөсөн "Ардын ёс заншлын өргөө”-г  Хөтөлд биш тус аймгийн  төвд Хуримын ордон болгон бариач гэсэн саналыг төсөл санаачлагч иргэнд тавьжээ. Улмаар уг төслийг санаачлагч ардын ёс заншил судлаач, ерөөлч магтаалч Дарханням гэгч хүнийг Дарханд шилжүүлэн авчирч байр савтай болгон төвхнүүлж амжсан бололтой. Учир нь С.Насанбат дарга Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газрын зөвшөөрөл авч "Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн буюу хүүхдийн паркийн хашаанд 5-6 тэрбум төгрөгөөр "Ардын ёс заншлын гэрлэх ёслолын өргөө” гэгчийг босгохоор шийджээ.

Гэтэл бодит байдал дээр улсын төсөв хөрөнгө ямар байдалд буйг хэн хүнгүй мэднэ. Бэлээхэн байгаа хуучин ордноо засч сэлбэхийн оронд хэдэн тэрбумаар нь ингэж тансаглах шийдвэр тэрлэж байгаа нь "хөшигний цаана” ямар учиг байна вэ?

Ядаж л дутуу баригдсан Спортын ордны барилгын хөрөнгө мөнгийг шийдэж, дуусгах талаар санаа тавьсан бол С.Насанбат даргад баяр хүргэхсэн. Наанадаж л "Хуучин хуримын ордны барилгыг  50-60 саяар засварлах нь зөв үү. Шинэ хуримын ордныг 5-6 тэрбумаар босгох нь дээр үү” гээд иргэдээсээ асуудагч болоосой.

Хамгийн инээдтэй нь С.Насанбат даргын өмнөөс ярьдаг нөгөөх ерөөлч Дарханням гэгч "Хуучин Хуримын ордны барилгыг худалдан авсан нь улс төржсөн үйлдэл. Иргэдээс болон ард түмнээс хандив цуглуулж байгаа нь буруу. Хэд хэдэн байгууллагын ажилчдаас хандив авсан гэдгийг би олж мэдэж тогтоосон” гэж ярьж байх юм.  Тэр ч бүү хэл тэрбээр "Хуучин Хуримын ордны барилгыг сэргээж болохгүй. Монголчууд бэлгэдлийг бодож эрхэмлэдэг ард түмэн. Христийн сүм байсан, олон янзын хүмүүс цуглаж байсан  нь бэлгэдэл муутай " гэх маягийн юм ярих…

Үнэн хэрэгтээ ардын уламжлал, монгол ёс заншлын бэлгэдэл гээд туйлшрах юм бол олон юм ярьж болно. Хамгийн наад захын жишээ гэвэл аймгийн ЗДТГ-ын "Нутгийн удирдлагын ордон” хойшоо харсан хаалгатай. Өдгөө олон залуусын гэрлэх ёслол үйлдэж байгаа Эмэгтэйчүүдийн ордон баруун хойшоо харсан үүдтэй. Залуу гэр бүлийг бүртгэдэг гэх ЗДТГ-ын "Ёслол хүндэтгэлийн өргөө” гэх шавар гэр зүүн хойшоо харсан хаалгатай байгаа шүү дээ. Монголчууд гэрийн үүдээ хойд зүг руу харуулж барьдаггүй муу ёр гээд эдгээр барилгыг нураагаагүй л байна.

Үнэхээр Дархан-Уул аймгийн төсөвт болон "Орон нутаг хөгжүүлэн сан”-д, эсвэл С.Насанбат даргын  хувийн хадгаламжийн дансанд  5-6 тэрбум төгрөг нь байгаа юм бол нэг их улс төржиж талцаж маргалдахгүйгээр шинэ, хуучин хоёр хуримын ордонтой болсон ч яах вэ дээ. Иргэд өөрсдөө ая тухаа харж  дуртай ордноороо үйлчлүүлнэ биз. Иргэд биднээс асуухгүйгээр шийдвэр гаргадаг хэтийдсэн  их эрх мэдлээ хазаарлаж, хязгаартай байлгасан нь дээр биш үү. Нөгөө даржин нэртэй, иргэдийн саналыг сонсдог гэх Иргэний танхим маань улс төрийн намын хамгаалалт болж хувирчихлаа. Иргэний танхимыг намын гишүүд удирдахаар ямар юмнынх нь иргэдийн дуу хоолой болж чадах вэ дээ.

Б.Хурц

http://newsmedia.mn/9512



скачать dle 12.0

Санал болгох