Г.Баасан төрийн албыг “самрах” эрхтэй юу

🕔 2018/03/26 11:16

 

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл гэдэг байгууллагын ажил үүргийн үндсэн чиглэл яг юу юм бол. Өнөөгийн ОНЗ-ийн байр байдлыг харахад, АТГ-тай яг адил түвшинд, зарим тохиолдолд давж ажиллахаар барахгүй, хянаж шалгах, байцаах, мөрдөх бүхий л албыг гүйцэтгээд байх шиг.
Тэгвэл яг албан тодорхойлолтод "Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь хуульд заасны дагуу авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх, олон нийтэд авлигын хор хөнөөлийн талаар ухуулан таниулах, авлигаас ангид нийгмийн орчинг бий болгох, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын ил тод нээлттэй байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготой” хэмээн заажээ.

Монголчуудын хувьд АТГ туйлын онцгой газар. Зарим нь бүр хуучны До яам хэмээн нэрлэж байгаа. Харамсалтай нь, орчин цагийн ногоон малгайтнууд маань цензурын бэлгэдэл болж чадаж байгаа юу гэдэг дээр олон нийт эргэлздэг. Дарга нар нь ч тогтвортой ажиллах боломжгүй. Хаа нэг дуулиан тарьсан баривчилгааны дараа л АТГ-ын даргыг солих тухай яриа гардаг. Тэгсгээд ч сольчихдог. Баривчилгааны тухайд ч "АТГ спорт загасчлалын зарчмаар ажилладаг. Барилаа, харууллаа, буцаагаад тавилаа” гэсэн явган хошигнол ч бий болсон. Гэвч энэ байдал юунаас үүдэн бий болов. Үүний хариулт нь л ердөө төрийн хэт их оролцоо. Одоо бүр байтлаасаа хуваагаад авчихсан, АТГ-ын дарга бол Ерөнхийлөгчийн хүн гэсэн шиг л байцгаадаг болж. Одоо үүн дээрээ нэмээд ОНЗ нь ч Ерөнхийлөгчийнх болж таарч байна.

Ингэж тодорхойлж байгаа нь ч цаанаа учиртай. Юу гэвэл, АТГ-ын газрын даргыг солих асуудал аль өнгөрсөн намраас яригдсан. Шалтгаан нь тодорхойгүй ч ”Солино” гэсээр өнөөг хүрсэн. Тэгвэл энэ солио холионы учир начир одоо л тайлагдаж, АТГ-ын дараагийн даргын тухай яриа эрчимжиж, сураг төдий байсан бол өдгөө бүр нэр зүстэйгээ гараад ирлээ. Тодруулбал, дээр дурдсан ОНЗ-ийн дарга, хатагтай Г.Баасангаар АТГ-ын дарга тавих тохироо бүрдсэн гэлцэж, хэвлэлүүд онцлох болов.
Уг нь энэ асуудлыг төрийн өндөрлөгүүд ч юм уу, эсвэл Засгийн газар, УИХ-ын томчуулын санал болгосон төдийгөөр шийддэггүй. Зориулагдсан хууль, журам бий. Хуульд зааснаар, ОНЗ нь орон тооны бус статустай, даргыг нь Ерөнхийлөгч санал болгож, олон нийтээс томилдог газар. АТГ-ын комиссар Т.Мөнхтунгалагийн хэлснээр, ОНЗ өргөдөл, гомдолтой танилцаж, хянаж, шийдвэрлэхгүйгээс гадна хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажиллагаанд оролцохыг хуулиар хориглодог.

Харин "Ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүнээс Ерөнхийлөгчийн зөвлөх рүү дэвшиж, улмаар АТГ-ын ОНЗ-ийг удирдаж, одоо бүр газрын дарга болно хэмээн яригдаж байгаа Г.Баасан хатагтай өнгөрсөн хугацаанд хуулийн заалтуудаас яг эсрэгээр нь ажиллаж буй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ОНЗ-ийг даргалсан дөрвөн сарын ажлын тайлангаа танилцуулж, нийгэмд ёстой л хар хорын бөмбөг тэсэлсэн. Нэн түрүүнд Г.Баасан хатагтайн үзэж буйгаар АТГ алив хэрэгт хайнга ханддаг учраас одоогийн дарга Х.Энхжаргалыг өчиггүй огцруулах хэрэгтэй гэдгийг онцолсон билээ.

Тэрчлэн ОНЗ АТГ-т ирж буй гомдол, саналыг хамгийн эхлээд хүлээн авч, мөрдөн шалгах шаардлагатайг нь цааш уламжилдаг болсон гэлээ. Үүнийг сонсоод зохих хуулиудад өөрчлөлт орсон юм байх гэж бодтол "Үгүй” гэнэ. Тэгвэл ямар үндэслэлээр хууль зөрчиж, тусгай ажиллагаанд оролцох болов гэхэд сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга ОНЗ-ийн ажиллах журмыг батлахдаа ийм зүйл, заалт оруулсан гэх аж.

Ингээд харахад, ОНЗ-ийн дарга Г.Баасан нарын эрх мэдэл хуулиас дээгүүрт тавигддаг бололтой.

Хамгийн гол нь, тэрбээр хэвлэлийн бага хурал зарлан тайлан танилцуулахдаа УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг удаа дараа дурдаж, энэ байгууллагад ял эдэлж байсан хүн ажиллаж байна гэв. Ер нь Г.Баасан УБТЗ-д туйлын зуулттай хандаад байгаа нь үг үйлдэл бүрээс нь илэрхий харагддаг. Тэрбээр уг нь хянан шалгах, мөрдөн байцаах эрхгүй ч УБТЗ-ыг бол ёстой л самарч байгаа. Тэр ч бүү хэл, тэр газарт ажиллаж буй шоронд хоригдож байсан хүмүүсийг АТГ халахгүй байгаа гэх мэтээр ярьсан. Тэгвэл тэмцэгч, хуульч, ОНЗ-ийн дарга Г.Баасан хатагтай АТГ аль нэг байгууллагын ажилтныг дур мэдэн халж, сольж, халах санал хүргүүлэх хуульзүйн үндэсгүй гэдгийг мэддэггүй байх нь. Тэгэхээр Г.Баасан хатагтайд УБТЗ-ыг оролдох өөр шалтаг, шаардлага бий гэдэг хардлага өөрийн эрхгүй төрөх аж. 

Тэрнээс гадна Г.Баасан хэвлэлээр гарах бүртээ "Биднийг ард түмэн сонгосон” гэж мэдэгддэг. Харамсалтай нь, ОНЗ-ийг сонгох кампанит ажил ойрын он жилүүдэд өрнөөгүйг хүн бүр мэдэж байгаа.

Ер нь ч авлигатай тэмцэх асуудлыг олон нийтэд ухуулж, сурталчлах, соён гэгээрүүлэх үүрэгтэй энэ зөвлөл АТГ-ыг хянаж цагдахаасаа урьтаад өөрсдөө хуулиа мөрдөх нэн шаардлагатай болжээ. АТГ шүүхийн түвшний шийдвэр гаргаж, хэн нэгнийг ялтан, авлигач, хэрэгтэн, сэжигтэн гэж зарлах эрхгүй. 

Харин АТГ-ын дэргэдэх ОНЗ л өдгөө дургүйг нь хүргэсэн бүхнийг хэрэгтэн, авлигач хэмээн зарлаж, хочилж байгаа нь нууц биш. Зөрчлийн хууль гэдэг нь үнэхээр л хэрэгжиж байгаа бол Г.Баасанд гүтгүүлсэн хүмүүсийн уртаа гэгчийн цуваа аль хэдийнэ үүсчихээд байгааг холбогдох албад нь анхааралдаа авсан биз ээ.

Эцэст нь гэж хэлэхэд, Г.Баасан нэгэн цагт гудамжны цогтой тэмцэгч байсан нь үнэн. Тэрбээр энэ этикээ өнөөдөр ч хаяж чадахгүй байгаа нь ажлын арга барилаас нь шууд л харагддаг. Шуудхан өчихөд, Г.Баасан гудамжны улстөрийг төрийн ажилтай хутгаж, АТГ-ын даргыг огцруулах шантаажийг хийж байгаа гэхэд хилсдэхгүй байх.


Эх сурвалж: Өглөөний сонин

скачать dle 12.0

Санал болгох