ОРХОН АЙМАГТ ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРЛАА
Орхон аймгийн Жаргалант суманд малын гоц халдварт "Шүлхий" өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр тус сумын Улаантолгой багт нутаглаж буй иргэн А "Манай үхрийн амнаас шүлс гоожоод байна” гэсэн мэдээллийг сумын мал эмнэлэг үржлийн тасагт өгсөн аж. Уг мэдээллийн дагуу малын эмч нар очиж, эхний үзлэгээр малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг болохыг тогтосон байна.
Улмаар Жаргалант сумын нутаг Улаантолгой багт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийг хяналтын 6 цэгээр дамжуулан хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тогтоожээ. Мөн сэжигтэй бүсэд байрлах 34 өрхийн 1431 үхэр, 19 хонь, 64 ямаа нийт 1514 малд үзлэг тандалтын ажлыг зохион байгуулсан. Түүнчлэн шүлхий өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд тандалт судалгаа хийж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг өөрийн хашаа, хороо, мал амьтанд зохион байгуулах зөвлөгөөг өгчээ.
Одоогоор Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторын вирус судлаач эмч нар, "Шүлхий” өвчний онош баталгаажуулах шинжилгээг орон нутгийн малын эмч нартай хамтран хийж, сургалт арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа аж.
Дашрамд мэдээлэхэд, голомтын цэг нь жаргалант сумын төвөөс 1,27 км зайд улаанбаатар эрдэнэтийн чиглэлийн 1001 дугаарын төв замаас 122м орчим зайд байрладаг юм байна.
Г.Зул