Намрын чуулган өндөрлөж, Хаврын улс төр эхэллээ

🕔 2018/02/10 14:55

Намрын чуулган өндөрлөж, Хаврын улс төр эхэллээ

 

-Намрын чуулган хаалтаа хийлээ-

УИХ-ын намрын чуулган энэ 7 хоногийн баасан гарагт хаалтаа хийлээ. Намрын чуулган хуралдах хугацаанд бие даасан 18 хууль баталж, 95 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Улс төрийн талцал, хуваагдал эд өрнөсөн 2017 оны 10-р сард УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарыг үүрэгт ажилд нь томилж байлаа. Дөрвөн сар үргэлжилсэн намрын чуулганаар "Цалинтай ээж” хөтөлбөрийг баталж, Малчдын тэтгэвэрт гарах насыг бууруулсан билээ. Мөн 2018 оны Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа 3 ээлжээр хичээллэдэг, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт өгдөг байдлыг халах Засгийн газрын бодлогыг дэмжиж шинээр 32 сургууль, 87 цэцэрлэг барих санхүүжилтийг төсөвт суулгаж өгсөн.

Үүнээс гадна Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж арилжааны банк дэргэдээ компанитай байхыг хуулиар хориглосон юм. Ингэснээр шударга өрсөлдөөн бий болно гэж үзсэн. Учир нь арилжааны банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан эсвэл байгуулсан компанидаа бага хүүтэй зээл олгож шударга өрсөлдөөний зарчмыг гажуудуулах болсон. Бизнесийн салбарт үүсээд байсан энэхүү маргаантай асуудлыг хуулиар зохицуулж холбогдох хуулийн төслийг намрын чуулганаар баталсан билээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ингэснээр сонгуулийн дараа төрийн албанд хийгддэг халаа, сэлгээ зогсож, ажлын туршлагагүй хүнийг хариуцлагатай албан тушаалд томилох явдлыг хуулиар хязгаарласан. Төрийн албанд 16-аас доошгүй жил ажил ажилласан хүнийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох, 8-аас доошгүй жил ажилласан хүнийг газрын даргаар ажиллуулах зэргээр шалгуур тогтоож өгсөн билээ.

-Х.Баттулга: Шударга ёсыг хэрэгжүүлдэггүй Засаглал удаан оршдоггүй-

Намрын чуулган хаалтаа хийхтэй зэрэгцэн, хаврын улс төр эхэллээ. УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн. Тэрээр "Өнгөрсөн нэг сарын хугацаанд 7 аймаг, 7 дүүргийн иргэдтэй уулзаж санал бодлын сонслоо. Иргэдтэй уулзалт хийх үеэр "Улсын Их Хурлыг үүргээ гүйцэтгэж чадахгүй” гэж үзэн тараах тухай саналыг иргэд гаргасан. Шийдэл гарахгүй, төр ажиллахгүй байна гэх бухимдал асар их байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг нэг бүрчлэн судлан үзэж, өөрийн цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно” гэж онцлон хэлсэн. Мөн эдийн засагт "үүр цайлгасан” гэж Сангийн сайд нь хөөрцөглөж ажил хийсэн болж харагдах хүсэл давамгайлаад байна хэмээн шүүмжилсэн билээ.

-УИХ-ын дарга М.Энхболд: Төрийн тэргүүн хууль тогтоох байгууллага, гишүүдийн эрхэнд халдаж байна-

УИХ-ын намрын чуулганы хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгэнд хариулт өгсөн. Тэрээр "Парламент хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байна. Гэтэл сүүлийн үед УИХ-ыг тараах тухай яриаг зарим улс төрийн хүчин, Төрийн тэргүүний зүгээс ч гаргах боллоо. Үүнийг ажил сайжруулах санал гэж үзэж болох ч Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлэх, Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох байгууллага, гишүүдийн эрхэнд халдаж, парламентын засаглалын ач холбогдол, гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааг сулруулах гэсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй” гэсэн юм. Энэ бүхний цаана хаврын улс төр УИХ-ыг тараах, Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэсэн акцаар эхлэх дүр зураг харагдаж буй юм.

Үйл явдлын товчоон:

У.Хүрэлсүх: 2019 оны дөрөвдүгээр сараас Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй, бэлтгэл ажил эхэлсэн

Улаанбаатарт хамгийн түрүүнд шийдвэрлэх, нэн тулгамдсан асуудал бол утаа, агаарын бохирдол юм. Энэ сэдвээр олон жил хоосон ярилаа. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Улаанбаатарт ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, хуульчилж хориглоно. Айл өрхийг боловсруулсан түлшээр хангана. Бэлтгэл ажил эхэлсэн. Ингэж чадвал утаа, агаарын бохирдол 50 хувь багасна. Энэ асуудлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хотын дарга С.Батболд хоёр хариуцаж ажиллахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгов. 

Төрийн албан хаагчдын цалинг 2018 оны 4-р улирлаас нэмнэ

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг 2018 онд 5 орчим хувиар, 2019 онд 6.3 орчим хувиар өсөх төлөв ажиглагдсан байна. Эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч буй учир Төрийн албан хаагчдын цалинг 2018 оны 4-р улирлаас нэмэхээр боллоо.

"Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй болгов 

Таван хувийн хүүтэй байсан "Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа  зээлээ эргэн төлөх юм. Тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд дарамт болохгүй гэж Засгийн газар үзлээ.

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Баярын өдрүүдэд хотын захын хэсгүүдэд авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өглөөний 08:00 цагаас үдшийн 22:30 цаг хүртэл үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэв.

Г.Дугар

скачать dle 12.0

Санал болгох