Давосын эдийн засгийн дээд хэмжээний уулзалт юу хэлэв
Д.ДАВААСАМБУУ
Сангийн сайд асан, эдийн засагч
Швейцарын Давос хотноо жил болдог Дэлхийн эдийн засгийн чуулган өнгөрсөн сард боллоо. Чуулганаар дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн, томоохон санхүү, банк, компаниудын тэргүүлэх удирдлагууд оролцож, өөрсдийн хийгээд олон улсын эдийн засгийн байдал, улс орнуудын харилцааны өнгө төрхийн талаар санал бодлоо солилцон, үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог билээ.
Олон Улсын Валютын сангийн тэргүүн Кристине Лигарде АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедийн "нартай байхад байшингийнхаа дээврийг амжиж засаарай” гэсэн уриалгыг дэлхий дахинд буюу өөрийн гишүүн 189 орондоо чуулганы индэрээс уриалсныг ухаж үзвэл олныг сануулжээ. Түүний хэлснээр сүүлийн 10 шахам жил үзэгдээгүй олон орон, бүсийг хамарсан эдийн засгийн өсөлт өдгөө ба ойрын жилүүдэд хадгалагдаж, нар гийсэн гэгээлэг цаг хугацаа байх аж. Дэлхий дахины нийт эдийн засгийн 2018 оны өсөлтийг өмнөх таамаглалаас 0.2 хувь нэгжээр нэмэгдүүлэн 3.9 хувь болгожээ. Үүнийг хүртээмжтэй буюу бүтээн байгуулалтад хүн бүрийн оролцоог хангаж, олз омгийг нь тэгш хүртэхийн чухлыг тэмдэглэжээ. Хатагтай Лигардегийн тодорхойлсноор эдийн засгийн өндөр өсөлт гэдэг нь өртэй орнуудын хувьд өрөө багасгах, бусдын хувьд иргэддээ, эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийх боломж юм. Мөнгөний зөөлөн бодлогыг удаан хугацаанд хэрэгжүүлж, өр, зээлийн эрсдэлд орохоос болгоомжлох ёстой болж байна. Энэ талаар БНХАУ урьдчилсан арга хэмжээ авч, зээлийн хэмжээг багасгаж эхлээд буй.
ОУВСангийн зүгээс олон улсын худалдааг дэмждэгээ илэрхийлсэн байна. Ирэх жилүүдэд Хойт Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт, Европын холбоо, Их Британи хоорондын худалдааны горим зэрэг олон улсын болон бүс нутгийн худалдааны тогтолцоонд өөрчлөлт оруулах хэлэлцээ хийгдэж байна. Олон улсын худалдаа бол эдийн засгийн хөгжлийн, аж үйлвэрийн дөрөв дэх хувьсгалын гол хөдөлгөгч хүч болох тул улс орнууд өөр хоорондоо нээлттэй чөлөөт худалдааны бодлого явуулахыг ОУВС-ийн тэргүүн уриалав.
Дэлхийн улс орнуудын хоорондын орлогын тэгш бус байдал ялангуяа Хятад, зарим орнуудын хурдтай хөгжлийн үр дүнд багассан ч хүн амын доторх орлогын ялгаа их байгааг бодлого боловсруулагчид анхаарах учиртай.
Давосын индэрийг дэлхийн тэргүүлэх улс орнууд ашиглаж, өөрсдийн нэр хүнд, бодлогоо дэлхий дахинаа хүргэдэг. Жишээ нь дэлхийн нэг, хоёрдахь эдийн засагтай АНУ, БНХАУ-ын олон улсын хэмжээний нэр хүнд, манлайлал сүүлийн үед ихээхэн анхаарал татаж, ялангуяа эдийн засгийн харилцааны олон улсын горим, дүрмийг хянаж үзэхийг АНУ-ийн зүгээс уриалж байхад Хятад эсрэгээрээ өрнөдийн орнууд түүний дотор АНУ-ын сүүлийн 70 гаруй жил дэмжиж ирсэн чөлөөт худалдааны горимыг мөрдүүлэх тухай яриад эхэлсэн нь содон байв.
Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ыг нэгдүгээрт тавих, үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх, Парисын хэлэлцээрээс гарах болсон зэргээс улбаалан дэлхийн зарим орнуудын зүгээс Америкт итгэх итгэл, найдварыг эргэлзээтэй байдалд оруулаад байгаа юм. Үүнийг засах зорилгыг Давосын энэ удаагийн чуулган өвөрлөж, хэлэлцэх сэдвээ "Хуваагдсан дэлхий ертөнцийн ирээдүйг хамтдаа бүтээх нь” хэмээн нэрлэсэн болов уу. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үг ч эвлэрлэлийг эрхэмлэсэн өнгө аястай байсан тухай зарим хэвлэл мэдээллийн байгууллага дүгнэжээ. АНУ дэлхий нийтэд нээлттэй хэвээрээ бөгөөд шударга, тэнцвэртэй худалдааг хөгжүүлж, илүү сайхан дэлхийг цогцлоох үүднээс найрамдалт, нөхөрсөг харилцааг эрхэмлэхээ Давосын чуулганы индэрээс Америкийн Ерөнхийлөгч нотолсон байна. Мөн тэрээр АНУ зөвхөн бүс нутгийн болон олон талт худалдааны хэлэлцээрийг хянан үзэхээс гадна хоёр талын хэлэлцээнд ач холбогдол өгөх юм байна. Үүнийг бид ч өлгөн авч, Монголынхоо барааг Америк руу чөлөөтэй оруулах боломжийг судлууштай. Эвлэрлийн нэгэн илрэл болгож, Номхон Далай дамнасан орнуудын (Япон, Австрали, Шинэ-Зеланд, Канад, Чили, Перу, Малайзи, Сингапур, Вьетнам, Бурнейн) чөлөөт худалдааны хэлэлцээрээс гарахаа зарлаад байсан АНУ өөрийнх нь эрх ашигт нийцтэй бол уг хэлэлцээрт нэгдэнэ хэмээн зарлаж эвлэрлийг эхлүүлснээ харуулав. Гэхдээ аливаа шударга бус үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ хэлж, Хятадын гадаад худалдаанд тогтсон арга барилыг шүүмжлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Давост ирэхийн өмнөхөн нарны зайн хавтан, угаалгын машины импортод 30-50 хувийн татвар ногдуулсан нь Хятад, Солонгосын дургуйцлийг илүүтэй хүргэсэн бөгөөд тэд ч хариу арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна. АНУ 500 тэрбум ам.долларын гадаад худалдааны, нэг их наяд ам.долларын төсвийн алдагдалтай гэдгийг учирлан, ойлгох ёстой гэдгийг зарим хэвлэлүүд онцолжээ.
Хятад, АНУ-ын тэргүүнүүд харилцан айлчлал хийж, ойр дотно харилцдаг болсон. АНУ-ыг онилоод байгаа гэгддэг Умард Солонгосын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг хязгаарлахад Хятад улс илүү үүрэг гүйцэтгэх боломжтой ч дорвитой алхам хийхгүй байгаа тухай шүүмжлэл, шахалт зэрэг нь хоёр орны худалдааны маргааныг намжаах хэрэгсэл мөн, биш гэсэн мэдээлэл АНУ-ын хэвлэлд цухалзаж байв. Давосын уулзалтын үеэр АНУ-ын Сангийн болон Худалдааны сайд нар хөнгөн цагаан, төмөр зэргийн импортод нэмэгдэл гааль тогтоох асуудал яригдаж буй тухай, богино хугацаанд ам.долларын ханш сулрах нь "худалдааны нөхцлийг” сайжруулна хэмээн мэдэгдсэн нь шүүмжлэлд өртсөн. Тухайлбал, Европын Холбооны худалдааны дээд комиссар АНУ-ын захиргаа Дэлхийн худалдааны байгууллагын горимыг зөрчиж, шүүгчийн томилгоог саатуулж байгаа талаар, Европын Төвбанкны ерөнхийлөгч валютын ханшийн өөрчлөлтөд хүрч болох үг яриа, сэдлийг удирдах албаны хүмүүс гаргахгүй байх тухай тохиролцоог зөрчиж, АНУ ам.долларын ханшийг хиймлээр доогуур байлгаж, худалдааны ашиг хонжоо гаргахыг оролдож буй хэмээн хатуухан шүүмжилжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч ам.долларыг хүчтэй хэвээр байна гэдэгт итгэлтэй байхыг дэлхий нийтэд мэдээлж, АНУ-ын болон дэлхийн глобал компаниудыг өөрийн орондоо хөрөнгө оруулахыг энэ үеэр уриалав. АНУ-ын төлөөлөгчид аж үйлдвэрээ сэргээхийг хичээхийн зэрэгцээ дэд бүтцээ шинэчлэн өргөжүүлэх томоохон зорилт тавьснаа сануулсан бол Энэтхэгийн Ерөнхий сайд эдийн засгийн өсөлт найман хувьд хүрч, дэлхийд тэргүүлж хөрөнгө оруулахад хамгийн ашигтай нөхцөл бүрдсэнийг цохон тэмдэглэв. АНУ-ын Ерөнхийлөгч Энэтхэгийн энэхүү өндөр өсөлтийн тухай сонсоод "би дахин сонгогдвол АНУ ч ийм өсөлтөд хүргэх болно” хэмээн тоглоом болгон хэлсэн нь хэвлэлээр цацагдсан байна.
Энэтхэг, Их Британи, Изралийн Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч зэрэг томчууд Давосын уулзалтын сүүлчийн өдрүүдэд ирсэн АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлалтай аяллын товоо тохируулан уулзалт хийсэн бол Герман, Франц зэрэг орны төр, засгийн тэргүүнүүд үгээ хэлээд буцсан байжээ. Тэд Европын холбооны орнуудад эдийн засаг бүрэн сэргэж, еврогийн ханш сайжирч, тогтворжсоныг тэмдэглэж, холбоогоо улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа амласан байна. Британийн Ерөнхий сайд АНУ-тай "тусгай харилцаатай” болохыг Дональд Трамптай уулзахдаа ярьсан бол Британийн сангийн сайд Европын Холбооноос гарахыг харилцаандаа маш бага өөрчлөлт оруулах замаар шийдэх хүсэлтэйгээ Давосын уулзалтын хүрээнд зарлажээ. Манай урд хөршөөс хятадын хөгжил, шинэчлэлийн бодлогын гол зохиогч хэмээн үзэгддэг, өнгөрсөн оны 10 дугаар сард Хятадын Коммунист намын Улс Төрийн Товчооны гишүүн болсон санхүү, эдийн засгийн тэргүүлэх ажилтнуудын албаны дарга Лью Хе тэргүүтэй төлөөлөгчид Давосын энэ удаагийн уулзалтад оролцож, Хятадын болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн талаарх байр суурь хандлагаа тодорхой илэрхийлжээ. БНХАУ нь эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн хийгээд зах зээлийг баримжаалсан бодлого явуулж, санхүүгийн эрсдэл гаргахгүй байх, байгаль орчны бохирдол, ядуурлыг арилгах гурван том зорилт, сорилтыг даван туулахыг хичээж буйгаа хэлжээ.
Хятадын хөгжлийн гайхамшгийг авчирсан өөрчлөлт, шинэчлэлийн 40 жилийн ойг энэ онд тэмдэглэх аж. Шинэчлэлийг дөрвөн чиглэлд буюу санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын худалдаа, санхүүгийн харилцаанд үндэсний таатай нөхцлийн зарчмыг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дахь сөрөг зүйлсийг тогтоож, засах, оюуны өмчийн эрхийг хамгаалах аж. Мөн гадныханд зориулж хэлсэн нэг зүйл нь импортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэжээ. Хөгжлийн загвар нь худалдаа, цаг уурын өөрчлөлт болон интернэтийн ирээдүйд түшиглэсэн загвар байх юм байна. Хятадын төлөөлөгчдийн дэлхийд мэдүүлэхийг хүссэн зүйл нь нийлүүлэлтийн талыг баримжаалсан шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн ач холбогдлыг ойлгуулах явдал. Өөрөөр хэлбэл, олох эсэх нь тодорхойгүй мөнгө хуваах тухай ярьж мэтгэлцэхийн оронд эхлээд орлого бий болгодог үйлдвэрлэл, үйлчилгээний нийлүүлэлтийг хэрхэн дэмжихийг шийдэх учиртай гэнэ.
Энэ санааг манай бодлого боловсруулагчид, Сангийн яам, УИХ, Засгийн газрын гишүүд анхааралдаа авч хуваах мөнгө төгрөгөө хэрхэн бий болгож, бүтээхийг ярьж байх нь зүйд нийцнэ. Бидний сан, мөнгөний бодлогод "алаагүй баавгайн арьсыг хуваах тухай” хоосон яриа, амлалт давамгайлж улмаар өнөө маргаашийг аргацааж гаднаас өр тавьж хөгжлийн алс ирээдүйг бүрхэгдүүлж, гадныхны өмнө өвдөг сөхөрч, мухар сохроор макро-эдийн засгийн бодлого ярьж, хүнд таалагдах гэсэн богино ухаан тээж цэцэрхдэг, бодит эдийн засаг, амьдралаас хазайсан гажгаа засахад шинэ санаа болох болов уу хэмээн төсөөлж энэ түүврийг хийлээ. Бидний амьдралыг шийдэхэд чухал нөлөөтэй зэс, нүүрс зэрэг эрдэс түүхий эд, ноолуурын үнэ ирэх жилүүдэд нааштай байх төлөвтэй тул Жон Кеннедийн хэлсэнчлэн "нартай үед дээврээ засъяа”гэдгийг эшлэн уриалсан ОУВС-ийн тэргүүн, хатагтай Кристине Лигардегийн өрийн дарамтаас гарч, бүтээснийгээ өрөнд биш, өөрсдөө хэрэглэдэг болох чиглэлд зоригтой алхам хийцгээе. Зоригловол, учирлавал ард түмэн ухаантай тэвчээртэй, сүүлдээ хожино гэдгийг бүр сайн мэднэ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин