Хууль зүйн сайдын машин LEXUS 570 SUPER SPORT болж сайжрав
Хууль зүй, Дотоод хэргийн яамны үүдэнд зогсох 2018 оны LEXUS 570 super sport загварын автомашин олон хүний анхаарлыг татлаа. Тэр дундаа тус яамны дугаар, гэрэлт дуут дохиотой 315 сая төгрөгийн үнэтэй энэхүү машиныг хэн унаж байна вэ гэсэн мэдээлэл тараад байна.
Хамгийн гол нь төсвийн орлого бүрдүүлэлт алдагдалтай, иргэдийн халааснаас татвар шимтгэлээ нэмэгдүүлж байгаа энэ үед хэн ингэж тансаглаж байна вэ гэдэг анхаарал татахгүй байхын аргагүй сэдэв, тансаглал, тэнэглэл билээ.
Яг энэ төрлийн буюу 2018 оны Lexus 570 SUPER SPORT загварын машиныг Toyota –гийн албан ёсны борлуулагч Таванбогд, Мөнххада, Хэт моторс компаниуд захиалгаар Монголын зах зээлд нийлүүлдэг ба 315,000,000 төгрөгийн үнэтэй байна.
Уг тансаг зэрэглэлийн автомашин нь хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж болоод нэмэлт системүүдээр бүрэн тоноглогдсон, зорчигчийн ая тухтай байдлыг дээд зэргээр хангасан байдаг.
Хууль зүйн өмнөх сайд С.Бямбацогтын үед өмнөх дарга нараас өвлөгдөж ирсэн Nissan Patrol машин унадаг байсан талаар яамны эх сурвалжууд мэдээлсэн бол шинэ сайд унаагаа голсон уу, яасан LEXUS 570 SUPER SPORT машинаар хөл залгуулахаар шийджээ. Энэ мэдээлэл үнэн болохыг сайд Ц.Нямдорж өнөөдөр өөрөө хүлээн зөвшөөрчээ.
Bataar.mn