Монгол хүн өөрийн хэн болохыг оноох хэрэгтэй

🕔 2017/12/27 09:30

 

"Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” хэмээн  дуу хоолойгоо өргөж буй "Зууны мэдээ” сонины хамт олонтой миний бие  санал нэг байна. Тэр дотроо хүчирхийллийг шийдэх арга замын тухай "Монгол хүн та өөрийгөө таниач. Өөртөө дүгнэлт хийгээч  гэсэн асуудал дэвшүүлсэн нь  маш зөв  өнцөг  юм. Үүнээс үүдэн нэг зүйл бодогдлоо. Надад нэг эрдэмтэн хэлж байсан юм. Тэр өөрөө сайн англи хэлтэй л дээ. Японд  болсон том хуралд очоод завсарлагаар цай ууж суутал хажууд нь Японы хоёр эрдэмтэн хоорондоо ярьж байна гэнэ. Нэг нь "Монгол яагаад хөгжихгүй байна” гэж. Нөгөөх нь "Тэгэхгүй яахав дээ, өөрсдийгөө таниагүй юм чинь” гэж хэлсэн байгаа юм. Манайхныг харж байхад оросууд ирээд жаахан зээл өгөхөөр "Ёстой миний ах дүү” гээд сүйд болно. Хятад ирээд багахан  зээл  өгчихвөл "Энэ л миний ах дүү” гээд  хөнжил рүү нь орох гээд дайрчихдаг. Монголчууд өөрдөө хэн юм бэ. Орос ардын үлгэр бий дээ, хүүхдэд зориулсан. Тэр үлгэрт нэг туулай жижигхээн  байшинйд амьдарч байж. Гэтэл  чихсээр чихсээр байгаад баавгай дайрч орж ирээд байшинг нь дэлбэ татаад хаячихдаг тухай гардаг. Үүнтэй жишиж, Монгол хүн өөрийгөө би хэн бэ гэдгээ оноох хэрэгтэй. Өөрийн экологийн хонгилд бид амьдрах ёстой юм. Бүргэд хэзээ ч нүхэнд амьдаръя гэж бодохгүй. Гэтэл баавгай хэзээ ч би нисэхсэн гэхгүй шүү дээ. Түүнтэй л адил.

Гадныхан манайхыг маш сайн судалдаг, ойлгодог. Хоёр жишээ хэлье, Хубилай хаан гадаалж явахад  зөвлөх нь  дагаж явсан бөгөөд тэд хоорондоо юу хэлэлцсэн тухай түүхэн сурвалжуудад бий. Тийнхүү  явах зуураа  Хубилай хаан асууж л дээ "Миний төр яаж мөхөх бол” гэж. Хятад зөвлөх хаанд юу  гэж тэрийг  хэлж толгойгоо авахуулах вэ дээ,  "Мэдэхгүй байна” гэж. Хубилай хаан асуултдаа өөрөө хариулсан байдаг юм. "Миний монгол төр ертөнцийн ёсноос болж мөхнө. Монголчууд хүч бололцоогоо мэдэхгүй их санаа гаргаж,  уулаар бол  оргил руу  нь мацаж явдаг. Түүнийгээ дуусгаж чадалгүй буцаж будилдаг” гэсэн байдаг.

Германы  гүн ухаантан Ф.Гегель монголчуудыг "Үерийн ус шиг” гэж хэлж  байдаг. Өөрөөр хэлбэл, "Үерийн ус шиг давалгаалсан их хүчээр бүхнийг хамж нураадаг. Тэгээд юу ч босгож чаддаггүй” гэсэн байгаа юм. Энэ үнэн биз. Манайхан нураахдаа гарамгай. Энэ байшинг нураа гэвэл амархан нураана. Шинийг барь гэвэл харин  10 жил болсон ч барихгүй.

Хамгийн гол нь улс үндэстэн, хувь хүн ч  ялгаагүй мөс чанар гэж бий. Тэр нь үнэт зүйл дээр тулгуурлаж явдаг. Монгол хүний үнэт зүйл юү вэ. Жишээ нь,  өнөөдөр Монголын үнэт зүйл эх орон, эрх чөлөө гээд том үгээр илэрхийлж болно. Гэтэл монгол хүн гэдэг өөрөө эцэг эхээ, ахмадуудаа, багш нараа хүндэтгэх үзэлтэй, ийм үнэт зүйлтэй. Социалист нийгэм үүнийг сулруулахад үүрэг гүйцэтгэсэн. Учир нь нам шүтэх үзлийг дэвшүүлж тавьсан. Нам л хамгийн үнэт зүйл, намд үнэнч байвал аавыгаа ч илчлээд алуулж болдог гэж сурталдсан. Тэгвэл социализм, коммунизм гээч юм нь байхгүй болчихоор  бүр итгэлгүй болж, монголчууд  итгэл үнэмшилгүй болж хувирсан. Мөнгөтэй л байвал, эцэг эх, ах дүү хамаагүй, монгол орон ч хамаагүй гэсэн байдлаар ханддаг болсон. Бүх муу муухай зүйл, одоогийн хүчирхийлэл, нийгэмд газар авч байгаа буруу бусармаг зүйлүүдийн үндэс нь шунал, мөнгө шүтэх үзэл. Хоёрдугаарт, хүчирхийлэл хаана бий болдог вэ, хаана төрдөг вэ гэвэл, хүчирхийлэл нь хүчирхийллийн орон зайд төрдөг. Хүчирхийллийн орон зай гэж юуг хэлж байна вэ гэвэл, шударга ёс байхгүй болоход. Тухайлбал, Сангийн сайд УИХ дээр ороод төсөв хоёр хувийн алдагдалтай байж болохгүй гэж байна. Би алдагдалтай төсөв батлуулмаар байна гэж гүрийсээр суугаад батлуулж байгаа бол хууль үйлчлэхгүй. Хулгайч "Би хулгай хиймээр байна л даа. Хууль болохгүй гээд байна” гэж гүрийсээр байгаад очоод хулгай хийнэ шүү дээ. Тэгэхээр хууль, шударга ёс алдагдсан нийгэмд хүчирхийлэл төрж, өсч үржих хөрс нь болдог. Мөнгөний шунал, шударга ёс алдагдсан байдал хүчирхийллийн гол суурь. Энэ Монголын язгуур чанараас гарч буй юм биш. Бидэнд авчирч тарьсан үзлийн "тариа” ийм болгож байгаа юм. Гуравдугаарт, монголчууд эрх чөлөөг зөв  ойлгох ёстой. Эрх чөлөө гэдэг ойлголт барууны соёлт орнуудад хүлээн зөвшөөрсөн философи утгаараа бол  ухамсарласан хариуцлага юм. Эрх чөлөөтэй байна гэдэг  жишээл нь энэ номыг энд тавьж болохгүй тэнд тавих ёстой гэдгээ мэддэг байх ёстой. Энэ бол хариуцлага. Би энэ хүнийг хохироож болохгүй гэж бодож байх нь тухайн хүний хариуцлага, тэр хүрээнд үйл ажиллагаа явуулах нь өөрийнх нь эрх чөлөө. Гэтэл Монголд эрх чөлөө гэдэг ойлголт дур зоргоороо гэсэн ойлголттой хамт явдаг. Оросууд мөн адил. Сүүлийн үед барууны орнууд эрх чөлөөний утгыг алдагдуулж, ижил хүйстэн байж болно, Ерөнхийлөгчөө харааж болно, гудамжинд нүцгэн явж болно гэж гаргаж ирсэн. Тэгэнгүүт манайхан хуулбарлаад яасан ч яадгийн гэх  хөрсийг бий болгосон. Өнөөдөр Монголд энэ гурван зүйл хүчирхийллийн үндэс болж байна. Үүний эсрэг хэвлэл, мэдээллийнхэн нэгдэж, сэрж байгаа нь их сайн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

 

Дашийн БЯМБАСҮРЭН

Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд


скачать dle 12.0

Санал болгох