ТЭДНИЙ БҮРЭН ЭРХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ДУУСАХ НЬ ЭЭ

🕔 2017/12/27 08:44
 
 
ТЭДНИЙ БҮРЭН ЭРХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ДУУСАХ НЬ ЭЭ
[medium=left]

УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болдог хэд хэдэн шалтгаан бий. Нас барсан, өөр ажилд шилжсэн, өвчний улмаас, өөрөө хүсэлт гаргасан, мөн Үндсэн хуулийн цэцийн эргүүлэн татах дүгнэлт гарсан, гэмт хэрэг йлдсэн нь шүүхээр тогтоогдсон, Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулсан бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгож, эгүүлэн татаж, бас чөлөөлөхөөр заасан байна.

Тэгвэл дээрх олон шалтгаанаас Цэцийн дүгнэлт болон Улсын ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Б.Наранхүү, О.Баасанхүү нарыг эргүүлэн татуулж, чөлөөлүүлж болзошгүй болоод байна. Казиногийн хэргээр 1998 онд УИХ-ын гишүүн ял авч байлаа. Тэдний эрхийг түдгэлзүүлж байгаад шүүхээс ял оноосон байдаг. Харин хуульд заасанчлан Цэцийн дүгнэлтийн дагуу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж байсан тохиолдол үгүй юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэргийн гэх асуудлаар аль эрт, энэ оны долдугаар сард хохирогч талаас нь хууль, цагдаагийн байгууллагад хандсан. УИХ-д гомдол гаргасан байдаг. Мөн есдүгээр сарын сүүлчээр өмгөөллийн "Веритас Партнерс” нөхөрлөлийн гишүүн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэц, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан юм. Хэдэн сар чимээгүй байсан "залуу гишүүн"-ий асуудал сүүлийн үед дахин сөхөгдлөө. Улмаар УИХ-ын бүрэн эрхийг нь аль нэг хэлбэрээр дуусгавар болгох нөхцөл нэгэнт бүрдсэн байна.

Одоогоос тав хоногийн өмнө, энэ сарын 22-нд хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах тухай асуудлаар Үндсэн хуулийн цэиэд ханджээ. Үндсэн хуульд "... УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа нь энэ үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж хуульчид үзсэн байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэлтэй гэж байгаа юм.

Хамгийн сүүлд, хоёр хоногийн өмнө Монголын залуу хуульчдын "Хос дэнс клуб” ТББ-ын тэргүүн, хуульч А.Гантамир УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулахаар АТГ болон Үндсэн хуулийн цэцэд хандсан талаараа мэдээлэл хийлээ. Хуульч А.Гантамир "...УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2017 оны арванхоёрдугаар сарын 9,10-нд МАХН-ын Их хурлыг Төрийн ордонд хуралдуулахдаа хэд хэдэн хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн асуудлыг хуулийн байгууллага, Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар хандсан. Төрийн ордонд амралтын өдөр шөнийн цагаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хамтраад МАХН-ын II Их чуулган хийсэн нь хуульд нийцэж байгаа эсэхэд манай залуу хуульчдын клуб хөндлөнгийн дүн шинжилгээ хийсэн талаараа өмнө нь мэдээлж байсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын тухай хуулийг зөрчин УИХ-ын гишүүний нэр төр, бүрэн эрхийг хувийн зорилгодоо буюу намын дарга болоход ашиглаж, Төрийн ордонд хурал зөвлөгөөн зохион байгуулсан. Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэдэг зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн ордны тухай хууль болон Төрийн ордны хуралдааны танхимуудыг ашиглах журмын тухай хууль тогтоомжоор зарим нэг зүйлийг зөвшөөрсөн байдаг. Төрийн ордонд зөвхөн Засгийн газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн субьектүүдийн эрх олгосноор зөвхөн төр болон олон улсын шинж чанартай хурал зөвлөгөөн эсвэл эдгээр байгууллага хамтран оролиож зохион байгуулж буй хурал зөвлөгөөн хийхийг зөвшөөрсөн. Мөн УИХ-ын гишүүн Төрийн ордонд хурал зөвлөгөөн хийж болно гэдэг талаас нь авч үзэхээр намтай холбоотой хурлыг аль нэг намын гишүүн дангаараа зохион байгуулах ёсгүй. Бас МАХН-ын Их хурлыг зохион байгуулсан санхүүжилтыг хаанаас авч, яаж зарцуулсан бэ гэдэг зүйл анхаарал татаж байна.

Улс төрийн намын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж тухайн намд хандив өгч болно. Мөн иргэн улс төрийн намд хандив өгөх дээд хэмжээ нэг сая төгрөг байна. Гэтэл О.Баасанхүү гишүүн хэвлэлд өгсөн ярилилагадаа "Чуулганд зарнуулсан 150 сая төгрөгийн хандивыг Баянгол зочид буудалд өөрөө бэлнээр аваачиж өгсөн. Үүнийг МАХН-д байсан нэр бүхий хүн хандив болгож өгсөн” гэж ярьсан. Тиймээс энэ үйлдэл нь хууль зөрчсөн байх үнлэслэлтэй учраас АТГ-т хандсан. Мөн их хэмжээний хандив өгсөн иргэнииг олон нийтэд зарлах боломжгүй бол хуулийн байгууллагаар мэдээллийг нь ил болгуулж, шалгуулахаар АТГ-т хандсан" гэв.

Ийн УИХ-ын гишүүн Д.Гантулга, Б.Наранхүү, О.Баасанхүү нарыг эгүүлэн татах явц ирэх 2018 оны эхээр тун чиг эрчтэй үргэлжлэх бололтой. Эх сурвалжууд, учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар энэ гурван гишүүний бүрэн эрх түдгэлзэх нь тодорхой болсон. Дээрээс нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар ч нэмэгдэж магадгүй гэж байна. Нэг үгээр, "бор халзан төлөг" хүртэл сонгогдсон 2016 оны парламентад ирэх 2018 онд гайгүй сайн цэвэрлэгээ хийх бололтой.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

скачать dle 12.0

Санал болгох