НУУЦ АГУУЛААГҮЙ ҮНЭН

🕔 2017/12/01 07:40
 
 НУУЦ АГУУЛААГҮЙ ҮНЭН
Бидний одоогийн амьдарч буй нийгэмд гарч буй далд хүчирхийллийг үгүй болгох, нийгмийн сэтгэлзүйг өөрчилж хууль журам, бодлогын бодит өөрчлөлт хийх, хүн хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн ажлын хүрээнд "Лантуун дохио” ТББ-ын санаачилсан "Нүдээ Нээ!” Үндэсний хөдөлгөөнд өөрийн уран бүтээлээрээ хүмүүст хүргэхийг хүссэн Х.Ариунзаяагийн "Нүдээ НЭЭ! - Нүцгэн ҮНЭН” уран бүтээлийн үзэсгэлэн "Corporate Hotel & Convention Centre"-т нээгдлээ.

"Би 2016 оноос эхлэн нэг жилийн хугацаанд судалгаа хийж үзэсгэлэнгээ гаргасан. Гэр бүл салсан, нөхөр нь хуурсан, бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдтэй уулзаж,  тэр хүмүүсийг бүтээлүүддээ тусгасан.  Би өөрөө зорьж очиж, нийгэмд ямар асуудал тулгамдаад байна, яагаад эмэгтэйчүүд өрх толгойлж амьдарч байна, гэр бүлийн хүчирхийлэл ямар хэмжээнд байна вэ гэдгийг судалсан.



Тэдэнтэй уулзаж байхад өөрсдийгөө хүчирхийлэлд өртсөнөө хэлдэггүй. Дотроо хадгалаад байдаг юм билээ. Тиймээс би тэр хүмүүсийн дуу хоолой нь болж, уран бүтээлээрээ дотоод ертөнцийг нь гаргаж тавьж байна. Модерн сюрреализм чиглэлээр зурсан. Хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй ярилцаад  юу мэдэрч зовж байгааг нь  бүтээлдээ тусгаж, "Би хүчирхийлэлд өртөж байна. Надад туслаач" гэж хэлж буйг уран зургаар гаргасан” хэмээн зураач Х.Ариунзаяа бүтээлүүдийнхээ талаар онцлон өгүүллээ.

1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 11-р сарын 25-ны өдрийг "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон зарласан байдаг. Энэхүү шийдвэрийн хүрээнд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян явагддаг билээ. Энэхүү аян нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол хүний эрхийн зөрчил мөн гэдгийг бататгаж хүчирхийлэлтэй тэмцэхэд арга хэмжээ авахыг уриалах зорилготой үйл ажиллагаа билээ.

Уг аяныг Монгол Улсад анх 1997 оноос зохион байгуулж, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд дуу хоолойгоо илэрхийлсээр байна.

Энэ жилийн аянд НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хамтран оролцох юм.

Ийнхүү тус аяны нээлтэд залуу зураач Х.Ариунзаяагийн "Нүдээ Нээ-Нүцгэн үнэн” уран бүтээлийн үзэсгэлэн олон нийтэд толилуулагдаж буй юм. "Хүчирхийлэлд  үгүй гэж хэлье” уриатайгаар зохион байгуулж буй энэхүү аянаар дамжуулан охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бие махбодийн тоо буурахгүй, байнга өсөлттэй байгаад олон нийтийн анхаарлыг хандуулж, түүний эсрэг арга хэмжээ авч ажиллахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж буй юм.

Х.Ариунзаяагийн зураг бүр өөрийн гэсэн утга агуулгыг зураас бүртээ шингээжээ. Жишээ нь "Passion” нэртэй бүтээл нь эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон зураг бөгөөд тэдний нийгэмд эзлэх байр суурийг бүрэн тодорхойлсон байна. Сэтгэл хэрхэн эзгүйрч, хоёр салаа зам руу тэмүүлэн амьдралд өвдөг нугарч буйг эмэгтэй хүний сэтгэлийн хоосрол, дотоод зөрчилтэй хослуулан илэрхийлснээрээ онцлогтой юм.



Харин "Зөгнөл” нэртэй бүтээл үүнээс огт ондоо дүрээр илэрсэн боловч уг чанартаа нэг цэгт өрнөх үйл явдлын зангилаас болно. Мэдээж зөгнөл нь ирээдүйг хэлдэг. Бидний үзэж харсан бүхэн үнэн байдаггүй шүү дээ. Худал хуурмаг, муу муухайг бид бүхэн чихээрээ сонсч, нүдээрээ харсаар байна.



Гял цал, ганган хээнцэр зүйлсийн цаана юу нуугдаж суугааг мэдрэмж, далд совингоор ухамсарлаж болох эцэстээ үнэн байж чадахгүй. Гэвч бүхнийг чиний дотор орших "би” бүтээж байдгийг санах хэрэгтэй. Өөрийнхөө ертөнцийг бид өөрсдөө бүтээж, зовлонг ч өөртөө зориулж л зохиодог. Тиймдээ ч уг зурагт "Зөгнөл” гэх нэр хамгийн их зохиосон буй за.

Тус үзэсгэлэнд уран бүтээлчийн нэг жилийн хугацаанд туурвисан 20 орчим бүтээл дэлгэгдсэн байна. 90 орчим хувь нь хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй уулзаж ярилцсаны үндсэн дээр сэдвүүдээ гарган зурснаараа онцлогтой. Түүний уран бүтээлүүд билэгдэлт дүр, адилтгал, зүйрлэл олон ба өөр гаригийн мэт дүрслэлүүдээр дүүрэн буй нь олзуурхууштай хэрэг юм. Нэг ёсондоо дотроо ямарч нууц агуулаагүй "нүцгэн үнэн" гэж үүнийг л хэлэх буй за. 


 Б.Алтанхуяг

скачать dle 12.0

Санал болгох