Ургийн овог бүдгэрч, угийн бичгээ гээсэн Монгол

🕔 2017/11/22 09:23

Ургийн овог бүдгэрч, угийн бичгээ гээсэн Монгол

 

Улс орны хөгжил төдийхнөөр хязгаарлагдах биш улс үндэстэн оршин тогтнохын үндэс монгол дархлаа мөхөх аюул нүүрлэснийг манай сонин өмнөх дугаартаа хөндсөн билээ. Тухайлбал, 1925 онд монголчууд ургийн овгоо хэрэглэх, угийн бичгээ хөтлөхийг хориглосон Засгийн газрын нууц тогтоолын уршгаар бүтэн дөрвөн үеийг хамарсан цус ойртолтын аюул Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа. Монгол Улсын бүх аймаг, нийслэл хотод цус ойртолт өндөр түвшинд илэрснээс оюун ухаан, сэтгэхүйн чадавхи буурах, оюуны  хомсдолтой, удамшлын болон төрөлхийн согогтой, аминчихан сэтгэлгээтэй хүүхэд олноор төрж байгаа юм. Мөн биеийн дархлаа буурах, бие бялдрын өсөлт давжаарах үзэгдэл түгээмэл байгааг хүн судлаач эрдэмтэд генийн түвшинд судалж тогтоожээ. Тиймээс улс орны хөгжлийн тулгуур болсон мэдлэг чадвартай монгол хүн, монгол суу ухааныг бүдгэрүүлж буй цус ойртолттой тэмцэхгүй бол дээр дурьдсанчлан оюуны хомсдолтой, төрөлхийн янз бүрийн гажигтай, амин хувиа хичээсэн хүмүүс Монголын ирээдүйг эзлэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх эрдэмтэд анхааруулсаар байна. Тиймээс  Монголыг бүхэлд нь хэрсэн цус ойртолт хэмээх чимээгүй тахлыг таслан зогсооход угийн бичиг хөтлөх асуудал нэн чухлаар тавигдаж байгааг онцоллоо.

 

БОРЖИГОН ОВОГТОЙ 649312, МОНГОЛ ОВОГТОЙ 39054 ХҮН БАЙНА

 

Монгол хүн судлалын эрдэмтдийн 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнгээр хүн амын генетикийн шинжлэх ухааны тооцооллын аргаар овог төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдэл буюу ураг холбох аюул болох цус ойртолтоос сэргийлэх гурван гарцыг тодорхойлжээ. Цус ойртолтын эцсийн дүн улс үндэстнийг мөхөхөд хүргэдэг генетик үйл явцыг улам даамжируулахгүйн тулд засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтцээ томсгох, ургийн овгоо зөв хэрэглэх, угийн бичгээ хөтлөх ёстой аж. Гэвч эрт дээр үед засаг захиргааны нэгжийн дөрвөн тогтолцоотой байсныг өнөөдөр 21 аймаг 330 сум 1615 багт жижиглэн хуваасныг томосгохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Дараагийн арга буюу ургийн овгоо зөв хэрэглэж цус ойртолтоос сэргийлэх боломжгүй болжээ. Учир нь 1997 онд Засгийн газрын 17 дугаар тогтоолоор ургийн овог сэргээж эхлэхэд  овгоо мэдэхгүй хүмүүс  шинээр овог зохиож авч болно гэж журамласан нь  ураг төрлийн холбоог ургийн овгоор  ялгах боломжгүй болгожээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Боржигон овогтой 649312, сартуул 45743, тайж 43578, Монгол 39054, шарнууд 32228, бэсүд 28128 хүн байгаа юм. Мөн харчин  28066, чонос 18050, өөлд  16777, олхонууд 16558, хотгойд 11632, борлууд  11604, урианхай 11409, гөрөөчин 11372, хатгин 11228, тайжууд 11103, жалайр 10357, тугчин 10307, харнууд 9718, зуутраг 926 хүн байгаа юм. Ураг хэрэглэх талаар доктор Э.Энхмаа "Засгийн газрын тогтоолоор ураг сэргээхэд хүмүүсийн зарим нь үнэн зөв овгоо олж авсан ч ихэнх нь зохиомол овог авсан. Монголчуудын дийлэнх нь боржигон овогтой. Ураг төрлийн өөр язгууртай байх ёстой эхнэр, нөхөр хоёулаа боржигон овогтой байх тохиолдол цөөнгүй. Төрсөн ах, дүү хоёр өөр овогтой байх жишээтэй. Ийм гажуудал бий болсон. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн овгоор баримжаалж цус ойртохгүй гэрлэнэ гэсэн ямар ч ойлголт байхгүй болсон. Тиймээс ургийн овгийг удам угсааны бахархал түүх болох юманд хэрэгтэй ч цус ойртолтоос сэргийлэх арга хэрэгсэл болохгүй. Үүнийг хатуу анхаарах ёстой” гэсэн юм.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАХИАЛГААР БОЛОВСРУУЛСАН УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ГАНЦХАН ЗАГВАР БИЙ

Угийн бичигтэй холбоотой төр засгийн шийдвэрүүдийг жагсаавал

СОЁЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 он

3/ Гэр бүлийн соёл хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж удам, угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын бүрэн эрх

2/ аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт соёлын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4/ Угийн бичиг хөтлөх ажлыг Засгийн газраас баталсан журмын дагуу зохион байгуулах.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

1994 он

5.1 Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах арга зам

1/ Монгол хүний удмын сан, эрүүл мэнд, хүн амын тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төрийн иж бүрэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, угийн бичиг хөтөлдөг уламжлалыг  олон түмний идэвх санаачилгад тулгуурлан сэргээх, хүн бүр овог болон 7-9 үеэ мэддэг болох.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1996 он

Хүн амын өсөлт, эрүүл мэндийн талаар

15.Удамшлын өвчин, эмгэг согог, оюун ухааны хомсдолтой хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх, эмнэлэг, удамшил зүйн хяналтын тогтолцоо бий болгож, иргэдийн овгийг сэргээх ажлыг нийтийн хүртээл болгоно.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1991 он

Монгол Улсын хүн ам зүйн талаар баримтлах чиглэлийг зөвшөөрөх тухай

…. Хүний удмын санг цэвэр байлгахыг эрхэмд үзэж, цус ойртохоос сэргийлэх гол хэрэглүүр "Угийн бичиг”-ийг айл өрх бүрт хөтлүүлж хэвшүүлэх, иргэдийн овгийг сэргээн тогтоох явдлыг нэн чухалд тооцно. Хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх, үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг Монголын нийт иргэдэд уриалсугай.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1997 он

Угийн бичиг хөтлөх журам батлах тухай

"Соёлын тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 3, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-р заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 115 дугаар зарлигаар баталсан "Монгол Улсын хүн ам зүйн талаар баримтларх үндсэн чиглэл”-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Угийн бичиг хөтлөх журам”-ыг хавсралтаар баталсугай.

Монголчууд угийн бичиг хөтлөхийг эрмэлздэг ч шинжлэх ухааны үндэслэлтэй зөв аргачлалаар хөтлөх ёстой гэсэн нэгдсэн ойлголттой болоогүй байна. Хувь хүн болон төрийн бус байгууллагуудын дур мэдэн зохиосон угийн бичгийн загварыг ашигласнаар цус ойртолтоос сэргийлж чадахгүй. Ямар ч үр дүнгүй гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс анхаарууллаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй гэх угийн бичгийн загвар улсын хэмжээнд ганцхан байдаг бөгөөд Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор угийн бичиг хөтлөх журмыг шинэчилж батлаад Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар гэсэн гарын авлага бүтээх ажлыг БСШУС-ын яаманд даалгасны дагуу Хүн судлалын үндэсний төв буюу Монгол хүн судлал, Монгол хүний удмын сан судлалаар ажилладаг эрдэм шинжилгээний байгууллагаар захиалуулж хүн судлаач эрдэмтэд гарын авлага номыг бүтээжээ. Өөрөөр хэлбэл, хүн өөрөөсөө дээш хоёр өвөө, хоёр эмээ гэсэн дөрвөн баганаар есөн үеэр угийн бичгээ хөтөлж байж цус ойртолтоос сэргийлж чадах юм. Угийн бичгийг хэрхэн хөтлөх талаар  доктор Э.Энхмаа "Хамгийн гол нь иргэд угийн бичгийг зөв аргачлалаар хөтлөх ёстой. Хэн нэг мэргэжлийн бус хүний заавар зөвлөгөөгөөр биш. Өвөө, эмээгээсээ дээш мэдэхгүй гэж шантарч болохгүй. Нийтээрээ тийм болчихсон. Хүмүүс гурав дахь үеэсээ дээш мэдэхгүй байна. Ийм нөхцөлд мэдэх чинээндээ хүртэл бичээд орхичих. Тааж зохиож бичиж болохгүй.  Ахмадаасаа асуу. Түүхийн архиваас зарим нэгийг нь үзэж болно. Хамгийн гол нь үр хүүхдэдээ таслахгүй өвлүүлээд явъя. Тэгж байж үр хүүхдүүд маань өөрөөс дээш дөрвөн баганаар есөн үеэ мэддэг болно.  Одоо цаг алдахгүйгээр угийн бичгээ хөтөлж эхлэх хэрэгтэй. Ингэснээр сар жилийн дотор цус ойртолтоос сэргийлж огцом өөрчлөгдөхгүй ч үгүй бол өнөөгийн аюул улам л гүнзгийрнэ. Төр засаг, иргэд хаана, хаанаа яаралтай хэрэгжүүлж эхэлье. Монгол хүн бүр хичээх хэрэгтэй. Сургагч багш биш огт хамааралгүй хүн угийн бичиг сургуулийн багшийг авчирч хичээл заалгадаг буруу жишиг” гэсэн юм.

Харин Монголын ураг удам уламжлалын холбооны тэргүүн Ж.Түвдэндорж "Угийн бичиг хөтлүүлэх ажлыг монгол төр нэн тэргүүнд анхаарах шаардлагатай, цаг хугацаа алдах эрх байхгүй. Цус ойртолт энэ янзаараа явах юм бол 10 жилийн дараа Монгол гэдэг үндэстэн байхгүй болно гэдгийг эрдэмтэд судлаад тогтоочихсон. Тусгаар тогтносон Монгол Улсын цэвэр монгол генийг авч үлдэж, монгол ухаантай, монгол дархлаатай ард түмний төлөө төр энэ ажлыг яаралтай авч үзэх шаардлагатай” гэсэн юм.

 

УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ХУУЛЬ, ЖУРАМ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

 

Угийн бичиг хөтлөхийг уриалсан хувь хүн, иргэний нийгмийн байгууллагууд цөөнгүй бий.  Тэдний ихэнх нь Засгийн газраас баталсан загвараар биш өөрсдийн дур мэдэн зохиосон ямар ч үр дүнгүй загвараар олон нийтийг төөрөгдүүлж, энэ асуудлыг бизнес болгож байгаа аж. Тиймээс төрийн бодлогоор угийн бичгийг хөтлөх тал дээр сайн дурынхны ялгааг зааглаж өгөх хэрэгтэй юм. Хамгийн гол нь угийн бичиг хөтлөх, овог сэргээх талаар гарсан төр засгийн тогтоол шийдвэрүүд байдаг ч өнөөдөр хэрэгжихгүй байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар  болон эрдэмтэн судлаачид хамтран хот, хөдөөд угийн бичиг хөтлөх талаар мэр сэр сургалт мэдээлэл хийж байгаа олигтой урагшлахгүй. Гэхдээ бүр зогсчихгүй байгаа юм.  Тиймдээ ч Монголд гурван үеэ бүрэн мэддэг хүн байхгүй гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэлж байгаа. Тиймээс  цус ойртолтоос бүрэн сэр­гийлж чадахгүй болтлоо бүдгэрсэн ургийн овогтой, угийн бичиг хөтлөх та­лаар олон нийтэд чиглэ­сэн төрийн нэгдсэн бодло­гогүй. Засгийн газар, Их хур­лын тогтоолын хэрэг­жилтийг төрийн тэргүүн хийгээд шийдвэр гаргагчид анхаарах цаг иржээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.УЯНГА
скачать dle 12.0

Санал болгох