ҮР МОГОЙ

🕔 2017/11/17 12:29

МАН бол Монгол улсыг авч яваа улс төрийн ууган хүчин. Иймээс өнөөдөр тус намын их хурлын талаар амтай болгон л ярьж байна. Өчигдөр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргын төлөөх марафонд орохоо албан ёсоор зарлалаа. Сар хүрэхгүй хугацааны өмнө өөрийн толгойлдог 65-хан хүнтэй бүлгээ талаар нэг тараагаад цацчихсан энэ эрхэм ичих нь битгий хэл бүр ахиад намын дарга цаашлаад Ерөнхий сайд болохоор давхар санаархан таахалзаж эхэллээ.

65-ын бүлгээ хоёр хуваан талаар нэг тараачихсандаа ичиж байгаа шинж огтоос алга. Ичих битгий хэл гэмших ч үгүй байгаа бололтой. Д.Хаянхярваа МАН-ын дарга боллоо гээд төсөөлөөд үзье. 200 мянга давсан гишүүнчлэлтэй, өндөр боловсролтой, амбицтай улстөрчдөөр дүүрсэн тэр их айлыг удирдаад явчих хүн мөн үү.

М.Энхболд Д.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын суудалд өргөн тавьсан ч том суудалдаа эзэн байх зангараг дутан жил гаруйхны дараа унаад байгаа. Иймээс М.Энхболд хэмээх уулын энгэрээс зүүгдсэн болгон эр бяр, эрдэм мэдлэг хүрэх эсэхээс үл дээшээ дэвшдэг гэсэн ойлголт тасалдсан тохиолдол болсон. Энэ бол сайн жишиг. МАН-д том даргын ивээлд орчихвол толгойтой толгойгүй нь хамаарахгүй ахин дэвжээд улс орны оройд гарчихдаг байдал энэ удаагийн унасан Ерөнхий сайдын жишгээр үгүй болж байгаа юм. Үүнийг ч Ө.Энхтүвшин гишүүн Ерөнхий сайдад өрсөлдөн бага хурал дээрээ өвдөг шроодсоноор баталж өгсөн.

Гэвч намын даргын төлөөх сунгаанд өнөөх л "М.Энхболд даргын” гэх далдгар хаягаар нүүрээ халхавчилсан үр могойн хөврөл нь Д.Хаянхярваа болон өндөлзөж эхэллээ. "М.Энхболд дарга миний ард байгаа” хэмээн таахалзах Хаянхярваагийн эл үйлдэл даргад дулдуйдсан чадваргүй улстөрчийн л арга ядсан эцсийн тоглолт болон харагдаад байна. Хэдий болтол хэн нэгэн даргын арьсаар нүүрээ бүтээсэн үр могойнууд үнэн шударгаар зүтгэн ачааны хүндийг үүрдэг мянга мянган гишүүдийнхээ нуруун дээр гишгэлэн ахисаар арвалзсаар байх вэ.

http://news.amjilt.com/?p=9505

скачать dle 12.0

Санал болгох